
Анх удаагаа нэг хонхорт саяулаа чихцэлдэн аж төрж буй бидэнд хотын соёл, цаг төлөвлөх гээд л бусдаас суралцах зүйлс дэндүү олон. Энэ бүгдээс нэн тэргүүнд цагийн менежментээ сайжруулах нь чухал юм шиг санагддаг юм.
Дэлхий нийтээрээ герман, япончуудыг цагийг ягштал барьдаг ард түмэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ер нь манай гаригийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог “Их 20”-ын орнууд (Энэтхэг, Хятад, Оросыг эс тооцвол шүү дээ) цаг барих тал дээр бүгдээрээ сайн үзүүлэлттэй юм билээ. Өөрөөр хэлбэл хаана завгүй, ажил хэрэг өрнөж байна тэнд их хэмжээний капитал, мөнгө эргэлдэж байна гэсэн үг. Цаг хугацааны алдагдлаас болоод хэдэн зуугаараа дампуурч буй бизнес ч байна, бас цэцэглэн хөгжиж буй нь ч байна. Энэ бол зах зээлийн жам юм Харин олон зүйлээрээ манайхтай төстэй хуучны социалист орнууд болон Дундад Ази, Африкийн орнууд цаг барих талаар хамгийн маруухан нь аж.

Магадгүй та монгол хүний цагийн мэдрэмжгүйг нүүдэлчин удам угсаа, амьдралын хэв маягтай нь холбон тайлбарлах байх л даа. “Жилийн дөрвөн улиралд малаа даган аж төрөх монголчуудад цагийн нарийн хуваарь хэрэггүй байсан”, “Ерөөс монголчууд үдээс өмнө, үдээс хойш гэсэн цагийн хоёрхон баримжаатай”, “Манайхны цаг хугацаанд хандах хандлага нь би явж байна, Бээжин сууж байна гэсэн үгээр илэрдэг” гэх мэт хариултууд хөвөрч өгнө.
Үнэн хэрэг дээрээ нүүдэлчин монголчууд өөрсдийгөө соёлт ертөнцийнхөн хэмээн өргөмжилдөг европчуудаас дутахгүй цагийн соёлтой байсан
Гэвч судлаад үзэхээр яг ч тийм биш бололтой. Үнэн хэрэг дээрээ нүүдэлчин монголчууд өөрсдийгөө соёлт ертөнцийнхөн хэмээн өргөмжилдөг европчуудаас дутахгүй цагийн соёлтой байсан бөгөөд аливаа зан үйлүүдийг тодорхой нэгэн цагт хийж гүйцэтгэдэг байж. Монгол хэлэнд ч гэсэн цаг хугацааг илэрхийлсэн хэлц үг цөөнгүй бий. Тухайлбал нар ханын толгойд тусах, айраг найрын цаг, алга урвуулах агшин, бага үдийн хэр, билгийн нүд нээгдэх цаг, бор гэгээ татах, түрүүчийн од цэцэглэх алд, мал ногоонд цадах үеэр, мичид марал тонгойх, морь эмээллэх зуур, хөх ус хөлдөхийн цаг, шүлэг нойрын цаг, намрын хайлган цаг, нар буцах, нугас ирэх цаг, үүрийн таван жин, намрын сөл тасрах, нарны галтайд... гэх зэргээр өдөр шөнийн, цаг улирлын, бууж мордохын олон хугацааг хэмжсээр иржээ.

Тэгвэл цаг барьдаггүй муу зангаа бид эртнээс биш саяхны он жилүүдээс хайх хэрэгтэй болох нь. Тодруулж хэлбэл ажил хийдүүлэх, биеийн амрыг харах зэрэг сөрөг үзэгдлүүд өнгөрсөн зуунд газар авсан. Социализмын тэгшитгэх бодлогын муу тал нь ажлаа сайн хийсэн ч, муу хийсэн ч нэг л янзын цалин авдагт байв. Энэ нь яваандаа цаг барихгүй байх шалтгааныг бий болгосон байж болох талтай. Ингээд бодохоор гол учир шалтгаан нь нийгэм-эдийн засгийн байдалтай холбоотой. Залхуу ард түмэн гэж байхгүй. Харин залхуурал бий болгодог, цагийг үнэлж сургаагүй нийгмийн тогтолцоо гэж бий. Цагийн мэдрэмж муугаасаа болоод Монголын бөх хэдхэн секунд хамгаалаад дуусчих газар утгагүй алдаа гаргаж, олимпийн алтан медалиа алдаж байсан харамсалтай түүх бий.
Харин үйлдвэрлэл сэргэж, компанийн засаглал тогтож буй орчин үед манайхан бүх юмны гол өрсөлдөгч нь цаг хугацаа юм байна гэдгээ ойлгодог болж
Харин үйлдвэрлэл сэргэж, компанийн засаглал тогтож буй орчин үед манайхан бүх юмны гол өрсөлдөгч нь цаг хугацаа юм байна гэдгээ ойлгодог болж. Тиймээс ажилтнуудаа цаг баримтлах соёлд сургаж, хэвшүүлэх хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр цаг барих, цагийг үнэлж сурах нь монгол хүндээ биш, үндэсний онцлогтоо ч бус зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоондоо байдаг бололтой.
“Би явж байна Бээжин сууж байна” хэмээх сэтгэлгээнээсээ салах цаг болжээ, монголчууд аа!
