
Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, эрчим хүчээ хэмнэх зөв дадалд хэвшүүлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн ирэх сарын 30-ны хооронд дулаалгын аяныг зохион байгуулагдах аян нээлтээ хийлээ.

Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд дулаалгын материал,эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний бүтээгдэхүүнийг иргэдэд хямд үнээр борлуулахаар төлөвлөж байгаа аж.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, дулаан хэмнэлтийн зөв дадалд бүх нийтийг уриалах зорилгоор “Дулаан, эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” уриатай иргэд, олон нийтийн санаачлагыг өрнүүлсэн аяныг нийслэлийн бүх дүүргүүдэд зохион байгуулж байгаа юм байна. Баянгол дүүрэгт 09 сарын 15-ны өдөр Сайхан төвд, Чингэлтэй дүүрэгт 09 сарын 16-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд, Сонгинохайрхан дүүрэгт 09 сарын 17-ны өдөр Дүүргийн талбайд, Баянзүрх дүүрэгт 09 сарын 19-ний өдөр Амгалан төвд, Сүхбаатар дүүрэгт 09 сарын 19-ний өдөр Дамбадаржаа 34-р гал унтаах анги, Хан-Уул дүүргийн 09 сарын 20-ны өдөр Яармагийн 60-р дунд сургуульд болно. Мөн Чингисийн талбайд 09 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Дулаалгын аянд нэгдэж нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн салбарын харъяа агентлагууд өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж байна.

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан аянд гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт, сурталчилгааны нээлттэй өдөрлөгийг нийслэлийн 9 дүүрэг тус бүр дээр зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгийн үеэр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон импортлон оруулж ирдэг 22 компанийг урьж оролцуулан бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, олон нийтэд танилцуулан байжээ.

Иргэд орон гэрээ дулаалж, сайжруулсан зуух хэрэглэснээр хүйтний улиралд нэг өрх 163,900 төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгааг Агаарын чанарын албанаас гаргасан юм байна.

Иймд ард иргэд та бүхнийг орон байрандаа ая тухтай амьдрах нөхцлөө дээшлүүлж барилга, байшингийнхаа дулаан тусгаарлалтыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг ашиглах, байгальд ээлтэй, цэвэр, хэмнэлттэй орчин үеийн дэвшилтэд технологийн халаалтын систем хэрэглэх, эрчим хүчний зарцуулалтыг багасгах, түүний үр ашгийг нь нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриаллаа.






