Нутаг орон уул ус болгон өөрийн гэсэн сүлд дуутай байдаг жишгээр Хэнтий аймгийн Чингис хот ч шинэхэн сүлд дуутай боллоо. Сүлд дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, "Пентатоник" наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав хөгжмий нь бүтээж, МУГЖ, “Чингис хаан” хамтлагын ахлагч Өмнөдэлгэр сумын уугуул Д.Жаргалсайхан, Хэрлэн сумын харьяат залуу дуучин С.Бичүү нар хамтран дуулж, Баянхутаг сумын уугуул уртын дууч, МУГЖ Г.Хонголзул шуранхайлсан байна.
Дууны клипний зураг авалтыг “Эрхэс интертайнмент”, “Lord интертайнмент” продакшнууд хамтран бүтээж байна. Зураг авалтыг Чингис хааны төрж өссөн нутгийн үзэсгэлэнт байгальд болон Чингис хотын төвд авчээ. “Чингис хотын дуулал” сүлд дууны Чингис хааны дүрийг Хэнтий аймгийн музейн ажилтан С.Өнөрбат бүтээж, зураг авалт, найруулгын ажлыг дуусгаад 9-р сарын 20 гэхэд олны хүртээл болгох ажээ. Чингис хотын сүлд дууг Хэнтий аймгийн Засаг дарга болон бусад удирдлагууд ивээн тэтгэж оролцсон байна. Энэ дууг МУГЖ Д.Жаргалсайхан, Г.Хонгорзул, залуу дуучин Бичүү нар хамтран дуулжээ.