m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.12 13:44
1599
Суварга бүтээхийг хамгийн их буянд тооцдог

2014 оны есдүгээр сарын 11-ний өдөр буюу билгийн тооллын намрын эхэн сарын шинийн 18-ны их дүйчин, Дашнямтай билэгт сайн өдөр БЗД-н 20 дугаар хороо Гачууртын Мянган лангийн дэнжид  байрлах "Улаанбаатар Бодь Буян" компанийн "Буяны сүм"-ийн лам хуваргууд эрдэнэт хүмүүний алтан чандар оршсон хоёрдахь суваргаа битүүмжлэн, аравнайлах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж бурхан бологсдын ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь цуглан олон мянган зул өргөж, буян хийн бурхан болоочдынхоо дурсгалыг хүндэтгэсэн.

Манай улс сүүлийн 50 гаруй жил хорвоогоос одсон нэгнээ газарт булж бунхлан оршуулах зан үйлийн дагуу хөдөөлүүлж ирсэн. Энэхүү зан үйлээс болж өдгөө нийслэлийн эргэн тойронд 1000 гаруй га газрыг бурхан болоочид эзэлж байгаа нь нууц биш. Энэ нь нийслэл хотын тэлэх боломжийг хязгаарлан, байгаль орчин, бидний амьдрах орчинд ч муугаар нөлөөлж буй.

Мөн оршуулгаас үүдэлтэйгээр нийслэлийн газар зохион байгуулалт алдагдаж, байгаль орчин бохирдохоос гадна иргэдийн сууршьлын бүстэй хуучин оршуулгын газрууд нь нийлж Улаанбаатарын хүн амын эрүүл таатай орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа нь нийгэмд тулгамдаад буй олон сөрөг үр дагаварын нэг. "Улаанбаатар Бодь Буян" компани 2008 онд дэлхийн жишигт нийцсэн шарил чандарлах Буяны төв цогцолборыг нийслэл хотын зүүн зүгт байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ үйлчилгээ өнөөдөр олон хүнээс талархалын үг сонсгож байна.

Ингээд энэхүү ёслолын үеэр “Буяны сүм”-ийн тэргүүн лам Д.Мэндсайхантай уулзаж, суварга битүүмжлэх зан үйлийн талаар сонирхлоо. 

-Өнөөдрийн буяны арга хэмжээний талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-2014 оны зургадугаар сарын 7-ны өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 9-ны Дашнямтай билэгт сайн өдөр “Буяны сүм”-ийн лам хуврагууд эрдэнэт хүмүүний чандар оршоосон хоёрдахь суварганы зай, шүншгийг хийж битүүмжлэх үйл ажиллагааг хийсэн.

Харин өнөөдөр эрдэнэт хүмүүний чандар оршоох хоёрдугаар суварганы аравнай өргөх ёслол болж байна. Аравнай өргөх ёслол нь бурхан болоочдын чандар оршоож буй суваргыг ар гэрийнхэн нь шүтэж залбирч явахад бодитой болгож байгаа ёслол гэсэн үг.  Бүгдээрээ хийсэн буян цаглашгүй байдаг учраас ар гэрийнхнийг нь суварга битүүмжлэх ёслолд урьж оролцуулдаг учиртай. Өнөөдөр Дашнямтай билигт сайн өдөр учраас энэ өдөр хийсэн буян хэдэн зуу дахин үржинэ.

Эрдэнэт хүмүүний алтан чандарыг оршоосон суваргыг аравнайлах хурал нь бурхны шашны зан үйлийн нарийн дэг жаягийн дагуу явагддаг. Суврагыг шүншиглэхдээ уг суварга дотор хүний эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийг хийдэг. Суварганы гол шүтээн нь “Ганжуур”. Тиймээс гол шүтээн болсон “Ганжуур”-ын 108 боть, Алтангэрэл судар тэргүүтэн, эрдэнэт хүмүүний чандар оршоож буй гэдэг утгаараа хүмүүний хэрэглэдэг таван өнгийн хадаг, идээ ундаа, торго дурдан, хөрөө, сүх, алх, есөн эрдэнэ гээд л хүн нэг насандаа юу хэрэглэдэг тэр бүгд ордог.

-Суварга бүтээхийг хамгийн их буянд тооцдогийн учир юу вэ?

-Суварга бүтээж байгаа нь бурхан болоочийнхоо дараа төрлийг бардын зовлон хийгээд засварын оронд саатахгүйгээр төрөлхтний өндөр сайн төрлийг түргэн олж төрхийн тухайдад бүтээж буй дээдсийн буян юм.

Ийнхүү шүтээн болгож залсанаар ард үлдэж байгаа үр , удам, ах дүү, төрөл садан нь эцэг эхийн газар дээр гурван жилээс нааш ирж болохгүй гэсэн цээр үгүй болно. Ар гэрийнхэн болон сүсэгтэн олон мөргөлөө хийж буян хураах  боломж нээлттэй гэсэн үг.

Ер нь суварга бүтээх нь тухай газрын дэвийг арилгаж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд бүтээж буй их сайн буян гэдгийг санах хэрэгтэй. Суварганд өглөг болгон тахилга өргөх түүнд залбиран тойрч гороолон маань мэгзэмээ хөгжөөсөн хэн боловч цаглашгүй их буяныг хураадаг жамтай.

-Чандарлах нь монголчуудын уламжлалт зан үйл мөн үү?

-Чандарлахыг манайхан огт байгаагүй шинэ зан үйл мэт ойлгодог нь буруу юм. Багш, ихэс дээдэс, хутагт хувилгаадыг гал мандалд өргөн хайлж, чандараар нь эрдэнийн суварга бүтээж, шавилан сууж байсан, хийд, номын газарт нь залж бурханчлан шүтдэг монгол уламжлал бий. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүнийг Са, Чү, Мэ, Лүн буюу шороо, ус, гал, хий махбодийн аль нэгэнд нь оршоодог ёстой. Бурхан болоочийн шарилыг чандарлан эдгээр бие махбодийн алинд нь ч оршоож болно. Манай буяны сүм нь Мэ буюу гал мандалд өргөн хайлж зан үйлийг ном ёсоор хийж гүйцэтгэдэг. Хайлсан чандарыг  улаан, цагаан зандан, тансаг үнэртэн, рашаан, арц хүж тэргүүтнээр ариусган сацлана. Дараа нь Рү чого буюу ясны ном уншиж, равнай өргөн сүншиглэнэ. Бурхадын таалалд нийцсэн шүтээн болгож эрдэнийн суварганд үүрд оршоодог.

-Ярилцсанд баярлалаа.