m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.13 07:14
85
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

Тарваган тахал нь байгалийн голомтот хурц халдварт өвчин. Дэлхий дахинд Африк, Ази, Өмнөд Америкийн зарим орнуудад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж нийгмийн эрүүл мэндэд асуудал үүсгэсээр байна. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт орших бөгөөд одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой энэ нь манай улсын нийт нутаг, дэвсгэрийн 28.3%-ийг эзэлдэг. 

2009-2013 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, энэ сарын байдлаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон. Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан,Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний таван тохиолдол бүртгэгдсэн.

Жил бүрийн долдугаар сарын гурав дахь долоо хоногт орон даяар тарваган тахлын дархлаажуулалтыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулдаг бөгөөд 2014 онд Казакстан улсад үйлдвэрлэгдсэн 30 мянган хүн тун вакциныг Улаанбаатар хотын есөн дүүрэг, 17 аймагт түгээгээд байна.

Энэ сард Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Өвчтөн М, 15 настай, эрэгтэй хүүхэд энэ сарын гурванд тарваганы мах идэж, тарваганы түүхий давсаг залгиснаас хойш эмнэл зүйн шинж илэрч, сумын эмнэлэгт хандсанаар оношилгоо, эмчилгээнд хамрагдаж, сумын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажиллагаа үргэлжилж байна.

Эмнэлзүй шинж тэмдэг, лабораторийн шинжилгээг үндэслэн урьдчилсан байдлаар тарваган тахлын залгиурын хэлбэр гэж үзээд сумын Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорио тогтоож,  найман цэгт 24 цагаар эргүүл гаргасан. Одоогийн байдлаар нэгдүгээр хавьтлын 54 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах, сумын хэмжээнд  хоёрдугаар хавьтлыг илрүүлэх, хяналтад авах ажиллагаанд ЗӨСҮТ-ийн баг бүрэлдэхүүн хамтран ажиллаж байна.

 Өвчтэй тарвага агнах, тарваганы арьс өвчих, мах эвдэх үед арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед, бөөс, бүүргэнд хазуулах, тарваганы түүхий эд (хүн мах, элэг, цөс, давсаг ..г.м )-ийг залгих, махыг түүхий, шүүрхий идэх тохиолдолд, мөн тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс амьсгалын замаар тус тус тарваган тахлын халдвар дамждаг.

Урьдчилан сэргийлэхийн тулд БОНХЯ Сайдын энэ оны тушаалаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрт тарвага агнахыг гурван жилээр хорьсон иймээс аль болох тарвага агнахгүй байх, жил бүр сэргийлэх дархлаажуултад хамрагдах нь зүйтэй.

Тарвага, мэрэгчтэй харьцснаас хойш  зургаан хоногийн дотор өндөр халуурах, булчирхай цочиж томрон эмзэглэх, цээжээр өвдөх, цустай цэр гарах шинж илэрвэл эмчид яаралтай хандаарай.