Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас санаачлан Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Тогтоол гүйцэтгэх газрын дэргэдэх Нэгдсэн эмнэлэг, Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг, Хорих 429 дүгээр анги буюу Сүрьеэгийн төрөлжсөн эмнэлэг, Клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөллийг оролцуулан “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Уг хэлэлцүүлэг нь хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтын болон практик ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хамтран шийдвэрлэх, саналын болон үйл ажиллагааны зөрүүтэй байдлыг нэгтгэн дүгнэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаа юм.
Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Нямгомбо
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд төсөв мөнгөний асуудал хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Санхүүгийн хувьд өнөөдөр хүндрэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгээр 4300 гаруй хүн байнгын буюу олдмол өвчтэй байгаа. 2500 гаруй хүн байнгын үзлэг эмчилгээнд хамрагдаад явж байна.
Төсвөөс зөвхөн эмийн санд жилд 556 сая төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хувиарладаг. Гэтэл эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүстээ хувааж үзэхэд өдөрт 500 гаруй төгрөг ноогдож байх жишээтэй.
-Тоног төхөөрөмжийн санхүүгийн асуудлын хувьд?
-Эмчилгээ үйлчилгээнд хамрагдаж буй хүмүүсийн зайлшгүй оношлогоо, тоног төхөөрөмжийг худалдан авахад ямар ч төсөв, мөнгө хувиарлагддаггүй. Энэ асуудлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй.
-Төсөв, мөнгөнөөс гадна өөр шийдвэрлэвэл зохих ямар асуудал байна?
- Эрх зүйн хүрээнд хүндрэлтэй шийдвэрлэвэл зохих асуудлууд байна. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн сэжигтэн мөн ялтнуудын дунд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой уг харилцааг зохицуулах хэд, хэдэн журам байдаг. Эдгээр журмууд нь хоорондоо зөрчилтэй, хоёрдмол утга агуулгатай, хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй. Дээрээс нь зохицуулагдаагүй олон харилцаа байна.
-Жишээлбэл?
-Өнөөдрийн байлаар ялаас чөлөөлөх, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гээд журам байдаг. Тэрхүү журмын хүрээнд зөвхөн 18 өвчний жагсаалт л орсон байдаг. Ял эдлэхээс хойшлуулах гэсэн харилцаа байдаг. Үүнийг зохицуулах ямар ч журам байхгүй байдаг. Ямар өвчтэй хүнийг ялыг нь хойшлуулж байгаа нь тодорхойгүй байх жишээтэй.
Эрүүл мэндийн даатгалын газрын тусламж үйлчилгээний чанарын хэлтсийн дарга Б.Баярболд
-Хоригдогсод эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдах ёстой юу?
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд зааснаар Монгол Улсын иргэн эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах ёстой. Хорих ял эдэлж байгаа ялтан ч гэсэн эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна гэсэн үг.
-Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хэрхэн хамруулах вэ?
Тухайн хорих анги байгууллага нь хариуцаад эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамруулах ёстой. Ингэснээр хоригдогсод маань хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг авах эрх бий болно гэсэн үг. 2013 оны эцсийн байдлаар давхардсан тоогоор 2400 гаруй хоригдол 232 сая төгрөгний тусламж үйлчилгээг авсан байдаг.
-Тулгамдаж буй асуудлын талаар яривал?
- Гурван жилийн хугацаанд хоригдол нь ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй бол нэг удаагийн урамшууллын үзлэгт хамрагдах эрхтэй байдаг. Хорих ангийн зүгээс энэхүү эрхийг нь баталгаажуулж ажиллах шаардлагатай байгаа юм.
Хэлэлцүүлгээр “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд удирдлага болгох зөвлөмж гарган, хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдээр эмхэтгэл гаргахаар төлөвлөж байна.