m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.15 09:15
733
Тариаланчдад 30,0 мянган тонн зоорь шаардлагатай байна

Энэ оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах төлөвтэй байна

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, түүний бүтээгдэхүүнийг өвлийн хүйтэн, зуны халуунд хамгаалж чадах тогтвортой сэрүүн орчин бүхий ногооны зоорь зайлшгүй шаардлагатай.

Жил болгон саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлин тариаланчдын тарьсан ногоог хаана, юунд хадгалах вэ гэдэг асуудал урган гарч ирдэг. Жаргалант  сумын ногоочин хөрөнгө мөнгө гарган зоорьтой болсноор “Амьдралдаа анх удаа ногооноосоо ашиг олсон” гэсэн юм. Тэрбээр энэ хавар төмсөө кг-ын 700 төгрөгөөр худалдаалсан аж. Тэгэхээр тариаланчдын хувьд зоорьтой болсон тохиолдолд өдөр, шөнөгүй ажилласан хөдөлмөрийн хөлсөө бүрэн авах боломж бүрдэж байгаа юм.

Эзэмшигч, өмчлөгч аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадамжгүй байдал, элеваторын барилга тоног төхөөрөмжийн эвдрэл, тоногдсон болон засварлагдаж байгаа зэрэг бодит шалтгаануудын улмаас Хэнтий аймагт “Буудайн цацал” ХХК-ны 5.5 мянган тн,  Орхон аймгийн хүнсний үйлдвэрийн 3.0 мянган тонн,  Дархан-Уул аймгийн  “Дархан гурил тэжээл” 54.0 мянган тонн элеваторууд бүрэн ашиглагдаж чадахгүй байгаа гэнэ.  Энэ онд улсын хэмжээнд 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан байдлаар 466.6 мянган тонн үр тариа хураан авахаар байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдүүлжээ. Долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхний 15 хоногт нийт нутгаар хур тунадас багассанаас хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байна гэж салбарын сайд хэлж байгаа юм.

Урьдчилсан байдлаар 466.6 мянган тонн үр тариа хураан авахаар байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 

Түүнчлэн энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 404.6 мянган тонн буудай хураан авахаас 2013 оны тариалалтад зориулан 44.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 2.8 мянган тонн, тэжээлд 33.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6,2 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 318.0 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Мөн тариалан эрхлэлтийг дэмжих санд 129.0 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 189.0 мянган тонныг тус тус нийлүүлэх тооцоо гарчээ. Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 10.5 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 328,5 мянган тонн буудайн нөөц бүрдэж байгаа юм.

2013-2014 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах төлөвтэй байгаа юм байна.

 Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 328.6 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2013-2014 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах төлөвтэй байгаа юм байна.

Иргэд “монгол” төмсөө ч танихгүй байна  

Нийслэлийн иргэдийг  хямд  үнэтэй эрүүл хөрсөнд ургуулсан экологийн цэвэр төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Шинэ  ургацын  ногооны худалдаа -2014” нэгдсэн арга хэмжээ үйл ажиллагаагаа өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн таван асар, 19 худалдааны цэгт  үйл ажиллагаагаа  явуулж байгаа билээ.

Энэ жилийн нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө Аж ахуйн газар, Сэлэнгийн төлөө хөгжил сан, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо, Хүнс хөдөө аж ахуйн ассоциаци төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн  Шаамар, Зүүнхараа, Зүүнбүрэн, Цагааннуур, Төв аймгийн Жаргалант, Борнуур сумдын ногоочид шинэ ургацын ногооны дээжээ нийслэлчүүддээ зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байна.

Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн таван асар, 19 худалдааны цэгт  үйл ажиллагаагаа  явуулж байгаа 

Төвлөрсөн худалдааны цэгүүд:

 Сүхбаатар дүүрэг- “Гурван гал” худалдааны төвийн урд задгай талбайд

  Баянзүрх дүүрэг- “Скай” худалдааны төвийн талбайд

  Чингэлтэй дүүрэг- Барилгачдын талбайд

  Сонгинохайрхан дүүрэг-“Цамбагарав” худалдааны төвийн талбайд

  Хан-Уул дүүргийн барилагчдын талбайд тус тус үйл  ажиллагаагаа  явуулж байна.  

Ингээд Сэлэнгийн Зүүн хараагаас ирсэн ногоочин Н.Баярмаатай ярилцлаа.

-Шинэ ургацын ногооны худалдаа хэзээ эхлэв. Ногоо хэр зарагдаж байна вэ?

- Би энд ногоогоо зараад долоо хонож байна. Энэ хугацаанд 25 шуудай төмс зарсан. Энэ маягаар тарьсан ногоогоо худалдаалаад байвал дажгүй санагдсан.

-Сэлэнгэд ургац ямар байна, хураасан ногоогоо хэрхэн хадгалдаг вэ?

-Энэ жил бороо хур элбэгтэй. Ногоо сайн ургасан. Ногоочид бид чинь шинэ ногоогоо муудуулчихгүй худалдахгүй бол зоорьны асуудал маш хүнд. Орон нутгаас ирсэн зарим ногоочидод зөвшөөрөл өгөхгүй байдаг учраас тэд энд тэнд хөөгдөж, гудамжинд ногоогоо худалдаалхаас өөр аргагүй байдаг. Би өнгөрсөн жил зөвшөөрөл авч чадалгүй гудамжинд зарсан, хэцүү юм билээ. Зарим ногоогоо муутгаж байсан.

- Иргэд шинэ ургацын ногоогоо ялгаж байна уу?

-Нийслэлчүүд ерөөсөө монгол ногоогоо, хятад ногооноос ялгаж чадахаа байчихжээ. Харсаар байтал монгол ногоо зарж байхад хятад уу, монгол ногоо юу гэж асуух юм. Харамсалтай нь иргэд төмс ч танихгүй байдалтай болж.

- Ногоогоо хэдэн төгрөгөөр зарж байна вэ?

Хүнсний ногооны хувьд төмс нэг кг нь 800- 900, /38-40 кг-ын шуудаатай нь 10000 /, улаан манжин нэг кг нь 800  /шуудайтай нь 8000 /, шар манжин нэг кг нь 500, байцаа нэг кг нь 500 / шуудайтай нь 10000 төгрөг/, лууван 1000-1200 , өргөст хэмх нэг кг нь 1000-1200 , улаан лооль нэг кг 2500 төгрөгийн үнэтэй байна.

Харамсалтай нь иргэд төмс ч танихгүй байдалтай болж.

Харин Баянгол дүүрэгт байрлах шинэ ургацын худалдаа буюу бөөний цэг дээр өргөн хэрэглээний бүх төрлийн ногоо бүгд байсан юм. Бөөний цэг дээр жижиглэнгээр болоод бөөнөөр худалдааж байв. Энд төмс нэг кг нь 700- 800/ шуудаатайгаар нь авбал 550/, улаан манжин нэг кг нь 1000-800 , шар манжин нэг кг нь 800, байцаа нэг кг нь 500, лууван 700-800, сонгино нэг кг нь 1000 төгрөгийн үнэтэй байлаа. Тус  худалдаанд жил болгон өөрийн тарьсан ногоогоо худалдаалдаг ногоочин Урнаатай цөөн хором ярилцлаа.

-Иргэдийн хувьд ногооны үнэ тогтворгүй байдаг гэх гомдол их гардаг. Энэ талаар ?

Таван тонн зоорь барьхад  гурван сая төгрөг болдог гэж дуулсан.

- Цаг агаарын байдлаас болоод үнийн байдал хэлбэлздэг. Тодруулбал, хураалтын үед саад бэрхшээл гардаг. Иргэд энэ байдлыг мэддэггүй. Түүнчлэн саяхан биднээс нэг сониноос ирээд баахан ногооны үнэ асууж, асууж явсан. Гэтэл хүмүүст үнийн талаар худал мэдээлэл өгсөн байсан.

- Шинэ ногооны үзэсгэлэн худалдаанд хэддэх удаагаа гарч байна вэ?

- Жил болгон гардаг. Өөрийн тарьсан хүнсний ногоогоо борлуулдаг.

-Хураасан ногоогоо хэрхэн хадгалдаг вэ?

-Зарим нэг боломжтой ногоочид хувиараа ногооны зоорь барьдаг юм билээ. Таван тонн зоорь барьхад  гурван сая төгрөг болдог гэж дуулсан. Зарим нь түрээсийн зооринд хийдэг. Бид бол энд худалдаалж байгаад л хадгалах зоорь байхгүй учир ногоогоо “Барс”-ын худалдаачдад бөөний үнээр зардаг. Зоорь бол бидэнд тулгардаг хамгийн гол асуудал.

Тус худалдаанд ихэвчлэн Сэлэнгийн Зүүн хараа, Баруун хараа болон Төв аймгийн Жаргалант сумаас ирсэн ногоочид байлаа.

Хятад ногоог монгол гэх нэрээр худалдаалж байна

Ногоочид  ногоогоо жижиглэнгээс гадна бөөнөөр нь худалдаалах нь элбэг байдаг. Харин  ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр худалдаа хийж байгаа хувь хүмүүсийн худалдаа үзэсгэлэн худалдаагаас их байдаг гэхэл хэлэсдэхгүй. Портер машины ачаан дээр лангуу хийн ногоогоо худалдаална, тэр бүү хэл автобусны буудалын хажууд ногоог төрөл төрлөөр нь нэг өдрийн хоолний ногоог уутанд савлаж зардаг, бөгөөд орон сууцтай ойр байрладаг нь иргэдэд ихэхээн таалагддаг бололтой. Энэ байдал захын дүүргүүдэд элбэг. Гэхдээ иргэд “шинэ ургацын ногоо гээд л баахан газар л байхын бүгд л монгол гэхийн, заримдаа сайн ялгахгүй юм” хэмээн тайлбарлаж байлаа. Сайны хажуугаар саар гэгчээр эх орны хөрсөнд ургасан ногооны хажуугаар хятад ногоог зарим иргэд монгол гэх нэрээр худалдаалж байгаа энэ аж.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 40 мянган тоннын багтаамжтай зоорьтой болсон

Төмс хүнсний ногооны хадгалалт манайд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Уг нь төмс хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо хангах боломж байгаа ч хадгалах зоорь савны хувьд хүрэлцээ хангалтгүй байгаа юм. Үүний улмаас шаардлага хангахгүй орчинд хадгалсанаас үүдэж, муудах чанараа алдах асуудал гарч ирэх нь эхүүхэнд гэж ногоочид ам уралдан хэлж байлаа. Ингээд бид энэ талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн газрын мэргэжилтэн М.Ариунболдоос дараах зүйлсийг тодрууллаа.

Аж ахуйн нэгжүүд 500-100 000 тонн хүртэл багтаамжтай агуулахтай. 

-Зоорины хүрэлцээ ямар байна вэ?

- Яамнаас сүүлийн гурван жилд зоорийн аж ахуйг дэмжиж ажиллаж байгаа. Аж ахуйн нэгжүүд стандартын нөхцөл хангасан зоорь баривал дэмжлэг үзүүлдэг. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд төмс, хүнсний ногооны 40 мянган тоннын багтаамжтай зоорьтой болсон. Харин хүнсний улаанбуудай хадгалах талаар аж ахуйн нэгжийн агуулахад учир дутагдал гардаг.  Аж ахуйн нэгжүүд 500-100 000 тонн хүртэл багтаамжтай агуулахтай. Гэвч эдгээр нь 40-50 жилийн насжилттай хуучирч байна. Яамнаас дэмжлэг үзүүлсний үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 26 мянган тоннын жижиг агуулах нийлүүлсэн. Эдгээр нь 100, 300, 500 тоннын багтаамжтай.

- Зоорины хяналт шалгалтыг хэрхэн явуулдаг вэ?

-Зоорины хяналтыг хүнсний аюулгүй байдал талаас нь мэргэжлийн хяналтын байгууллага явуулдаг. Харин яамнаас өнгөрсөн оны гуравдугаар сараас хөдөө аж ахуй дахь нийт зоорь, үтрэм, агуулахын  тоо бүртгэл,  аттестатчилал явуулсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгах дүрэм журам өөр байдаг. Манайхан норсон, эвдэрсэн, засвар хийх шаардлагатай зоорийг тоолж гаргадаг. Тухайн жилд хураан авах төмс, үр тариагаа хадгалах агуулах ямар байгааг эхэлж бэлддэг гэлээ.

Манай Улсын хэмжээнд 170.3 мянган тонн багтаамжтай 3100 зоорь ашиглаж байгаа юм байна. Байшин сууц, гэрийн дор байрлалтай 300 кг-аас 1.0 тонн хүртэл багтаамжтай гэрийн зоорь, доторлогоогүй нүхэн зооринд 14.0 мянга гаруй тонн ногоо хадгалах боломжтой нэмэлт нөөцтэй аж.

Зоорийг төмс, хүнсний ногоог тус бүрт нь дангаар болон төмс, хүнсний ногоог холимог байдлаар хадгалахаар барьж ашиглаж байгаа юм байна. Сүүлийн хоёр жилд зоорь шинээр барих, сэргээн засварлах иргэн аж ахуйн нэгжид улсын төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлснээр зоорийн багтаамжийг 40.3 мянган тонноор нэмэгдүүлсэн. Цаашдаа 30.0 мянган тоннын зоорь шаардлагатай гэнэ. Манай орны нөхцөлд газрын хөрсний хөлддөггүй гүн, тогтвортой сэрүүнийг ашиглах талаар хийгдэж буй судалгаанаас үзхэд хөрсний 3.2 м гүнд  ХI-VI, VI-II сарын хооронд  2-7 хэм дулаан байгаа нь тохиромжтой нөхцөл билээ. Энэ нь төмс, хүнсний ногоо хадгалах сэрүүн зоорь барих хамгийн тохиромжтой гүн нь 3-4 метр болохыг хэлж өгч байгаа юм.

Манай Улсын хэмжээнд 170.3 мянган тонн багтаамжтай 3100 зоорь ашиглаж байгаа юм байна