m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.16 02:30
253
1024 хүүхэд оюун ухаанаа өрсөлдүүллээ

Өвөрхангай аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын бахархлыг бий болгож, нийтийн хүртээл болгох зорилт тусгагдсаны үндсэн дээр аймгийн ИТХТ-ийн 2014 оны 31 дүгээр тогтоолоор “Шатар” хөтөлбөрийг баталж, шатрын спортыг Өвөрхангайн бахархал болгон зарласан аж.

Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх, хүүхэд багачуудын шатрын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, тэдний амжилтыг эцэг, эх, багш, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор  аймгийн Засаг даргын ивээл дор “Шатар 1024” хүүхдийн наадмыг энэ сарын 13-ны өдөр Арвайхээр хотноо зохион байгууллаа. 

Аймгийн удирдлагууд шатрын эхний нүүдлийг нүүснээр “Шатар-1024” хүүхдийн наадам эхэлсэн юм.

Уг наадмын нээлт Аюуш баатрын талбайд эхэлсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн, Боловсролын газрын дарга Ч.Самбуу-Ёндон, аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, шатрын спортын мастер Ж.Жанцандорж, шатрын спортын ОУ-ын мастер Г.Мөнхгал, 1024 шатарчид болон тэдний багш, дасгалжуулагчид, эцэг, эхчүүд, иргэд, олон нийт оролцлоо. 

Аймгийн удирдлагууд шатрын эхний нүүдлийг нүүснээр “Шатар-1024” хүүхдийн наадам эхэлсэн юм.

Өвөрхангай аймгийн Засаг дарга, аймгийн шатрын холбооны тэргүүн Д.Тогтохсүрэн

-Өвөрхангай аймагт анх удаа 1024 хүүхдийн шатрын тэмцээнийг зохион байгуулж байна. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Монгол Улсын засгийн газраас "Авьяас" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн хувьд хоёр төрөлд ихээхэн ач холбогдол өгч байна. Шатар болон бүжгийн төрлийг дэмжиж байна. Уг хөтөлбөрийн дагуу "Шатар-1024" хүүхдийн наадмыг зохион байгуулж байна.

-Уг тэмцээнийг зохион байгуулж буй шалтгаан нь юу вэ?

-Шатар тоглодог сонирхдог хүүхдийн тоог нэмэгдүүлэх, ур чадварыг сайжруулах мөн шатрыг бүх нийтийн үйл хэрэг болгох зорилготой.

-Шатрын спортыг хөгжүүлэх тал дээр ямар, ямар үйл ажиллагааг явуулж байна вэ?

-Аймгийнхаа хэмжээнд 100 орчим шатрын багш бэлтгэсэн. Одоогийн байдлаар 5000 орчим хүүхэд шатарт суралцаж байгаа бол цаашдаа 15000 мянга орчим хүүхдийг шатар тоглодог болгох бодолтой байна. Шатрын спортоор манай аймаг улсын хэмжээнд тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа. Монгол улсын номер нэг шатарчин, Дэлхийн шатрын их мастер Б.Гүндаваа, дөрвөн номерын шатарчин, Дэлхийн шатрын олон улсын мастер Г.Мөнхгал гээд олон сайн шатарчид манай аймгаас төрөн гарсан.

Дэлхийн шатрын их мастер Б.Гүндаваа, Дэлхийн шатрын олон улсын мастер Г.Мөнхгал гээд олон сайн шатарчид манай аймгаас төрөн гарсан.

Цаашдаа олон улс, тив дэлхийн тэмцээнд амжилт гаргадаг тамирчдыг бэлдэх зорилготой байна.

Аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, шатрын спортын мастер Ж.Жанцандорж

Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг биелүүлэх, шатрыг бүх нийтийн спорт, боловсролын бахархал болгох зорилгоор “Шатар-1024” хүүхдийн наадмыг зохион байгуулж байна.

Өвөрхангай аймагт шатрын спортыг түлхүү хөгжүүлэх зорилгоор нилээдгүй ажлыг зохион байгуулж байна. Шатрын дугуйлан секцийг олшруулах, тогтмол хичээллүүлэх, Монголын шатрын холбоотой хамтран шатрын багш, дасгалжуулагчийг бэлдсэн.

-Шатрын тэмцээн хэр их зохион байгуулдаг вэ?

-Аймгаа найман бүс болгон хувааж бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Бүсээс шалгарсан хүүхдүүд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ олж авдаг.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэр их амжилттай оролцож байна вэ?

-2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд долоон хүүхэд, 2014 оны улсын аваргад зургаан хүүхэд оролцсон. Өвөрхангай аймгаас улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн 70 орчим хувь нь насны ангилал бүрдээ 50 хувиас илүү амжилт үзүүлдэг. Энэ бол бидний хувьд багагүй амжилт. 

Тэмцээнд 28 сургуулиас 1024 шатарчин хүүхэд оролцсон бөгөөд, найм хүртэлх, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 гэсэн насны ангиллаар өрсөлдөж, оюун ухааны тулаанд хүчээ сорьцгоолоо. Тэмцээний тоглолтууд ерөнхий боловсролын нэг, хоёр, Мэргэд сургуулиудад явагдаж аваргуудаа тодруулсан юм. 

Зургаан насны ангилал бүрээс 64 хүүхэд шигшээ тоглолтонд шалгарсан. Шигшээ тоглолтыг бөхчилсөн журмаар зохион байгуулж, шилдэг наймд Баруунбаян-Улаан сумын Э.Энхманлай, Арвайхээр сумын С.Лхагвадолгор, Баруунбаян-Улаан сумын Э.Загарзүсэм, Баруунбаян-Улаан сумын Т.Лундаа, Баруунбаян-Улаан сумын Э.Наранхүү, Арвайхээр сумын А.Дөлгөөн, Бат-Өлзий сумын Б.Доржренчин, Бат-Өлзий сумын н.Отгонсүрэн нар шалгарсан юм.

Шигшээ тоглолт сонирхолтой, өрсөлдөөнтэй болж, үзэгчид, шүүгчдийн сэтгэлийг догдлуулсны эцэст шилдгийн, шилдэг шатарчнаар Бат-Өлзий сумын 15 настай Б.Доржренчин хүү тодорлоо. 

Шатрын спортыг “Өвөрхангайн бахархал” болгон хөгжүүлэхэд хүүхдүүдийн авъяас, чадвар, итгэл үнэмшил, дур сонирхол өндөр байгааг аймгийн олон мянган шатарчин хүүхдүүдийн төлөөлөл болж онч, мэргэн нүүдлээрээ өрсөлдсөн 1024 хүүхдийн тоглолтоос харагдаж байна хэмээн наадмыг зохион байгуулагчид болон багш, дасгалжуулагчдын зүгээс дүгнэж байна. 

"Шатар-1024" наадмын шилдгийн шилдэг шатарчин Б.Доржренчин

-Шилдгийн шилдэг шатарчнаар шалгарлаа. Баяр хүргэе?

-"Шатар-1024" хүүхдийн наадамд амжилттай оролцож шилдгийн шилдэг шатарчнаар шалгарсандаа баяртай байна. Шатрын спортоор хичээллэх урам зоригийг хайрласан багш дасгалжуулагч, аав ээж, намайг тусалж дэмждэг бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Аваргын төлөөх тоглолт их өрсөлдөөнтэй боллоо шүү дээ?

-Аваргын төлөөх тулаанд шинэ залуу тамирчинтай таарч тоглолоо. Тоглолтын турш тэнцүүхэн өрсөлдөж байгаад цаг дуусах мөчид ялалт байгуулж чадлаа. Урьд нь бүсийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагаараа илүү байж хожлоо.

-Шатрын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

- Шатрын спортоор ес дэх жилдээ хичээллэж байна.

-Өмнө нь гаргаж байсан амжилтаасаа дурдвал?

Аймгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрыг алдаж үзээгүй. Бүсийн тэмцээнд тусгай байр эзэлж байсан. 

Баруунбаян-Улаан сумын шатарчин Т.Лундаа

-Амжилттай тоглож хоёрдугаар байранд шалгарлаа. Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?

-Баярлалаа. "Шатар-1024" тэмцээнд оролцож хоёрдугаар байрт шалгарлаа. Өрсөлдөгчид бүгд их хүчтэй байлаа.

-Аваргын төлөөх тоглолт дээр яагаад ялагдал хүлээсэн гэж бодож байна? 

-Аваргын төлөөх тоглолт дээр цагандаа баригдаад, нүүдлээ харж чадалгүй буруу нүүгээд ялагдал хүлээлээ. 

-Шатрын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-Шатрын спортоор тав дахь жилдээ хичээллэж байна.