m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.16 02:42
743
Хүүхдээ хэрхэн бор хоолонд оруулах вэ

Хүүхдийг 6 сар хүрэхээс өмнөх хугацаанд эхийн сүүнээс өөр хүнс өгч болохгүй. Учир нь хүүхдийн ходоод бэлтгэгдээгүй байдаг учраас үүнээс өмнө бор хоолонд орсноор ходоод, гэдэсний хямралтай, өвчлөлтэй болох эрсдэл өндөр юм.

Бяцхан үрс маань цаг, минутаар өссөөр нэг л мэдэхэд 6 сар хүрчихнэ. Тэдэнд маань эхийн сүүнээс гадна мах, ногоо, жимс зэрэг бусад амин дэмүүд шаардлагатай болж эхэлнэ. Тэгэхээр энэ цаг үед тэднийгээ бид хэрхэн эдгээр хоол хүнсэнд зөв оруулж, дасгах вэ. Үүнийг эцэг эхчүүд бид хүүхдийг бор хоолонд оруулах гэж нэрлэдэг. Бор хоолонд оруулахад анхаарах хэд хэдэн зүйл бий. 

-Бор хоолонд оруулахдаа аажим аажмаар дасгах замаар хүүхдийг хооллох. Юун түрүүнд ээжүүд маань гэртээ аяганд тараг бүрэх нь хамгийн энгийн арга юм. Бор хоолонд орох гэж буй хүүхдэдээ эхний 14 хоногт гэртээ бүрсэн, шинэхэн тараг өгөх нь хамгийн эрүүл эхлэл болно. Эхний өдөр нэг халбага, дараагийн өдөр хоёр халбага, нөгөөдөр нь 3 халбага гэх зэргээр бяцхан хүүхдийнхээ ходоодыг шинэхэн хоол хүнсэнд аажим аажмаар яаралгүй дасгаарай. Ингэвэл ходоод гэдэс нь хямрах нь бага байдаг. 

-Хүүхдэд үргэлж шинэ хоол өгөх хэрэгтэй. Халаасан болон хоносон хоол хэрхэвч өгч болохгүй. Тиймээс хооллолт бүрт ээж нь өөрийн гараар шинэхэн хоол бэлдэж өгөөрэй. Өдөрт 3-4 удаа бага багаар хооллоход хангалттай. 

-Зутан шөл, бантан, тараг, нухаш зэргийг сайтар бэлтгэх хэрэгтэй. Эдгээрийг ээжүүд маань гэртээ хийж, аль болохоор дэлгүүрийн, импортын, лангуун дээр удсан хүнсийг хүүхдэдээ өгөхгүй байх нь эрүүл бойжуулах хамгийн чухал арга юм шүү