m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.17 07:10
152
Алтан соёмбон дээр таван хошуу байршуулсан нь хэний буруу вэ

Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн монгол хэлний сурах бичигт Монгол улсын төрийн бэлгэ тэмдэг болох соёмбыг буруу, алдаатай хэвлэж гаргасан нь өнөөдөр сошиал ертөнцөөр нэлээд шуугиан тариад байна. Энэхүү сурах бичигт соёмбын дээрх бадамласан галын дүрсний оронд таван хошууг дүрсэлсэн нь маш том алдаа болсон бөгөөд номыг бүтээхэд Б.Пүрэв-Очир, М.Бадамрагчаа, А.Цог-Очир, Ш.Баттөгс, Д.Эрдэнэсан, Б.Цасанчимэг, Д.Оюун, Д.Наранцэцэг гэх мэт найман хүний гар бие оролцсон ч боловсруулах, бэлтгэх, хянах, хэвлэх аль ч шатандаа дээрх алдааг олж хараагүй аж.  БШУЯ-аас тус сурах бичгийг хянасан хүмүүст хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдлээ.

Ер нь сүүлийн үед дунд сургуулийн сурах бичиг үг, үсэг, дүрэм, найруулгын хувьд алдаа ихтэй, агуулга нь ойлгомжгүй, буруу буюу тохиромжгүй дүрслэл ихтэй байгаа талаар олон жил ярьж бичиж байгаа ч төдийлөн арга хэмжээ авахгүй байгаа нь энэхүү үйлдлээс харагдаж байна. Үүний өмнө мөн долдугаар ангийн сурах бичигт БНМАУ-ын төрийн далбааг одоогийнх мэтээр тайлбарлан тавьсан байсныг дахин засварлаж шинэчлэн хэвлэж байжээ. 

Ялангуяа бага ангийн сурагчдын сурах бичиг илүү их зурган мэдээлэлтэй байдаг бөгөөд тэнд дүрсэлж, жишээ авсан байдал нь сурагчдад буруу мэдээлэл өгөх боломжтой ба үүний нэг жишээ нь тооны хичээлийн дасгал ажил нь мөрийтэй тоглоомын аргаар бодох илэрхийлэлтэй байгаа нь өөр жишээ авах арга хэлбэр байгаагүй юмуу, эсвэл номын зохиогч нарын мэдлэг, оюуны хэмжээ үүнээс илүү гарахгүй байна уу гэх шүүмжлэлийг дагуулсаар байна.