m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 03:07
1001
Засагт багтсан 16 яамыг ес болгох хувилбар яригдаж байна

Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудал энэ өдрүүдэд хамгийн халуун сэдэв байгаа. Зөвхөн сайд нарын халаа сэлгээ төдийгүй Засгийн газрын бүтцийг өөрчлөнө гэсэн хариуцлагатай мэдэгдлийн дараа 16 яам, 19 сайдын хувь заяа хэрхэх бол гэсэн таамаг олон хувилбараар яригдаж буй.

Олон нийтийн анхаарлыг татаж буй уг асуудлаар  Ерөнхий сайд хуралдаан зарлаж,  яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг Төрийн ордонд цуглуулсан. Хэдийгээр хаалттай хуралдсан ч энэ үеэр Засгийн газрын шинэ бүтцийн асуудлыг ярилцаж, танхимын шинэ бүрэлдэхүүнээ товлосон гэх сураг чих дэлсэж буй.

Шинэчлэлийн Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж, есөн яамтай болох бөгөөд Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг оролцуулан 11 сайдтай болох гэнэ.

Засгийн газрын шинэчилсэн бүтэц бүрэлдэхүүнд Шадар сайдын алба багтаагүй байх юм. Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Зам тээврийн яам гээд нийт найман яамыг татан буулгахаар төлөвлөжээ. Хууль зүй болон Гадаад харилцаа, Батлан хамгаалах яам хэвээр үлдэх бололтой. Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнд багтаагүй Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны эрхлэх асуудлыг бусад яаманд хуваан шилжүүлж, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Зам тээврийн яамдыг нэгтгэн Дэд бүтцийн яам болгон шинэчлэх ажээ.

Харин 16 яамны сайдын хэн нь Засгийн газрын танхимын шинэ бүрэлдэхүүнд үлдэж, сайдын алба хаших нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн өөрчлөлт төдийгүй сайд нарын асуудлыг ч УИХ-ын намрын чуулганд өргөн барина гэдгээ мэдэгдсэн.

Барилга хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Зам тээврийн яамдыг нэгтгэн Дэд бүтцийн яам болгон шинэчлэх ажээ.

 

Тиймээс сайд нар хөдөлгөөнд орох нь гарцаагүй болж байгаа юм. Тухайлбал, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны эрхлэх асуудлыг Боловсролын яам болон Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд тус тус хуваарилсан. Тэгэхээр яам нь хоёр хэсэгт хуваагдсан Ц.Оюунгэрэл сайдад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аль нэгийг нь толгойлох боломж үүсч байгаа гэсэн үг. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг Эрүүл мэндийн яаманд нэгтгэж, Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын яам болгох бол С.Эрдэнэ болон Н.Удвал сайдын аль нь үлдэх вэ гэдэг бас л асуулт хэвээр байгаа юм.

 

Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтэцийн яам болгон нэгтгэх сурагтай. Тэгвэл М.Сономпил, Я.Санжмятав, А.Гансүх нарын хэн нь шинэ яамны сайдаар томилогдох бол?

 

С.Эрдэнэ болон Н.Удвал сайдын аль нь үлдэх вэ гэдэг бас л асуулт хэвээр байгаа юм.

 

Уул уурхайн яамны эрхлэх асуудлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд шилжүүлсэн. Тиймээс Д.Ганхуяг болон Ш.Түвдэндорж сайдын нэг нь л тус яамыг удирдана. Харин хэн нь вэ гэдэг нь ирэх намрын чуулганаар тодорхой болох юм.

УИХ-ын намрын нэгдсэн чуулган эхлэхэд хоёр долоо хоног дутуу байгаа. Үрэлгэн, данхар бүтэцтэй гэгдэх Шинэчлэлийн Засгийн газар 14 хоногийн дараа шинэчлэгдэж, сайдын халаа сэлгээ шийдэгдэнэ.  

Г.Энхтуяа