Хүрд эргүүлэх ёсон: Хүрдний гарал үүслийг хоёр янзын хувилбараар тайлсан байдаг. Хүрдний увидас дамжлагыг Бурхан багш Дигадинаад соёрхсон байна. Хүрдний увидас дамжлагыг залгамжлан аваад хүрдийг ханашгүй огоот эргүүлсэнээр сав лугаа төгс шавийг зүүн өмнөд Энэтхэг, Үржин, Кашмер, Балба, Төвд, Хятад тэргүүтэн орон бүхэнд эрэн хайвч олдоогүй тул тэр дамжлага увидасаа лусын оронд очиж лусуудад хайрлажээ. Лусууд хүрдийг эрхэмлэн шүтэж шүтээний дээд болгон тахиж эргүүлсээр байв. Үүнээс олон жилийн дараа Нагаржуна богдод Хоншим бодьсадва соёрхсоны дагуу лусын оронд морилон хүрдний увидасыг залж ирээд өөрийн өргөө байшингийн оройд салхин хүрд, гэрт гадаа гараар эргүүлдэг хүрдийг олныг байгуулжээ.
Хүрд эргүүлэх үесийн Бодол бясалгал нь. Хүрд эргүүлэхийн зоригдол нь гэрэл цацарсанаар амьтан бүгд бээр нисванисын үйл хийгээд зовлон ба зургаан зүйл амьтны авъяас бүгд дарагдан ариусах болов оо гэж бодох ба увидас үүн лүгээ учрах болсоноор өөр бусад амьтан бүгдийг орчлонгийн уг болсон шалтгаан үр хийгээд нисванисын үйлийн түйтгэр зовлон бүхэн хоцроолгүй арилан гэтлэх болно. Орчлонгийн угийг тайлсан нь хүрд мөн хэмээн шамдал ихээр анхааран авагтун. Бүтээхүй ойр дор эргэлзээгүй болой гэж сэтгэлийн нэгэн үзүүрт буцалтгүй сүсгээр хамаг амьтны тусын тулд гэсэн санаагаар эргүүлдэг байна.
Бодол бясалгалын тус эрдэм нь: Зоригдол лугаа бат сэтгэлээр мөрийн зул хүрд үүнийг нэгэн удаа эргүүлсэний тус эрдэм нь таринаас гэрэл цацарсанаар амьтан нугууд өөрийн сэтгэлд төрөөд өглөг тэргүүнтэн зургаан барамид төгсгөөд машид баясхуйгаас эхлээд арван номыг хүртэлх таван мөр, арван газар огоот төгсгөж үрийн гурван лагшин таван билэг билгүүн өөрөө бүтэж бурхныг олох болно. Огторгуйд хүрд уул мэт жигдэрч, гэгээ засвар дор нигүүлсэхүйн цахилгаан гялбалзаж, газарт адис хур мэт бууж, шавийн сэтгэлд үр жимс боловсрох болно.
Хүрдийг эргүүлсний тус эрдэм: Их номын хүрд энэ нь увидас бусдаас ялгамжтай үлэмж ихтэй ба хүрдний тус эрдмийг мэдэхгүйгээр увидас бусдад аврал одуулах нь: Үлгэрлэвээс: сохор хүнээр манаа мануулсан лугаа хэрэг тэр бүтэх нь хаанаас байхав дээ. Мэдлэг бага дор ажил үйлдвэр олныг үйлдэх нь: Үлгэрлэвээс: хөгшин илжиг шаварт шигдсэн лугаа адил тийм учраас хүрдний тус эрдэм увидас ихтэй болохыг “Додэ бадгар” сударт айлдсан байна
Хүрдийг буруу шүтэхийн гэм: Хүрдийг хазгай мурий эргүүлвээс галзуу болно. Хөндлөн эргүүлвээс бөгтөр төрнө. Толгой сүүлийг нь хольж сольвоос тахир доголон болно гэдэг.