Бильярд нь XIX зууны дунд үеэс, Энэтхэгт байрлаж байсан Их Британийн армийн офицеруудын дунд үүссэн бөгөөд үүний дараахнаас өөр өөрийн онцлог дүрэмтэй бильярдын төрлийн тоглоомууд түгэн дэлгэрчээ. Тэдний нэг нь снукер бильярд юм. Снукер нь эхэндээ өөрийн “эцэг” болох бильярдын ширээ ашиглан тоглодог олон төрлийн тоглоомын нийлсэн хувилбар байв. Тэдгээр тоглоомууд нь бильярдыг бодвол нэлээд олон хүнийг хамруулан тоглодгоороо давуу байжээ.
Снукерийн хамгийн анхны хувилбар “пирамид” хэмээх тоглоомыг 15 улаан бөмбөгийг гурвалжин хэлбэрээс цохиж тоглодог байсан. Тоглогч улаан бөмбөгийг оруулах тутамд эсрэг талын тоглогч бооцоогоо алдах дүрэмтэй. Пүүл бильярдын анхны хувилбар нь тоглогч бүр “амин” буюу цохиур бөмбөгүүдийг хуваарилан авах бөгөөд эхний тоглогчийн амин бөмбөг дараагийн тоглогчийн цохиур бөмбөг болох хувилбараар үргэлжилдэг байв. Блэк пүүл нь хар өнгөтэй бөмбөг нэмж тоглодог ба тоглогч өөрийн бөмбөгнүүдийг оруулж дуусмагц хар бөмбөгийг оруулах ёстой. Алдарт Жой Дейвис яг ийм төрлийн пинк пүүл бильярдаар тоглож идэр насаа өнгөрөөжээ. Блэк пүүл нь 1875 онд Жюббиллурдэд байрлаж байсан Девонсын хорооны офицеруудын хамгийн дуртай тоглоом байжээ.
Хожим нь хурандаа Невилл Чемберлин хэмээн алдаршсан залуу бага дарга 15 улаан, шар, ногоон, ягаан, хар бөмбөг бүхий бильярдын анхны хувилбарыг санаачилснаар снукер бильярд үүссэн түүхтэй. Эдгээр шинэ өнгийн бөмбөгнүүд өөрийн гэсэн үнэлгээтэй байсан тул мөрийтэй тоглогчид ихэд сонирхон тоглох болсон. 1938 онд Невилл Чемберлин зохиолч Комптон Маккензид ярилцлага өгч, нэгэн түүхийг эргэн дурсахдаа “Цэргийн академид нэгдүгээр ангийн сонсогчийг “neux” буюу “жулдрай” гэж нэрлэдэг байсан. Сонсогч нар францаар “Снукс” хэмээн ташаа дууддаг байж билээ. Нэг удаа хамт тоглож байсан нөхөр маань булангийн аманд ойрхон байсан бөмбөгийг алдаж цохиход нь би санамсаргүй “Чи ч жинхэнэ снукер юм даа” гээд хэлчихсэн. Үнэндээ түүнийг жулдрай гэж дооглох гэсэн маань тэр байлаа. Бид бильярд тоглохдоо түүний хэлсэнчлэн “снукерүүд” байсан тул энэхүү тоглоомыг “снукер” гэж нэрлэе гэсэн санааг би анх гаргахад бусад маань ч дэмжиж тэр үеэс снукер гэж нэрлэх болсон юм” хэмээн хуучилжээ.
Хошууч генерал Уотсон, Жон Уильямс, Уолтер Лоренс, Фелдмаршал Лорд Бердвуд зэрэг тухайн үеийн цэргийн өндөр албан тушаалтнууд Невилл Чемберлиний санааг хүлээн зөвшөөрч, снукер хэмээх тоглоомыг дэмжиж байжээ. Тэрээр Отакамунд дахь уулын хуаранд ирж, “Ооти” клубт снукер бильярдын шинэ төрлийг нэвтрүүлж өнөөгийн бидний тоглодог снукер бильярдын шинэ дүрмийн үндэс тавигдсан гэж үздэг.
Снукерийн ширээ
Тэгш өнцөгт хэлбэртэй, дөрвөн булан болон урт талын голд нэг нэг, нийт зургаан нүхтэй байдаг. Ширээ нь ихэвчлэн чулуун тавцантай бөгөөд ногоон өнгийн цэмбээр бүрсэн байдаг. Ширээний аль нэг богино талаас 737 мм зайтай шугам байрлана. Энэ шугамын ард 292 мм радиустай хагас тойрог шугамны яг голд зурагдсан байна.
Стандарт ширээ 3.7м х 1.8м хэмжээтэй. Харин өндөр нь шалнаас дээд ирмэг хүртэл 851мм – 876 мм байна. Стандарт ширээ том хэмжээтэй учир гэрийн, паб болон бусад газруудад зориулагдсан жижиг ширээ элбэг байдаг.
Снукерийн бөмбөг
Снукерын хөгжлийн эхэн үед буюу 1920-иод онд бөмбөгийг зааны ясаар хийдэг байсан бол орчин үед гөлгөр гадаргуутай бөмбөгүүдийг фенол карбоны хүчлийн давирхайгаар хийх болсон. Энэхүү бодисыг шингэн хэлбэрт оруулж хэв рүү цутган, дараа нь гадаргууг өнгөлөх аргаар хийгддэг. Хэмжээний хувьд пүүл бильярдынхаас жижиг бөгөөд стандарт хэмжээ нь 52.5 мм диаметртай байдаг. Нийт 15 ширхэг байх улаан бөмбөгөнд тус бүр 1 оноо өгдөг бол, шард 2, ногоонд 3, борд 4, хөхөд 5, ягаанд 6, хард 7 оноо тус тус өгдөг.
Тоглолтын зорилго
Цагаан цохиур бөмбөг болон цохиурыг ашиглан бусад бөмбөгийг зургаан нүхний аль нэгэнд оруулах. Гэхдээ доор дурдах дүрмийн дагуу тоглоно. Тухайн бай бөмбөг нүхэнд орсноор оноо тоологдоно. Хамгийн өндөр оноо авсан тоглогч тухайн өргийн хожигч болно. Хамгийн олон өрөгт хожсон тоглогч тоглолтын ялагч болно.
Тоглох дүрэм
Тоглолт нь ихэвчлэн сондгой тоотой өргүүдээс бүрдэнэ (5, 7, 9 гэх мэт мэргэжлийн тэмцээнд 37 хүртэлх өрөг тоглогддог). Өрөг нь дараах тохиолдлуудад дуусна.
Харин тоглолт нь хэн нэгэн тоглогч заасан өргийн тооны талаас илүүг авснаар дуусна (учир нь өргийн тоо сондгой байдаг. Жишээ нь 19 өрөг тогловол хэн нэг нь 10 хожсон үед тоглолт дуусна).