Монголын хөгжмийн урлаг тэр дундаа мэргэжлийн урлагийн байгуулагуудын түвшинд өндөрөөр үнэлэгдэх томоохон хэмжээний дэлхийн cор бүтээлүүдээс бүрдсэн “Classica Paradiso” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан энэ сарын 25-нд Улсын филармонийн тайзнаа тоглох гэж байгаа юм. Ингээд түүнтэй ярилцлаа.
- Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
- Намайг Мөнхсайханы Хулан гэдэг. Одоо 24настай. 1997-2009 онд хөгжим бүжгийн коллежид, таван жил Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургуульд суралцаад баклавр, магистрийн зэрэгтэй төгссөн.
-Хийл хөгжмийг сонгодог хөгжмийн хатан хаан гэдэг. Яагаад энэ л хөгжмийг сонгон тоглох болов?
-Ээж минь урлагт маш их хайртай хүн л дээ. Тэр дундаа балет, сонгодог хөгжим, хийл, төгөлдөр хуурт бүр илүү дуртай.
Миний хувьд ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж энэ мэргэжлийг эзэмшсэн гэж хэлхэд бараг болно. Багадаа балетчин болох мөрөөдөл нь биелээгүй болохоор ээж минь намайг ямар нэгэн урлагийн мэргэжилтэй хүн болоосой гэж хүсээд хөгжим бүжигт шалгуулсан гэдэг. Тэгээд би хийлийн ангид тэнцсэн. Тэр үед хийлч гэдэг ээжийн минь сонгосон мэргэжил байсан ч гэлээ одоо бол би энэ мэргэжилдээ үнэхээр их хайртай. Өөрийгөө өөр мэргэжилтэйгээр төсөөлж чаддаггүй юм.
Хийл хөгжмийн хэмнэл хөг аяз мөн чанар нь хүний сэтгэлийг уяраан догдлуулж хүмүүсийг холбож чадах увидастай.
-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?
-Өө манай гэр бүлд тийм хүн байхгүй. Гэрээсээ ганцаараа л урлагт орсон хүн дээ би.
-Тоглолт чинь хэдхэн хоногийн дараа болох юм байна. Энэ талаар?
- Тоглолтын хөгжмийн найруулагч продюсераар төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч, удирдаач Б.Анар ажиллаж байгаа. “Classica Paradiso” тоглолт маань олонд танигдсан Дэлхийн алдартай хийлийн концерт, киноны хөгжмүүд болон аяз зохиол бүтээлүүдээс бүрдэх бөгөөд монголын болон дэлхийн мэргэжлийн хийлчдийн ур чадварыг шаардсан тэр дундаа олон улсын томоохон тэмцээн болох П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны зайлшгүй программын зохиолуудаас орж, дэлхийн алдарт хийлчид болох Jascha Heifetz, Nathan Milshtein, Itzhak Perlman нарын бүтээж туурвиж байсан хийлийн ховор нандин найруулга бүхий бүтээлүүдээс тоглогдож байгаа гэдгээрээ мөн онцлог.
- Анхны юм бүхэн сэтгэл их хөдөлгөдөг шүү дээ?
- Тэгэлгүй яахав. Сэтгэл маш их хөдөлж, догдолж бас эмээж л байна. Анхны бие даасан тоглолтоо хийж байгаадаа сэтгэл маш өндөр байгаа. Бие даасан тоглолт хийнэ гэдэг их хэцүү байдаг юм байна. Б.Анар ах хажууд минь байж тусалж, дэмжиж байгаа болохоор их түшигтэй байгаа. Төгөлдөр хуур хамтарч тоглоод тоглолтыг удирдаж байгаад нь баярлаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна. Улсын филармонийн симфони хөгжимчиддөө ч бас баярлалаа гэдгээ хэлмээр байна. Тоглолтонд орж байгаа зохиолууд хөгжимчдөд ч их таалагдаж байгаа нь өөрт минь мэдрэгддэг.
-Тоглолтонд ямар зохиолууд тоглогдох бол?
-60-70 хувь нь миний шалгалтын том программууд байгаа. Үлдсэн хувь нь ард түмэнд хандсан тэдний чихэнд хоногшсон аялгуунууд. Хүмүүс сүүлийн үед сонгодог хөгжмийг киногоор дамжуулж их мэддэг болсон. Америкийн алдарт хийлч Itzhak Perlman –ны найруулгаар хийгдсэн алдарт гурван киноны хөгжмийг албан ёсны эрхтэй нь анх удаа тоглох гэж байна.
Эгч маань Америк, Германаас энэ маш ховор ноотуудыг олж өгсөн юм. Олон сарын өмнөөс бэлтгэсэн. Энэ нь тоглолтын бас нэг онцлог болох юм. Тоглолт 60-70 минут үргэлжлэх байх. Маш их мэдрэмж, дуугаралттай байх болно. Оросын сонгодог үеийн эх үүсвэртэй орчинг мэдэрч сонсоно. Мөн Германы романтик үеийн хөгжмийн зохиолчдын аялгуу мэдрэгдэнэ. Америкийн 20-р зууны эхэн үе буюу алтан үеийн Холливуудын хөгжмүүдийг мундаг хийлчид хөрвүүлсэн хөрвүүлгүүдийг ч сонсох болно.
-Тоглолтын нэрний тухайд?
- “Classica Paradiso” гээд Итали үгнүүд л дээ. Мөрөөдлийн сонгодог гэж байгаа. Яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр ерөөсөө хийл хөгжим Итали улсаас гаралтай, хөгжмийн бүх нэр томьёо нь Итали хэл дээр явагддаг юм. Ер нь сонгодог хөгжмийн үүсэл Италиас гаралтай болохоор Италиар нэрээ өгсөн. Мөрөөдөл гэдэг чинь өөрөө их гоё үг шүү дээ.
-Санкт-Петербургийн урлагийн сургуульд хэрхэн орж байв. Хэр баргийн хүн тэнцдэггүй гэдэг?
- Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байх хугацаанд Путины нэрэмжит тэтгэлэг гэж явагддаг байсан. Тэр нь урлагийн чиглэлд бас бусад мэргэжлээр ч байдаг юм билээ. Тухайн үед манай сургуулиас нэлээд хэдэн хүүхэд шалгуулж байсан. Би тэдэн дундаасаа тэтгэлэгт нь тэнцээд урилга авсан юм. Путины тэтгэлгээр Орост сурсан. Санкт-Петербургийн сургууль маань ОХУ-ын анхны хөгжмийн дээд сургууль, эзэн хаант үеэсээ буюу 153 жилийн түүхтэй. Анхдагч хамгийн том сургууль нь юм.
-Хийл хөгжмөө тоглож байхдаа чухам юуг мэдэрдэг вэ?
-Мэдээж маш гоё байдаг. Хэрвээ тэр тоглож байгаа зохиолдоо орж чадвал өдөр тутмын амьдралаасаа холдож, шал өөр ертөнцөд оччихсон юм шиг л болдог. Зохиолдоо гол нь орж тоглосноор л хөгжмөө амьдруулж чаддаг. Яг хийлээ тоглож байх явцдаа зөвхөн хөгжмийнхөө тухай л боддог. Ер нь үгээр хэлэхийн аргагүй л мэдрэмж төрнө дөө.
-Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд хичээл ихтэй их хэцүү байдаг гэдэг. Бага насны дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Сонгосон мэргэжлээрээ ирээдүйд ажил хийж, хоолоо олж идэх учраас бид нар багаасаа маш их давтах ёстой байдаг.
Би өдөрт доод тал нь 4-5 цаг хийл хөгжмөө давтдаг байсан. Хичээлээс гадуур шүү дээ. Ээж минь яг хажууд сууж байгаад л миний хичээлийг давтуулдаг байлаа. Ер нь хөгжимчин хүний хамгийн хүнд хэцүү үе нь сурагч байх үе гэж би боддог. Тэнд л хөгжимчин хүний суурь тавигддаг. Тэнд ямар сурсанаас хойч ирээдүй нь шалтгаална шүү дээ.
Барилт, тавилтаа сурна гээд өглөөнөөс орой хүртэл зөвхөн хөгжмөөрөө л амьсгална. Хааяа нэг зав гарвал гадаа гарч хүүхдүүдтэй тоглоно. Тоглоно гэдэг бидэнд маш ховор олдох аз жаргал.
-Ирээдүйн зорилго. Ямар чиглэлээр тоглох бодолтой байна. Хийлч Дээгий шиг поп урсгал руу орох болов уу?
-Би өөрийгөө бүх төрлөөр тоглож чаддаг гэдэгт итгэлтэй байдаг. Ер нь бол сонгодог гэдэг чиглэлээ барих байх. Үзэгчид юу хүсч байна тэрийг л тоглоно доо. Тухай тухайн үеэс л шалтгаална даа.
-Амжилттай яваа хүмүүст гаднаас ажлын санал маш их ирдэг шүү дээ. Чиний хувьд?
-Севердловскт манай Энхбаатар гээд удирдаач ажилладаг юм. Тэр хүн Севердловск хотын филармонид ажиллах санал тавьсан. Миний хувьд Монголдоо ажиллах сонирхолтой байсан болохоор татгалзсан.
Хийл хөгжмийг монголчууд зөвхөн хийлч Дээгий, Байгаль эгч нараар төсөөлдөг байж магадгүй. Тэгвэл би өөрийгөө бусдад таниулж, сурсан мэдсэн зүйлээ Монголдоо л зориулая гэж бодсон. Хийлийг яаж гоё дуугаргаж болдог юм, ямар ямар төрөл байдаг юм бэ гэдгийг би хүмүүст мэдрүүлэхийг хүсч байна. Ийм хүсэл байгаа учраас би Монголдоо үлдэхээр шийдсэн.
-Шинэ үеийн залуучууд гадагшаа их тэмүүлэх болсон. Харин чи ингээд зөвхөн Монголдоо гэж байгаа нь их сайхан санагдлаа?
-Тэр бол хувь хүний л сонголт. Миний хувьд Монголд маш гоё ирээдүй бий гэдэгт итгэдэг. Хэрэв бид хүссэн, мэдэрсэн зүйлээ бусдад харуулж чадах юм бол энэ нь зөвхөн гадаад гэлтгүй Монголд ч гоё орчинг бүрдүүлж чадна. Ер нь Монголдоо л байх дуртай.
-Хөгжимчин хүн бүрт тоглохыг хүсдэг тайз гэж байдаг байх?
-Өвөл 12 сард Германы Берлин хотын Филармонид тоглосон. Түүний өмнөх жил Ромын филармонид мөн Италид ч тоглосон байгаа. Маш гоё байсан. Миний мөрөөдөл гэвэл гадны олон улст тоглох биш л дээ. Хамгийн гол нь гоё тайз, гоё акустиктай газар дүүрэн үзэгчдээр хүрээлүүлээд зөвхөн миний л гэсэн аминчхан тоглолт хийхийг хүсдэг. Энэ нь хаана ч байж болно. Би залуу хүн болохоор ийм л зүйлийг хүсч байна. Миний хувьд чадварлаг л байвал хүссэн газартаа тоглох бүх боломж минь нээлттэй гэж бодож байгаа.
-Сонгодог урлагийг монголчууд ер нь хэрхэн хүлээж авч байна?
-Хөгжиж байна. Хүмүүс дуртай болж байгаа. Яахав өмнө нь танидаг хүмүүс дотор маань дуурийн театрт амьдралдаа ганц удаа орж үзсэн, тэр нь олон жилийн өмнө ч гэдэг юмуу иймэрхүү зүйл ярьдаг хүмүүс олон байсан. Одоо бол хүмүүс дуурь, филармонийн тоглолтуудыг маш их үздэг болжээ.
-Сонгодог урлаг гоо зүйд хэрхэн нөлөөлдөг бол?
-Маш их нөлөөлнө. Хүнийг хүмүүжүүлдэг хамгийн чухал зүйлсийн нэг гэж би боддог.
-Чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?
-Зав гарвал гэртээ л байх дуртай. Найзуудтайгаа гоё зүйлсийн талаар ярьж суух ч гоё шүү дээ.
-Тоглолтонд чинь амжилт хүсэе?
-Баярлалаа. Танай хамт олонд ч бас ажлын амжилт хүсэе.