Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн түүчээ Ц. Балдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаа дахь жилдээ боллоо. Уг үйл ажиллагаанд Монголын шилдэг сэтгүүлчид мэргэжлийн бүтээлээрээ өрсөлддөг уламжлалтай билээ.
Энэ удаагийн сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах өрсөлдөөнд News.mn, Time.mn, Ikon.mn мэдээллийн сайт, Гоодаль, Гэрэгэ, Үндэстний тойм зэрэг сэтгүүлүүд оролцсон нь энэ удаагийн наадмын онцлог байлаа. Шалгаруулалтад оролцсон сэтгүүлчдийн 50 орчим хувь нь анх удаа оролцож байгаа нь залуу сэтгүүлчдийн чадвар чансаагаа сорин өрсөлдөх эрмэлзлэл нэмэгдсэний нэгэн илрэл юм.
Энэ жилийн сэтгүүлзүйн шилдэг бүтээлд нийгэм, улс төрийн амьдралыг тусган харуулсан бүтээлүүд илүү давамгайлсан байна. Бичлэгийн төрөл зүйлийн хувьд асуудал дэвшүүлсэн нийтлэл бусад төрлөөсөө илүү байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Жил жилийн "Балдорж" шагналын ёслолын ажиллагаанд оролцох нь миний хувьд нэр хүндийн хэрэг байдаг. Энэ наадамд оролцох бүрдээ энэ жил юу гэж хэлэх вэ, гол санаа нь юу байх вэ гэж боддог. Ерөнхийлөгчийн ажил бол сэтгүүлч мэргэжилтэй төстэй. Бусад мэргэжилд байдаг байдаггүй хоёр шинж чанар байдаг. Энэ нь юу вэ гэвэл сайн бүхнийг дэмжиж, саарыг үл дэмждэгт оршдог юм. Сэтгүүлчийн мэргэжил бол их хэцүү алба юм.
Ерөнхий сайд асан С.Баяр
Миний дотны анд Монголын сэтгүүлзүйн нэрт зүтгэлтэн Ц.Балдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаа дахь удаагаа болж байна. Монголын сэтгүүл зүйн өнгийг тодорхойлсон сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагийнхан энэ л өдөр цугладаг уламжлалтай. Ц.Балдорж бол Монголын хэвлэл мэдээлэлд шинэ бүхний эхлэлийг анхлан татагч, гэрэлт тугийг баригч байсныг бид бүгд сайн мэднэ. Түүний гэгээн гэрэлт үйлс унтаршгүй мөнхийн, хүсэл эрмэлзлэл нь дуусашгүй үргэлжлэхийн нэг илрэл нь сэтгүүлзүйн шилдгийг шалгаруулдаг энэ ёслол юм.
"Балдорж шагнал"-ын энэ жилийн тэргүүн байрыг У. Ганбаяр, М.Буянбадрах нар "Хүрээлэн амьд ертөнц" цуврал нэвтрүүлгээрээ хүртлээ. Дэд байрт "Өнөөдөр" сонины сэтгүүлч Х.Болормаа "Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан" нийтлэлээрээ шалгарлаа.
Шилдэг 10-т
МҮОНРТ: Б.Болормаа: "Аман түүх" соёлын өвийн баримтат цуврал нэвтрүүлэг
Үндэсний шуудан сонин: Г.Отгонбаяр "Дэлхийн төвөөс зугатах монгол геополитик" нийтлэл
Үндэсний шуудан сонин: С.Гандөл "Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү" нийтлэл
Өнөөдөр сонин: Т.Энхбат "Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал" нийтлэл
МҮОНРТ: Р.Хонгорзул "Хүйн холбоотой сүүн хэлхээ" нэвтрүүлэг
Гэрэгэ сэтгүүл: Ж.Тэгшжаргал "Нас бол тоо, ер нь юу ч биш" нийтлэл
Үнэн сонин: С.Бүрэнтогтох "“Сайн байна уу? Ноён бонд!” гэсэн бол “Баяртай, ноён бонд” гэж хэлэх л болно" нийтлэл
Өдрийн сонин: Б.Цэцэгдэлгэр "Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ" сурвалжлага
Өнөөдөр сонин: Д.Заяабат "Төрийн алба төрлийн алба болсон уу" цуврал нийтлэл
Гэрэгэ сэтгүүл: Ч.Бямбаням тус тус шилдгээр шалгарлаа.
2014 оны "Балдорж шагнал"-ын тэргүүн байрын эзэд У. Ганбаяр, М.Буянбадрах
Сэтгүүл зүйн салбарт нэр хүндтэй мундаг хүмүүсийн урдуур орж энэ шагналын эзэн болсондоо одоог хүртэл итгэж чадахгүй байна.
14 аймгийн нутгаар 30,000 орчим км-ийн аялал хийсэн байна. 100 гаруй төрөл зүйлийн зэрлэг амьтдын зураг, 70 орчим зүйлийн ургамлын зураг авсан байдаг. Хамгийн сүүлд Сибирийн хандгай гэж нэрлэгддэг зураг авчихаад урд шөнө Хөвсгөл аймгаас ирлээ.
Мөн Монгол орны хамгийн ховор шувуу болох цагаан шонхорын зургийг авсан. Хотод хоноогүй хоногийн тоогоор шагнал авах магадлал ихэссэн болов уу гэж бодож байна. Аялал бүр маань аюул эрсдэл, сонин содон зүйлсээр дүүрэн байдаг.
Шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүн, СГЗ С.Золжаргал
Жил бүрийн наадмын шүүгч нарын бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Энэ жил шилдэг гучин бүтээлээс өнөөдрийн шилдгүүдийг шигшиж шагнал гардууллаа. Эдгээр бүтээлүүдийн сэдвээс шалтгаал манай нийгэм ямар асуудал чухал байна, юун дээр гацаад байгааг сэтгүүлчид маань гаргаж ирж чадаж байна. Энэ жилийн хувьд залуучууд их хүч түрэн орж ирж байна.