m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.05 03:16
493
"Ханш нээх өдөр"-ийн учир энэ буюу

“Ханш нээх” энэ үгийг сонсоогүй монгол хүн гэж үгүй. Тус үгийг ичигсэд ил гарах, буян номын үйл хийх, тэнгэрт хальсан хүмүүсээ эргэж, тойрох гэх мэтээр бид ойлгодог.

Тэгвэл “Ханш нээх” гэдэг үгийн утгыг нарийвчлан тайлбарлах шаардлага урган гарч байна. Хүн төрөлхтөний хэдэн мянган жилийн тэртээгээс цогцлоосон Дорнын ард түмний ёс заншилтай энэ нь шууд хамаарна.

Хятад үндэстэн эртнээс нааш газар тариалан эрхэлж, аж төрсөөр ирсэн. Тэд олон мянган жилийн тэртээгээс өдөр, шөнийн урт богино, үд дундын нарны тусгалыг харгалзан нэг жилийг 24 цаг-улиралд хуваасан байдаг. Энэ онол нь дэлхийн бөмбөрцөгийн тойрог зам болон нарны бүтэн жилийн хөдөлгөөнд тулгуурладаг. Тус 24 цаг-улирал нь хоёрдугаар сарын 3-5 хооронд хаврын урь орохоос эхэлдэг. Энэ өдрүүдээс эхэлж, нэгдүгээр сарын 20-21-ний хугацаа хүртэлх өдөр хоног, саруудыг цаг агаарын онцлоготой уялдуулан 24 ангилсан байдаг.

Эдгээр нь цаг агаарын өөрчлөлт, тариалангийн цаг хугацааг тооцоолоход чухал ач холбогдолтой. Тухайлбал газар хагалах, үр суулгах, тэнгэр муудах,ургац боловсрох, хураах зэрэг бүхий л үйл ажиллагаа нь энэхүү цаг улирлын хуваарилалтад үндэслэгддэг байна. Дэлхий, нар, сарны өөрчлөлтөөс хамаарч эдгээр өдрүүд нь 1-3 хоногийн хэлбэлзэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл ханш нээх өдөр дөрөвдүгээр сарын 5-нд эхэлсэн бол дараа жил нар, сарны байрлалаас хамаарч 6-нд эхлэж болдог.

Монгол, Хятад хоёр улс нь газар зүйн хувьд хиллэдэг. Урд хөршийн газар нутгийн төвийн хэсэгтэй  манай орон нэг уртрагт оршдог. Ийм учир бид ч эрт үеэс энэ цаг-улирлын заримыг ахуй амьдралдаа ашигласаар иржээ.

Хятад хүмүүс эрт үеэс ханш нээх өдөр гурав хоног гал гаргалгүй хоол хийж иддэг байсан заншилтай. Мөн нас барагсадынхаа шарилыг эргэж, булшийг нь цэвэрлэж, шороо нэмдэг.

Харин монголчууд эртнээс нааш бурхан болоочоо ил тавьж, нутаглуулдаг. Бүр хөдөөлүүлсэн газар руу нь хэсэг хугацаанд очих, мал амьтан бэлчээхийг ч хориглодог байжээ. Харин энэхүү ёс нь хүмүүс нэг дор бөөгнөрөн суурьших болсноос өөрчлөгдөж, газар булдаг болсон. Энэ нь зөв. Гэхдээ талийгаачийнхаа булшийг байн байн эргэн очдог заншил нь “хүнийх” юм гэдгийг энд сануулахыг хүслээ.

Энэ өдөр од гаригсын нөлөөлөл тун таатай байдаг учир буяны үйл хийх, бодож санасан ажил үйлсээ эхлэхэд тун тохиромжтой гэдэг нь дорнын ард түмний олон мянган жилийн практик туршлагаас батлагдсан гэдгийг энд онцольё.

М.Мөнхзориг