
Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ой 9 дүгээр сарын 23-ны өдөр болох гэж буйтай холбогдуулан хоёр талын соёлын олон арга хэмжээ зохиогдож байна.
Монгол, Япон бичгийн уран татлагын “Тэнгэр, нар түншлэл” үзэсгэлэн арваннэгдүгээр сард Японд гарах юм байна.

Мөн аравдугаар сард Монголын 20 зураач Японд очиж “Фүжи уулын 14 төрх” уран бүтээлийн аялалд оролцох бөгөөд тэд Фүжи уулыг тал талаас нь харан зурж, үзэсгэлэн гаргах юм.
40 жилийн ойд зориулсан гол арга хэмжээ нь “Билгүүн ундрага” төвийн жүжигчдийн Японд хийх тоглолт юм. МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарамын удирдсан уран бүтээлчид Японы Урлагийн их наадмын нээлтийн арга хэмжээнд уригдсан аж. Манай жүжигчдийн бүрэлдэхүүнд “Домог”, “Увертюра” хамтлаг, уртын дуучин Э.Болормаа, Г.Энхбаатар, бүжигчин Д.Энхгэрэл, Д.Баярбат, нугараач Г.Нямгэрэл нар багтжээ.
