Хальснаас нь арилгаж, жижиглэн хэрчсэн 1 аяга хан боргоцой жимс нь 82 ккал илчлэгтэй, өөх-тос, холестерол агуулаагүй, нийт 22г нүүрс-ус, 1 г уураг агуулдаг байна. 1 аяга хан боргоцой нь өдрийн хэрэгцээт С аминдэмийн 131%, А аминдэмийн 2%, кальци болон төмрийн 2%-ийг тус тус хангадаг. Мөн цайр, манган, зэс зэрэг хүний биед шаардлагатай эрдэс болон В аминдэмүүдийг агуулдаг.
Хан боргоцойг онцолж сонгох болсны учир нь үүний найрлаганд агуулагддаг бромелаин хэмээх уураг задлагч энзимтэй холбоотой. Уураг задалдаг учраас хоол боловсруулалт муудсан, махан хоол шингэхгүй уддаг бол хоолтойгоо цуг шинэхэн хан боргоцой идэхэд боловсруулалт, шимэгдүүлэлт сайжрана.
Бромелаин нь судалгаануудаар үе мөчний өвчний өвдөлтийг намдаах, үе мөчний үрэвслийг намдаах, үрэвслийн улмаас үүссэн хаванг бууруулах, зарим төрлийн хавдруудын ургалтыг саатуулах гэх мэт нөлөөтэй байдаг нь батлагдсан юм. Үүнийг мэс заслын дараах шархны хавагналт, үрэвсэл, улайлтыг ч бууруулахад хэрэглэдэг. Гайморит гэх мэт хамрын дайвар хөндийнүүдийн үрэвсэл, амьсгалын замын өвчнүүдийн тавгүй байдал, салс ялгаралт, хаванг бууруулахад хэрэглэнэ.
Бромелаин нь цус шингэлдэг учраас цус өтгөрөлттэй хүмүүст маш их тустай.
Дээрх ашиг тусыг хүртэхийн тулд шинэ хан боргоцойг ямар нэгэн халуун боловсруулалт хийхгүйгээр идэх буюу Бромелаин агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.