m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 07:32
566
Ц.Түмэнбаяр: "Хилэнцэт хорхой" өгүүллэг

Жү овогт үхэхээс бусдыг үзжээ. Орсгой шүдээрээ газар мэрэх шахаж цуглуулсан хөрөнгөнийхөө ачаар өнөөдөр Бээжингийн нэртэй зочид буудалд ясаа амрааж амьд яваагийнхаа ид хавыг үзэж буй нь энэ. Эргэдэг дугуй ширээн дээр амуу будаа, амтат жимснээс эхлээд далайн зөөлөн биет, зэрэг жараад төрлийн хоол алаглан зугуухан эргэнэ.

Долоон жорын амттанаас тамшаалан аажуухан савхдах гадаадын шар арьст өтгөн үст эрхмүүд үл мэдэгдэх хэлээр зогсоо зайгүй шулганан, хойгуур урдуур өнгөрөх гуя нь гялалзсан хятад охидыг цатгалан харцаар халиана. Харин цагаан пял тавган дээр тавьсан олон хар хорхой Жү овогтын нүдийг бүлтийлгэж, зүрхнийх нь цохилтыг түргэсгэлээ. Ургамлын тосонд шарж, халуун ногоогоор амталсан чигчийн чинээ тэдгээр хорхойн найман хөл нь сарвайж, бяцхан ходоод нь цондойн бэлцийж, дээшээ харан дээр дээрээсээ давхралджээ. Жү овогт нүдээрээ сэмхэн тоолоход арван хоёр ширхэг байх бөгөөд хүн тус бүрт гурван ширхэг оногдох аж. Өмнөд нутагт өдрийн од шиг үзэгддэг амтлаг хар хорхойг алс холын Бээжинд таваг дүүрэн байх юм гэж санасангүй. Хамт суусан гадаадын гурван хүн тэр хорхойг идэх эсэхийг хялам хяламхийн харж, хоолоо шамдан идлээ.
Гагц энэ хорхойн бодлоос болоод хажуудаа тавиур дүүрэн цай, ундаа авчирсан үйлчлэгчийг ч анзаарсангүй. "Ноён та юу уух бол" хэмээн хоёр дахь удаагаа асуухад гэнэт цочиж, давхийхдээ "Ай байхуу, байхуу" гэж хашгирах шахам хэлж, эвгүйрхсэндээ хамт хооллогчид руугаа орсгой шүдээ ичихгүй ил гарган мээсийтэл инээж, тал заслаа.
Түүний нүд өөрийн эрхгүй тавагтай хорхой дээр тусч, залгих мэт харна. Гөлрөн ширтсэн нүднийх нь хүүхэн хараа томрон таваг дээрх олон хорхой амь орон сарвалзаж, ширээгээр нэг мөлхөн өөр лүү нь дөхөх шиг үзэгдэхэд мөн л давхийв. Ашгүй гадны хүмүүс хорхойноос бусдыг савхдан идэж, сарвайсан хорхой руу үл таашаасан харц чулуудахад "Ашгүй эд нар идэхгүй нь. Дөрвөн хүний арван хоёр ширхэг хорхой минийх, нэг хорхой хорь хоногийн настай. Энэ хэдийг идчихвэл би мянган хорхойн настай болно. Заяаны наян насан дээрээ мянган хорхойн амь тавин таван жилийг нэмэхэд зуун гучин тав хүрнэ хэмээн бодож амжлаа.
Хүн нь хорхойноосоо олон энэ газар дээр ийм тооцоогоор Жү овогт залуу идэр насандаа эхнэр аваагүй юм. Хорвоод нэг л удаа олддог энэ насаа эхнэр хүүхэд тэжээж дэмий өнгөрөөхийг хүссэнгүй. Хааяа нэг аятайхан харагдах нэгэнтэй зугаацаж явсаар тавин зургаатайдаа хань ижил хэрэгтэйг аргагүй ухааран хорин дөрөвтэй хүүхэнтэй гэрлэж, тэр нь нэг хүү төрүүлжээ. Гэвч ганцаас илүү хүүхэд төрүүлэх эрхгүй энэ оронд дөнгөж бүрэлдсэн үрээ хөндүүлэх гэж яваад өөрийнхөө амийг хамт хөндүүлчихсэн юм. Түүнд Жү овогт төдийлөн харамссангүй Хэн өрссөн нь тэнгэрийн хишгээр амьд гардаг жамтай. Эхнэрийнх нь насны тоо ердөө л хорин хэдхэн байж.
Эцгээ үхүүлсэн тэр шөнө үүнийг гүн бат ойлгож авсан билээ. Нэгэнт энэ хорвоод төрснөөс хойш утсан чинээ улаан амиа нэг хормоор ч атугай уртасгах гэж нүдээ ухаж өгөхөөс бусдыг хийдэг билээ. Жү овогт голио мэт янз бүрийн хорхойг бишгүй нэг усан үзэм шиг сорж орхидог ч энэхүү хилэнцэт хорхойд дэндүү дуртай,
Арваадхан настай Жү овогтын эцэг тавь гаруйхан насандаа энэ хорхойг олж идэх гэж яваад хатгуулж, арьсанд нь шалсан царцааны шээс шиг өчүүхэн хорт шүүсэнд амиа алдсан билээ. Эцэг нь амь тавихынхаа өмнө өмх мөөгөнд үжирсэн шавар оромжиндоо арай ядан мөлхөн ирж "Хилэнцэт хорхойг олж идвэл түүний амьд явах хоногийн тоогоор нас чинь нэмэгдэнэ. Хорхой хүнийг сорвол шүүс нь цусаар дамжин түргэн амь алдана. Харин хорхойн нас уртсана. Би чадсангүй. Тэр хорхой чиний цусыг сорохоор өнөө шөнө миний үнэрээр заавал ирнэ. Чи огт унтаж болохгүй. Түрүүлж харж, нарийн хутгаар толгойг нь тун хурдан тасдаад идэх хэрэгтэй. Эс тэгвэл над шиг цаг ч хүрэхгүй тэнгэрт халина. Мэргэн Күнз бага багаар ихийг хий, чимх чимхээр цадтал ид. Ямх ямхаар олныг сур гэж айлдсан юм." гээд үгээ гүйцээж чадалгүй амаа дэмий ангалзсаар аймшигтай таталдан үхэж билээ. Түүнээс хойш юу эсийг үзсэн гэх вэ. Шүлсээ залгиж гараа тоссон өнчин үлдэхэд нь хэн ч түүнд аяганы шавхруу, амны гулгидас хялайлгасангүй. Санах сэтгэл, сарвайх гар нь чилж, баян айлд илжиг шиг зарагдаж, нуруугаа зулгарч, тавхайгаа цоортол хүн тэрэгт зүтгэж явахдаа хэнд ч энэ тухай ам алдаагүйтэйгээ адил хэзээ ч мартаагүй юм.
Эцгийнхээ өөд болохыг харсан Жүд үхэл гэдэг аймшигтай санагдаж, болдогсон бол хэзээ ч үхэхгүйсэн гэж бодсон юм. Тэр ёрын шөнө хилэнцэт хорхойг хүлээн түгшиж, сандал давхарлан өнчин шувуу шиг хөлөө атиран сууж, харанхуй руу аймшигт хорхойг өөрийг нь зорин ирэхийг нүдээ тэвхдүүлсэн мэт цавчилгүй ширтэж, нойр нь салхинд хөөгдсөн мэт хулжиж, сүнсээ зайлтал айсан билээ.
Yүр шөнөөр хамаг бие нь жихүүцэн чичирч, өөрийн эрхгүй зовхи нь анилдан зүүрмэглэхдээ үе , үе цочин давхийж, хашгирч сэрсэн сэн. Гэтэл үүр хаяарахын өмнөхөн тэнгэрийн хаяанд цагаан гэгээ татах агшнаа сандал өөд урт хар хорхой шалмаглан авирахыг харж гар нь чичирлээ. Холоос гэнэт үсэрдэг энэ хорхойн зүү шиг хурц нарийн хошуу арьсанд нь хүрээ л бол гүйцээ. Хорхойг өчүүхэн ч цочоохгүйгээр зураас мэт хүзүүг нь тал хяргах учиртай. Тэр сандал дээрээс сэмхэн буух гэж хэт болгоомжилсноос гэнэт өрөөсөн хөлөөрөө сандлаа цохиод унагачихлаа. Хорхой цочсондоо төө хэртэй хол үсрэхэд Жү овогт бултаж амжлаа. Хорхой аминдаа аюул учирсныг Жү - гээс дутахгүй мэдэх учир амь өрссөн энэ тулалдаанд мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь үсэрсээр авай. Жү шөнө юм харж чадахгүй, гэтэл хорхойн үнэрч хамар шар шувуу харах мэт аж.
Сүүлдээ Жү нүдээ тас анин жижиг хутгаараа цавчсаар байлаа. Гэтэл сар сархийн үсрэх дуу нь үгүй болоход ямар аз таарсныг бүү мэд хорхойн хүзүүг яг онилон огтолсон байлаа Хамаг биеийнх нь хүйтэн хөлс асгарч, нуруу нь нойт оргисныг мэдлээ. Тэр дааж давшгүй их тулаанд арай ядан амьд гарсан мэт салхийн суухад хамаг биеийнх нь тамир тэнхээ барагдсан байж билээ.
Толгойгоо тасдуулсан хилэнцэт хорхой хөлөө сарвайлган дээшээ харжээ. Yүний ходоодонд эцгийнх нь цус бий. Гэвч мөнх насыг олоход түүний дотор юу байх нь хамаагүй. Гэсэн ч гар нь ялимгүй чичирч, хорхойг авч хэсэг харснаа гэнэт шулуудан амандаа хийж, нүдээ анин тэр чигт нь залгисан сан. Аманд нь тэр гэхийн аргагүй хачин сайхан амтагдах нь тэр. Түүнээс хойш далан жил амтархан зажилж иддэг болсон билээ. Харин нэг удаа үхэл инээн өөдөөс нь ирж явснаа улаан нүүр лүү нь нулимчихаад буцчихсан.
Дайны үе. Хүн тэрэгт нуруугаа зулгалж явсан тэр цагт улаан гол тасрахгүй тулд цэргийн дарга нарыг өдөржин зөөж явлаа. Гэтэл яг дэргэд нь бөмбөг дэлбэрч, нурууг нь хорстол нь ороолгож асан хямсгар зантай, уур ихтэй дарга хажууд нь хялайн унах нь тэр ээ. Эндээс амь мэнд гарсныгаа ч хорхойн ач л гэж боддог билээ.
Тавган дахь хилэнцэт хорхойнуудыг бүгдийг нь ганцаар идсэн учир ямар нэг хүчиллэг исгэлэн зүйлээр хэхрүүлж, өөрийн эрхгүй бусдадаа талархан маасайтал инээв. Маргааш өглөө энэ хоол ирэх болов уу, эд нартай нэг ширээнд таарах хувь ноогдох болов уу, үгүй болов уу, өдөр бүр ингэж таараад байвал галав юүлсэн ч би амьд үлдэнэ хэмээн боджээ.
Нэн ховор энэ хорхойг буудлынхан олноор нь олж авсан нь сонин санагдана. Арай энэ буудал хилэнцэт хорхой үржүүлдэг юм биш байгаа гэх жихүүцсэн бодол орж ирлээ. Түүнийг үүр савнаас нь алдах юм бол юу болох билээ, Жү - гийн өрөөнд ч ороод ирэх юм билүү хэн мэдлээ. Тэрээр өдөр ажил хөөцөлдөж явсан болохоор хорхойн тухай бодлоос ангижирсан ч оройн хоолноос хойш "Хорхой буудалд байвал яана. Хорхойнд хүрэхгүй газар, багтахгүй нүх гэж байхгүй. Зүүний сүвэгчээр ч багтана" гэж бодохуй хамаг биеэр нь айдас арзганан гүйж. арьс жирвэгнэн үл үзэгдэх түгшүүрт зүрхээ эзэмдүүлэн орондоо оржээ
Түүний цусаар мянган хилэнцэт хорхойн шүүс давс мэт уусан урсаж байгаа. Тэрбээр гэрлээ унтраан хэсэг хэвттэл таваг дээрх хорхойнууд харагдаад болдоггүй. Нүдээ аньсан ч эс аньсан ч үзэгдээд болсонгүй. Тэгэх тэгэхдээ амилан сарвалзсан, тал талаас нь тоо томшгүй олон хорхой өөрийнх нь амтлаг халуун цусанд шунан өрсөлдөж, яаран ирж буй хэмээн хар дарж үгүй, үгүй, би үхэхгүй. Би та нарт нэг ч хормын нас, ганц ч дусал цус өгөхгүй
Булай муухай зүүдэлснээс цээж нь дэлбэрэх шахтлаа айж сэрсэн түүний нүд бага насыг нь эс тооцвол, энэ насандаа анх удаа нулимсанд норсон байлаа.