Дэлхийн 31 орны үндэсний банк, зоос үйлдвэрлэгчид болон зоос цуглуулагчдын төлөөлөгчид оролцсон үзэсгэлэн болсон. Москва хотноо болсон уг арга хэмжээнд зориулан 31 орны үндэсний банк 2013 онд гаргасан зооснуудаа тэмцээнд илгээжээ. Олон улсын шүүгчид шилдэгүүдийг тодруулан, шилдэг загвар, техникийн шийдэл зэрэг 12 нэр төрлөөр зооснуудыг шалгаруулсан байна.
Энэ арга хэмжээнд Монголбанк өнгөрсөн онд гаргасан "Монголын байгаль 2013" нэртэй 500 төгрөгийн зоос шилдгээр тодорсон байна. Ульж буй чонын дүрс бүхий цоолбортой уг зоос Москвагийн үзэсгэлэнгээс шилдэг өргөмжлөл хүртсэн байна.
Монголбанк жил бүр олон улсын зоос цуглуулагчдын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн гаргадаг. Өнгөрсөн оны хоёрдугаар сард "Coin Invest Trust" компанид захиалан хэвлүүлсэн "Монголын байгаль 2013" уг зоос 925 сорьцтой. Алтаар бүрсэн уг зоос 38.61 мм диаметртэй, 14.6 гр жинтэй бөгөөд ердөө 2500 хувь хэвлэгдсэн байна.
Уг арга хэмжээнээс өмнө "Монголын байгаль 2013" зоос цуглуулагчид ойролцоогоор 250 орчим ам.доллараар үнэлэгддэг байсан. Харин энэ үзэсгэлэнгийн дараагаас үнэ нь нэмэгдэх магадлалтай хэмээн цуглуулагчид үзэж байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад Монголбанкнаас 2013 онд "Coin Invest Trust" компанитай байгуулсан зоос цутгах ерөнхий гэрээний хүрээнд “Бүргэд” мөнгөн зоос, “Чингис хаан” алтан зоос, “John F Kennedy” алтан зоос, мөнгөн зоос, “Морь” алт болон алтадсан мөнгөн зоос, “Чингис хаан” мөнгөн зоос ба өнгөт мөнгөн зоосуудыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдын зах зээлд гаргажээ.
Харин энэ онд "Монголын байгаль 2014" нэртэй цуврал зоос гаргасан байна.
Уг хоёр зоос цогиж буй морины дүрстэйгээрээ загвар төстэй. Нэг нь гөлгөр гадаргуутай, цоолбортой бол нөгөө нь цутгамал юм байна.
500 төгрөгийн эл зоос 999 сорьцтой алт бөгөөд 0.5 гр жинтэй, 11 мм диаметртэй. Нийтдээ 15 000 ширхэгийг хэвлэсэн байна.
Түүнчлэн эл загвараар 925 сорьцтой мөнгөн зоос гаргасан бөгөөд 14.17 гр, 38.61 мм диаметртэй. Олон улсын зоос цуглуулагчдын зах зээлд 2500 ширхэгийг гаргажээ.