m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.21 08:47
850
Удам дамжсан авьяастнууд

Авьяас удам дамждаг гэдэг. Манай үед удам дамжсан авьяастнууд салбарт бүрт л бий. Тэр дундаас Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн авъяаслаг гэр бүлүүд цөөнгүй. Мэдээж тэд хойч үедээ тэр их авьяасаа өвлүүлсээр, удам дамжсан авьяастнууд төрөн гарсаар байна. Ингээд тайз, дэлгэцийн удам дамжсан авьяастнуудын төлөөллөөс хүргэе.

Цагааны Цэгмидийн зээ хүү В.Агар

Монголын кино урлагт домог болсон хүн бол яах аргагүй Цагааны Цэгмид. Тэрээр “Сүхбаатар” киноны СьюшүЖан, Цогт тайж, "Лениний гэр бүл" жүжгийн Ленин зэрэг олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн. Аавынхаа замаар замнасан МУГЖ Ц.Төмөрбаатар, СТА Ц.Төмөрхуяг нар аавынхаа шийрийг хатаах мундаг жүжигчинд гэдгээ одоо ч баталсаар яваа.

Тэгвэл энэ удмаас бас нэгэн авьяастан төрсөн нь Цагааны Цэгмидийн зээ хүү В.Агар юм.

"Орлон тоглогч", "Ану хатан" "Эх орон дуудаж байна" зэрэг киноны найруулагч, жүжигчин В.Агарыг энэ удаад бид онцолж байна.

Найруулагч В.Агар гэргий жүжигчин Т.Алтантуяагийн хамт UBS ТВ-ийн “НОТ чинжүү” нэвтрүүлгээр анх олонд танигдаж эхэлсэн. Энэ нэвтрүүлгийн дараа долоон жилийн хугацаанд гэргийнхээ хамтаар Польш улсад ажиллаж, амьдарч байгаад ирсэн В.Агар эх орондоо ирээд кино урлагт ханцуй шамлан орсон. Түүний анхны кино бүтээл нь "Эцсийн цэг"  60 ангит кино байжээ.

 

Филармонийн дарга Ч.Даваасүрэнгийн хүүхдүүд

Таныг Бээжингийн их сургуулийн кино зураг­лаачийн ангийг төгссөн, Хя­тадын алдартай найруу­лагч­тай хамтран ажилласан, Монголын кино урлагт өөрийн гэсэн байр суурь эзэлсэн авьяаслаг залуу уран бүтээлч бол Улсын филармонийн дарга Даваасүрэнгийн хүү Д.Ангараг юм. Үзэгчдийн дунд хит болсон “Бодлын хулгайч” киногоор “Academy awards 2012”-ын шилдэг зураглаач болсон  мөн “Ану хатан” киноны ерөнхий зураглаачаар ажилласан гээд түүний бүтээлүүд залуу хүнийх гэхэд маш чимбай байдаг. Д.Ангарагын ээж насаараа циркийн зурагчнаар ажилласан хүн. Тиймээс Д.Ангарагт 1999 онд Японд энэ чиглэлээр сурах боломж олджээ. Тэр маш чадварлаг зурагчин юм.


Тэрээр Австралийн кино зураг­лаачдын холбооны гишүүн. Д.Ангарагаас гадна түүний дүү Д.Номин буюу Наомин хэмээх тайзны нэртэй залуу уран бүтээлч уран бүтээлээ хийх болсон. Тэрээр Хөгжим Бүжгийн Коллежийг мэргэжлийн дуулаачаар төгссөн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Италийн Милан хотод мэргэжлийн дуурийн дуулаачаар суралцаж байгаа юм байна.

Наомин

Наомин нь поп арт, этник чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй бөгөөд хөгжмийн мэдрэмжийг өндрөөр үнэлж, таашаадаг үзэгч, сонсогчдод өөрийн дуу хөгжмөө зориулан туурвиж байгаа гэсэн.

Төрийн соёрхолт жүжигчин  Д.Сосорбарамын хүү С.Очирхуяг

Соёл урлагийн их сургуулийн кино драмын жүжигчний ангийг 2004 онд төгсөөд Х-ТҮЦ хамтлагт жүжигчнээр орсон бондгор бор хүү бол С.Очирхуяг байлаа. Англид мэргэжил дээшлүүлж ирээд л бие даасан уран бүтээлийн ажлаа эхлүүлжээ саяхан нээлтээ хийсэн  “Эх орон дуудаж байна” кинонд найруулагчаар ажиллахаасаа өмнө тэрээр 2012 онд “Оюутны нууц амраг” гэдэг кинон дээр ажиллаж байжээ. Анх эцэг эх нь дургүй байсан учраас С.Очирхуяг хуульч мэргэжлээр сурч байжээ. Тэгээд хоёрдугаар курсээсээ СУИС-д нууцаар бүртгүүлээд, шалгалтаа өгч тэнцчихээд гэрийнхэндээ хэлж байсан гэнэ. Тэгэхэд аав нь “За өөрөө мэд дээ” л гэж. Тэрээр Р.Чойномын нэрэмжит “Ганц хүний театр” –ыг аав нь байгуулахад нь ч тоглолтон дээр нь дуулж, бүжиглэдэг байлаа. Өөрөө дуулах дуртай болохоор оюутан байхдаа цомог хүртэл гаргаж байжээ.

 

МУГЖ С.Сарантуяа, Б.Бат-Өлзий нарын хүү Б.Тамир

Залуу жүжигчин Б.Тамирын найруулсан “Миний ах атаман” кино дэлгэцэнд гараад удаагүй ч гэлээ тун амжилттай яваа.

Өөрийн жүжигчний авьяасаас гадна найруулагчийн чамгүй авьяастай гэдгээ нэг бус удаа харуулаад байгаа түүнийг жүжигчин МУГЖ С.Сарантуяа, Б.Бат-Өлзий нарын хүү гэдгээр нь бүх хүмүүс таньдаг. Түүнийг ч бас анх жүжигчин болно гэхэд эцэг эх хоёр нь шууд л эсэргүүцэж байсан гэдэг. Б.Тамир “Эцэг эхийнхээ нэрийг сэвтээхгүй явах нь миний үүрэг” хэмээн хэлсэн удаатай.

Жүжигчин МУСТА У.Батбаатарын хүү Б.Анхбаяр

“Хайрлахсан даа”, “Чи итгэхгүй л дээ” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Анхбаяр аавтайгаа хамт кино урлагт хүчин зүтгэж яваа. Тэрээр жүжигчин, найруулагч У.Батбаатарын хүү бөгөөд сүүлд аавтайгаа “Улаан дөрвөлжин” кинонд тоглосон. Тэрээр ихэвчлэн олон ангит кинонд төрийн цагдаагийн дүр бүтээдэг гэдгээрээ олны танил болсон. МҮОНТ-ийн “Босго тотго” кинонд цагдаагийн дүр бүтээсэн."Нэгэн нарны доор" гээд 18 ангитай кинонд оюутан байхдаа тоглосон.

Дараа нь "Улаан эрэг"  хэлмэгдүүлэлтийн үеийн тухай өгүүлдэг кинонд ажилласан. Мөн "Мюзик холл" продакшны "Цахлай нисэх гэж төрдөг" гэж кинонд тоглосон гээд түүний уран бүтээлийн цуваа үргэлжилсээр. Тэрээр дунд сургуульдаа уран зургийн гүнзгийрүүлсэн анги төгссөн ч гэлээ жүжигчны мэргэжлийг сонгожээ. Тэрээр аавтайгаа хамтран "Хаан гарьд" нэртэй студи байгуулжээ.

Үргэлжлэл бий...