Суудлын автомашин, сэлбэг хэрэгслийн импорт 24 хувиар буурсан байна. Мөн үүнтэй холбоотойгоор хэрэглээний бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал есөн хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Энэ төрлийн бүтээгдэхүүний импортын ерөнхий хандлага өсч байсан ч энэ оны хоёрдугаар улирлаас буурч эхэлсэн аж. Хэрэглээний бүтээгдэхүүний импорт 86 сая ам.доллараар буурч, нийт импортын 26 хувийг бүрдүүлжээ. Удаан эдэлгээтэй барааны импорт өнгөрсөн оны наймдугаар сараас тогтмол буурсан бөгөөд үүнд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга болон автомашин түүний сэлбэг хэрэгсэл багтдаг.
Харин гутал хувцас, цүнх болон бусад удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүний импортын үнийн дүн тус бүр нэг хувиар өссөн байна. Түүнчлэн түргэн эдэлгээтэй хэрэглээний барааны импортын өсөлт өнгөрсөн оны эхнээс тогтмол түвшинд байснаа долдугаар сараас буурсан үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн сарын байдлаар хүнсний импорт гурван хувиар буурсан бол эм тарианых хоёр хувиар, бусад түргэн эдэлгээтэй барааны импорт долоон хувиар өссөн байна.
Хэрэглээний бүтээгдэхүүний импорт 86 сая ам.доллараар буурч, нийт импортын 26 хувийг бүрдүүлжээ.