Цагаан арьст хосоос хар арьстай хүүхэд төрсөн гэх хошин яриа барууны орнуудад бий. Харин хар арьстай бүсгүйгээс цагаан хүүхэд төрсөн хачирхалтай гэмээр явдал Их Британид болжээ.
Хар арьст ээжийн цэнхэр нүдэт хүү
Их Британи улсын иргэн Кэтрин Ховарт төрүүлсэн үрээ хараад нүдэндээ итгээгүй гэнэ. Ийн гайхшрах болсон шалтгаан нь энгийн юм шиг атлаа эгэл бус тохиолдол байсан гэнэ. Нигер гаралтай эмэгтэйн хүү цагаан арьстай байснаас залуу ээж ихэд цочирджээ.
Цэнхэр нүдтэй, цагаан арьстай хүүгээ харсан Кэтриний толгойд хамгийн эхэнд хүүхдийг нь сольсон байх гэх бодол орсон аж. Хэдийгээр түүний нөхөр 34 настай Ричард цагаан арьстан ч гэлээ үүнийг үл харгалзан эмнэлгийн ажилтнуудад гомдол мэдүүлжээ. Харин эмнэлгийнхэн шинэ төрөгсдийг сольсон гэх алдааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Үүний дараа тэрбээр өөрөөс нь цагаан арьст хүү төрнө гэдэгтэй эвлэрч чадахгүй хэвээр ээлжит шалтгааныг бодож үзжээ. Хүй нь хүзүүг нь ороосон байснаас хүү хүчилтөрөгчийн дутагдалд орж, арьс нь нэлдээ цонхигор болсон байх гэж боджээ. Гэхдээ үүнийг үндэслэлгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд тайлбарлаж өгсөн болохоор генийн шинжилгээ өгөхөөр болжээ.
Шинжилгээний хариу гартал Кэтрин Ховарт хүүтэй цуг амьдарч байсан ба энэ хугацаанд зүрх сэтгэлдээ бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ ярьсан байна. Генийн шинжилгээний хариугаар Йохан хүү цагаан арьстай төрсний шалтгаан нь эцэг, эхээсээ өвлөсөн генийн хослол гэнэ. Өөрөөр хэлбэл, Кэтрин Ховартын генийн кодыг сайтар нягталж шалгасны үндсэнд тэрбээр цагаан арьстны гентэй байсныг тодруулсан байна. Кэтринд уг мэдээ гэнэтийн байсан бөгөөд өөрийнх нь хэлснээр түүний өвөг дээдэс бүгд хар арьстай хүмүүс байсан гэнэ. Харин генийн шинжилгээний хариуг үндэслэн мэргэжилтнүүд Ховартын өвөг дээдэс дунд хамгийн багадаа нэг цагаан арьстан байсан хэмээн нотолж байгаа аж.
Генетикийн давамгайлалын онолд ген нь идэвхижихгүйгээр үеэс үед өвлөгдөх боломжтой бөгөөд зөвхөн ижил гентэй хүнтэй учирснаар (жишээ нь цагаан арьст хүнтэй) генийн давамгайлал үүсдэг аж. Кэтрин Ховартын хувьд цагаан арьстай нөхөртэй учраас нууц ген нь илэрч, ийнхүү шинэхэн ээжийг сандаргасан содон үйл явдал болсон гэдэг тайлбарыг мэргэжилтнүүд өгч байгаа аж.
Ой хүрээгүй хүү дэлхийн загварын шилдэг таван агентлагтай гэрээ хийжээ
Хүүгийн өвөрмөц дүр төрөх, содон түүх түүнийг амжилтад хөтлөх магадлалтай. Учир нь тэрбээр ой хүрээгүй байхдаа гайхалтай цэнхэр нүд, биеийн өвөрмөц хэлбэрийнхээ ачаар сурталчилгааны томоохон компаниудаас хамтран ажиллах санал хүлээн авч, багагүй мөнгөөр үнэлэгдэх гэрээ байгуулах болжээ. Одоогоор дэлхийн загварын шилдэг таван агентлагтай гэрээ хийгээд байгаа гэнэ. Түүгээр ч үл барам загварын карьераа эхэлж, анхны сурталчилгааны зураг авалтаа хийлгэсэн байна.
Харин загварын ертөнцийн алдарт шинжээч Шарлотте Эванс, домогт гэрэл зурагчин Элизабет Смит нар хүүд өвөрмөц төрх, содон түүхээс гадна зураг авахуулах онцгой мэдрэмж байгаа гэдгийг хэвлэлийнхэнд дуулгаад амжжээ.
Байгаль дэлхий түүнийг ямар өвөрмөц бэлэг барьж, онцгой нэгэн болгож бүтээснийг Йохан хүү одоогоор ойлгох чадваргүй байгаа. Учир нь тэрбээр нэг нас ч хүрээгүй байгаа юм. Гэсэн ч бяцхан хүү одоогоор загварын ертөнцөд чамлахааргүй амжилт олоод байгаа. Түүний ирээдүй загварын вант улсад гайхалтай байж болох ч Йохан хүү насанд хүрээд өөр мэргэжил сонгож болох юм. Хар арьст ээжийн цэнхэр нүдэт цагаан хүүгийн ирээдүйн амьдрал ямар өрнөлтэй байхыг цаг хугацаа харуулах биз ээ.