Нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг дуу хөгжмөөр илэрхийлдэг урлаг бол хип хоп. Амьдарч буй нийгмийнхээ бусармаг зүйлсэд уурссан бухимдлаа илэрхийлдэг учраас тэднийг нэг үе хэт их хараал хэлдэг хэмээн гоочилдог байсан ч энэ урсгал нь өдгөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж хөгжсөөр буй. Монголын хип хопчин залуус ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн он цагтай зэрэгцэн үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. Тэдний нэг бол 2000 оны эхээр “Хэрүүл зодоон”, “Ялтан” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж байсан “Эсэргүү” хамтлаг юм. Тухайн үед Family Biz бүлгэмд харьяалагдаж байсан “Эсэргүү”,” Нян тараагч”, “Нийгмийн дайснууд”, “Mathemathikca” хамтлагууд нэгдэн Юүдэнтэн хэмээх бүлгийг байгуулжээ. Сүүлийн үед сошиаль медиад “Реп нэрмэл” дуугаараа хүчээ авч байгаа уг бүлгэмийн гишүүн Ж.Ганзориг буюу MC Ganza Munhag-тай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-“Реп нэрмэл” дуу залуусын дунд хит болоод байна. Содон нэртэй дуу байна?
- Манай “Реп нэрмэл” дуу маань бидний “Нохойн дуу” цомгийн эхний уран бүтээл. Энэ дуу цомгийн ерөнхий уур амьсгалыг төлөөлж чадах байх. Энэ дууны beat-ыг Мянгаа гэдэг найз маань хийсэн. Харин клипийг “Нян тараагчид” хамтлагт хамт дуулж байсан Баагий хийсэн юм. Харин бүжгийг “Onyx crew” хамтлагийн дүү нар маань бүжиглэж өгсөн. Тэдэндээ баярласнаа илэрхийлье.
Бидний хувьд нэг хэсэг завсарлага авсан байсан ч гэлээ ерөнхийдөө уран бүтээлээ ор тас орхиогүй, хип хопд дуртай учраас олон нийтэд хүргээгүй ч өнгөрсөн хугацаанд сонирхлынхоо дагуу дуугаа хийсээр байсан. Харин 2012 оноос Эсэргүү, Нийгмийн дайсан, Нян тараагч, Mathimathikca гэх нэг үеийн хамтлагийн залуус нэгдэн Юүдэнтэн гэх бүлгийг байгуулснаар уран бүтээлдээ эрчимтэй орсон.
-Нэгэн үе өөрийн гэсэн сонсогчидтой, тойрон хүрээлэгчидтэй байсан. Тэр орон зайгаа үгүйлж байв уу?
-Бидний хувьд тус тусын амьдралдаа анхаарал хандуулж нэг үе уран бүтээлээс түр завсарлага авсан л даа. Харин найз нөхөд, ойр дотны хүмүүс маань та нар хийж байгаа дуунуудаа хүнд хүргээч ээ, ер нь та нарын урсгал Монголын хип хопд байхгүй боллоо гэж их хэлдэг байсан. Нэг ёсондоо яг цэвэр репийг ойлгодог хүмүүсийн захиалгаар бид нэгдэж, уран бүтээлээ олон нийтэд цацаж эхэлж байна гэж ойлгож болох юм.
1997-1998 онд хип хопыг шимтэн сонсдог байсан хүүхдүүд өдгөө нас биед хүрсэн. Гэтэл тэдэнд хип хопыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн уран бүтээл үгүй болж, нэг ёсондоо сонсох зүйлгүй болжээ. Ний нуугүй хэлэхэд одоогийн Монголын хип хоп, реп урсгалын хөгжлийн чиг хандлага буруу явж байна. Хөгжиж байна гэх боловч үнэндээ ямарч шинэлэг юм алга. Реп агуулгаа алдаж урсгал стилиэ тодорхойлж чадахгүй болж комершел нь ч бай юу нь ч бай бүгд нэг хайрцганд орсон байна. Энэ нөхцөл байдал биднийг эргэн дуулахад маш том нөлөө болсон.
-Тэгэхээр өдгөө 30 нас гарсан сонсогчиддоо дуугаараа юуг илэрхийлэх вэ. Та бүхний хувьд ч анх дуулж байсан үеэ бодвол харах өнцөг чинь арай өөр болсон байх?
-Ер нь зөвхөн дуу хөгжим гэлтгүй энэ нийгэм, хүний оюун санаа, үзэл бодолд эерэгээр нөлөөлж чадах өөр өнцгийг бид төлөөлөх зорилготой. Хийж байгаа дуунуудыг маань сонсоод үзэхэд юу илэрхийлж, хэнд хандаад байгаа нь ойлгомжтой болно. Тиймээс бидний дууг сонсож үзэх хэрэгтэй л дээ.
Бидний хувьд мэдээж анх дуулж байсан үеэ бодвол нас дагаад үзэл бодол, сэтгэхүй маань ч ондоо болж бүр илүү хөгжсөн байх. Түүний дээр цаг үе маань ч өөр болсон. Тиймээс Юүдэнтэн бүлэг энэ нийгэм, залуусын сэтгэхүй рүү хандсан уран бүтээл түлхүү хийнэ.
-Монголын хип хоп урлагт олон шинэ залуу хамтлагууд төрж, өөрсдийн өнгө аясыг илтгэж байгаа. Та нар тэднээс ялгарах онцлог?
-Юүдэнтэн бүлэг маань Гангста реп урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Бид flow үг хэллэг дууны утга санаагаараа бусдаас ялгарна. Нэг ёсондоо чанараа алдаагүй цэвэр реп хийдэг гэдгээрээ тэднээс хэт ондоо.
-Урлагийн салбар өрсөлдөөн ихтэй болсон. Та нар залуусын сэтгэхүйг чих, зүрх сэтгэлээр нь дамжуулан байлдан дагуулахын тулд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна?
-Яг бид нарын дуулж байгаа урсгалд бол өрсөлдөгч байхгүй, сонсогч нарын хувьд энэ талын хөгжимд дасаагүй учраас яаж хүлээж авахыг нь хэлж мэдэхгүй байна. Идэвхжүүлэлт түгээлт гэдэг зүйлийг бусад хамтлаг дуучид хэрхэн хийдэг яг тэр жишгээр л явж байна. Ерөнхийдөө бор зүрхээрээ л явж байна даа. Бидэнтэй хамтарч ажиллах хувь хүн албан байгууллагууд чөлөөтэй харьцаж болно.
-Дараачийн уран бүтээлийн талаар?
-Бид нэг сар болоод л шинэ клипүүд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Угаасаа бидэнд өнгөрсөн хугацаанд хийсэн уран бүтээл чамгүй бий, урын сан маань арвин л даа. Хамгийн гол нь дүрсжүүлж олонд хүргэх ажил л үлдсэн.
-Монголын анхны эмэгтэй реппэр Gennie-тэй хамтарч уран бүтээл хийсэн байсан. Тэр тухайд?
-2003 онд “Цэвэр цус” дуун дээрээ Gennie-тэй хамтарч дуулсанаас хойш одоог хүртэл найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчид болж сайхан нөхөрлөж явна. Gennie маань Юүдэнтэн бүлгийн гишүүн.
- Монгол болон гадаадын ямар уран бүтээлчдийн дууг сонсдог вэ?
-Уг нь Монголынхоо уран бүтээлчдийг дэмжиж тэдний дууг сонсмоор л байна. Харамсалтай нь яг сэтгэлд хүрсэн хамтлаг, дуучид өнөөдөр алга. Барууныхныг бол гамгүй сонсоно.
-Танай хүү чинь бас реп дуулдаг гэсэн байх аа?
-Миний хүүг Г.Эрхэс гэдэг, реп нэр нь Буратино. Хүү минь Баянзүрх цогцолборын зургаадугаар ангийн сурагч. Хүү маань багаасаа хип хоп сонсож өссөн учраас их мэдрэмжтэй бас чамгүй авьяастай. Тиймээс хүүгээ дуулуулж үзсэн юм. Түүний анхны дуу нь “Даам гарая”. Анхандаа нэг их ач холбогдол өгөөгүй. Гэтэл миний хүүгийн дуу хүмүүст их таалагдсан юм билээ. Тиймээс хүүгийнхээ дараагийн уран бүтээл дээр ажиллаж байна. Ямар ч байсан нэг цомог гаргана гээд бид хоёр гар барьсан.
-Та нарт амжилт хүсэе?
-Баярлалаа. Mass.mn хамт олондоо ч ажлын өндөр амжилт хүсэе.