m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.24 04:06
95
Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборыг 10.8 тэрбум төгрөгөөр худалджээ

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоолоор “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсний дагуу Төрийн өмчийн хороо дуудлагын худалдааг 2014 оны есдүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Ажлын гүйцэтгэл нь 80 хувьтай бөгөөд энэ оны хоёр сард буруу байршилтай, хуучин байраасаа бага талбайтай гэсэн шалтгаанаар Засгийн газраас хувьчлах тогтоол гаргасан. Үүний дагуу Төрийн өмчийн хорооноос өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд тус барилгыг дуудлага худалдаагаар худалдах зар тавьснаас хойш долоон сарын хугацаанд хэд хэдэн удаа дуудлага худалдаа зохион явуулсан юм. Анх 13.5 тэрбум төгрөгөөс дуудаж эхлэхээр тохирсон ч дуудлага худалдаанд оролцох санал нэг ч ирэхгүй байсан учир үнийг бууруулан 10.8 тэрбум төгрөг болгосон. 

Энэ удаагийн дуудлага худалдаанд “Глобал Бридж” ХХК, “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК оролцож, 10,800,450,000.00 төгрөгийн үнийн санал өгсөн Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК, дуудлагын худалдааны ялагч болов.