Азийн Хөгжлийн Банкаар дамжуулан "Ядуурлыг Бууруулах Японы Сан"-ийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд олон ажлууд хийгдсэн байна. Үүнээс сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг сайжруулах зорилгоор суурин цэцэрлэгт түшиглэсэн гэр цэцэрлэг хоёрыг байгуулсан нь 20 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулж, хөгжүүлэх боломжтой болжээ. Мөн иргэдийг дэмжсэн хоршоо, бүлгэм байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн нь тэдний амьжиргааг дээшлүүлэх, ажлын байраар хангахад ихээхэн дэмжлэг болж чадсан байна. ЯБЯС-ийн туслалцаатай хийсэн ажилтай танилцах аялалын баг тус суманд хийгдсэн ажил болон Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сум" төслийн явцтай танилцаж, аймгийн Засаг дарга Н.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Биндэр сумын иргэдийн амьжиргааны түвшин хэр байгаа вэ?
-Манай суманд үндсэндээ ядуурал байхгүй болсон. Яагаад ингэж хэлж байна гэхээр сумын иргэдээ өдрийн 25-30 мянгаар цалинжуулаад зам засвар болон барилгын ажил хийлгэх гэхээр ажилладаггүй. Энэ нэг талаар байгалийн дагалдах баялаг ашигладаг боломж нөхцөл нь Биндэр суманд байдаг учраас хүмүүс Ононгийн ард руу гараад л өдөрт 20-30 кг жимс түүгээд 40-50 мянган төгрөгний орлого олдог. Тийм учраас суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг дандаа гадны сумдаас хүмүүс ирж хийж байна.
-Ядуурлыг Бууруулах Японы Сангаас нийт хэчнээн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Ер нь байгаль орчин, боловсрол соёлын тал дээр маш их хөрөнгө оруулсан. Бид ч бас цаашдаа хувь хүн, нөхөрлөл гэхээсээ илүү боловсрол соёлын тал дээр илүү их юм хийе, хөрөнгө оруулья гэсэн зорилготой байгаа.
Энэ зорилгынхоо хүрээнд хоёр гол асуудлыг тавьсан. Эхнийх нь сургуулийн өмнөх боловсролын асуудал дээр түлхүү анхаарал хандуулах. Яагаад гэхээр одоо манай сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 49 хувь нь гэрээр хүмүүжиж байна. Нэн тэргүүнд бид 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих асуудал, мөн сургуулийн дотуур байр шинээр барих хүсэлтийг мөн л холбогдох газарт нь тавиад байгаа.
-Дотуур байрны асуудал ямар хэмжээнд байдаг вэ?
-Бүсийн сургууль гэдэг утгаараа алслагдсан сумдын хүүхдүүд ихээр ирж суралцдаг. Тийм учраас сургуулийн дотуур байр шинээр барих хэрэгцээ шаардлага маш их байна. Одоо байгаа нь 1980 онд баригдсан БАМ-ын хоёр барилга байдаг. Эндээ жил бүр урсгал засвар хийгээд ч тордлого авахад хэцүү болсон. Үүнийг нь мэргэжлийн хяналтын газраас шалгаад хүүхэд амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарчихаад байж байна. Тэгэхээр шинэ байр барих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.
-"Шинэ сум" төслийн хүрээнд барьж байгаа сургуулийн барилга ашиглалтад орсон уу?
-Биндэр сумын сургууль бол С.Эрдэнийн нэрэмжит хойд бүсийн төв сургууль бөгөөд 90 жилийн түүхтэй. Хуучны сургууль учраас нэгдсэн халаалт байхгүй галлагаатай сургууль байсан. Одоо “Шинэ сум” төслийн хүрээнд орчин үеийн шийдэлтэй 640 хүүхдийн сургууль барьж ашиглалтанд оруулж байна. Ингэвэл хүүхдийн суралцах ая тухтай орчин бүрдэж, тэр хэмжээгээр боловсролыг чанартай олгох боломжтой болох юм. Ер нь бүсчилсэн хөгжил гэдэг дээр төр илүү түлхүү анхаарах ёстой гэж боддог.12 жилийн сургалттай бүсийн сургууль нь нэгдсэн халаалтгүй байгаад огт анхаарал тавихгүй байсныг би 2008 оноос хойш тасралтгүй хөөцөлдсний эцэст 640 хүүхдийн сургуулийг барих хөрөнгө, мөнгөний асуудлыг шийдвэрлэснээр энэ 11 сарын 15-нд ашиглалтанд оруулахаар боллоо.
-Танай сумын сургуульд аль сумдаас ирж суралцдаг вэ?
-Батширээт, Баян-Адарга, Дадал, Гурванбаян гэсэн тойргийн сумдаас хүүхдүүд ирж суралцдаг. Одоо бол 700 гаран хүүхэд суралцаж байна. Тохилог орчин бүрдвэл аяндаа 1000 гараад явчихна.
-“Шинэ сум” төслийн хүрээнд өөр ямар ажлуудыг хийж байна?
-Төслийн хүрээнд хоёр км зам тавигдаж байгаа. Мөн төсвийн бүх байгууллагуудын цэвэр бохир ус, халаалтын шугамыг тавьж, Барилга Хот Байгуулалтын Яам, Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу ажлын 30-аад хувь нь хийгдээд байна. Энэхүү ажил нь 11 сарын 10-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа.
-Биндэр сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ. Өвөлжилттэй холбоотой тулгарч байгаа асуудлууд байгаа юу?
-Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай хангагдаад байна. Ер нь манай сум мал аж ахуй зонхилсон нутаг. Буриад зон олон өөрсдөө их ажилч хичээнгүй ард түмэн учраас бэлтгэл ажлаа бие даагаад их сайн хангадаг. Аймгийн хэмжээнд Биндэр сум 13 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх үүрэгтэй. Бид энэ үүргээ жил бүр давуулан биелүүдэг. Энэ жил ч мөн адил 13-15 мянган тонн хадлан бэлтгэсэн.
Харин төсвийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл дээр жаахан асуудал гарч магадгүй. Яагаад гэхээр төслийн хүрээнд хийгдэх ажлууд удаашралтай байгаа нь асуудал үүсгэж болзошгүй юм. Хэрвээ тэгвэл өөрсдийн бага оврын уурын зуухаа ажиллуулаад дулааны хангалтаа хийнэ гэсэн бодолтой байгаа.