Сүүлийн үед авьяаслаг залуу жүжигчид кино урлагт хүч түрэн орж ирж, олон сайхан киноны гол дүрийг бүтээж байгаа. Тэдний томхон төлөөлөл бол СТА, жүжигчин Ч.Болд. Үзэгчид түүнийг “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Богд хаан”, “Надтай гэрлээч”, “Босго тотго” кинонд бүтээсэн дүрээр нь илүү сайн мэдэх байх. Болд хамгийн сүүлд “Боловсрол суваг” телевизийн бүтээл “Мөрдөгч” олон ангит кинонд дэслэгч Гарьдын дүрийг амилуулсан билээ. Түүнийг “Масс зочин” буландаа урьж, уран бүтээлийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
-Ярилцлагаа нэгэн уламжлалт асуултаар эхэлье. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ манай уншигчдад сонирхуулна уу?
-Найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуайн “Хүний амь” гэж кино байдаг даа. Үүний хоёрдугаар анги “Аймшигтай нүүдэл” гээд мэргэжлийн хяналтын талаар кино хийж байгаа. Энэ киноны гол дүрд тоглож байна. Одоохондоо хөдөө, натуртай зураг авалтууд хийгдэж байна. Бас “Боловсрол суваг” телевизийн хийсэн “Мөрдөгч” гээд 40 ангитай сериалд тоглолоо. Зураг авалт нь өнгөрсөн өвлөөс эхлэн бараг зургаан сар үргэлжилсэн. “Аймшигтай нүүдэл”-ээс өмнө найруулагч Б.Таванбаярын “Хүдэн” гээд нэг ангитай кинонд тоглолоо. Кино маань “Улаанбаатар” кино фестивалийг нээж эхлүүлэхээр болсон гэж өнөөдөр надад дуулгасан.
-Товчхондоо бол нэлээн завгүй л байгаа юм байна даа?
-Харин тийм. Нэгийг дуусгаад нөгөө рүү нь ороод л явж байна даа.
-СУИС-ийн кино драмын анги төгссөнийг чинь мэднэ. Ер нь яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Надад хоёр л сонголт байсан. Нэг бол цагдаа, эсвэл жүжигчин болно гэж боддог байлаа. Нэг өдөр ээж надаас “Нөхөр минь чи ямар мэргэжилтэй болох гээд байна” гэж асуусан. “Жүжигчин болмоор байна” гэсэн чинь СУИС дээр аваачиж, Г.Жигжидсүрэн багштай уулзуулсан юм. Тэгээд шалгалт өгч тэнцээд орсон доо. Анх шалгуулахдаа дуулж ч чадахгүй хөгийн юм байсан (инээв). Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Одоо манай ангийнхан ихэнх нь урлагаар явж байна даа. “Guys”-ийн дөрөв байна. “Шинэ үе”-ийн Д.Оюунтуул, МҮОНТ-ийн найруулагч, сая онцгой байдлын киног найруулсан Б.Гантулга гээд яриад байвал олоон.
-Оюутны амьдрал хамгийн сайхан дурсамжтай байдаг. Тэр тусмаа СУИС-ийн оюутнууд илүү нийтэч, сайхан байдаг болов уу гэж бодогддог юм...
-СУИС-ийнхан коллектив сайтай л даа. Хамтарч уран бүтээл хийдэг болохоор тийм байдаг юм болов уу. Бид чинь сургууль дээрээ оройтно, хонож өнжинө. За тэгээд шалгалт дөхөхөөр СУИС-аар бараг л амьдарна шүү дээ. Манайхан ангиа тохижуулна гээд жижиг хэмжээний тоглолт бэлдээд сургуулиудаар тоглодог байсан түүх бий. Бидний үед гурав, дөрөвдүгээр курс хүртэл кинонд тоглуулдаггүй байсан юм. Би 2001 онд төгсөөд л талийгаач Ж.Биндэр найруулагчийн “Овжин охид” кинонд анх тоглосон доо. Би Биндэр ахын бараг таван кинонд тоглосон байх шүү.
-Төгсөөд яагаад кино руу орсон юм бэ?
-Гарц нь тийм байсан юм байлгүй дээ. Ж.Биндэр ах кинонд гарах гэж байна, Кино үйлдвэр дээр очиж шалгуул гэсэн. Очиж шалгуулаад киноны зураг авалтад оролцсоноос хойш дандаа кинонд тоглосон доо. 2004 онд “Цүки хаус”-т “Стриптиз блюз” гээд жүжигт тоглож үзсэн. Үүнээс өөрөөр драмын жүжигт тоглоогүй ээ.
-“Тавилан” киноны олны хэсэгт тоглож байсныг чинь санаж байна. Хэдэн он билээ?
-“Тавилан” чинь нэг бил үү хоёрдугаар курст байхад хийгдсэн кино. Олны хэсэгт Өөскө тэргүүтэй дандаа урлагийн гарууд тоглосон юм. Одоо дахиад үзвэл байж л байгаа.
-“Мөрдөгч” киноныхоо талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч? Ер нь олон ангит кинонд хэр олон тоглосон бэ?
-Анх Д.Цогт найруулагчийн “Бид дөрвийн хайр” кинонд тоглосон. Дараа нь хилийн цэргийн тухай 60 ангитай “Босго тотго” кино байна. Бас NTV-гийн 18 ангитай сериалд тоглосон юм. Ерөнхийдөө дөрвөн ч сериалд тоглосон юм байна шүү. “Мөрдөгч”-ийн тухайд Х.Тэмүүжин сайдын санаачилгаар шинэ хуулиар хийж байгаа кино. Өмнө нь мөрдөгчид иргэнийг өөр дээрээ дуудаж байцаадаг байсан бол одоо өөрөө эрэн сурвалжилж, хэргээ илрүүлдэг болсон. Киноноос энэ нь харагдана даа. Уг нь киноны зураг авалт сая “Боловсрол”-оор гарсан “Гурван найз” кинотой хамт эхэлсэн юм. Харин манай кино обьект ихтэй, ажиллагаатай болохоор нэлээн удсан. Мэргэжлийн үг хэллэгүүд нь ойлгогдохгүй эхэндээ хэцүү л байлаа. Би Гарьд гээд дэслэгчийн дүрд тоглосон. Нэг анги дээр нэг хэрэг илрүүлдэг, янз янзын хэргүүд орж ирдэг болохоор жаахан хэцүү талдаа байсан.
-Жүжигчин юм уу цагдаа болохыг хүсдэг байсан хүн сая зургаан сарын турш цагдаагийн амьдралаар амьдарсан байна шүү дээ. Ажил нь ямархуу санагдав?
-Хүнд хүнд. Ер нь амар ажил гэж байхгүй биз дээ. Би кинонд тоглох болсноос хойш нэлээн хэдэн дүрэмт хувцас өмсчихлөө. Сая “Аймшигтай нүүдэл”-д мэргэжлийн хяналтын газрын аймгийн даргаар ажиллаж байгаа юм. Замын цагдаа ч боллоо. Зүгээр цагдаа ч боллоо. Халх голын үеийн офицер, цэрэг ч болж үзлээ.
-Болдын тоглосон кино болгоны талаар яриад байвал ярилцлага маань дуусахгүй байх. Тэгэхээр гол хэдийг нь тойрч ярья л даа. “Богд хаан” кинонд Богдын дүрийг бүтээсэн. Түүхэн том дүрийг хэрхэн бүтээсэн талаараа сонирхуулбал?
-Түүхэн кинонд, түүхэн дүрд тоглох нь жүжигчин бүрийн мөрөөдөл байх аа. Анх “Зохиомж” дээд сургуулийн захирал Б.Цогтбаяр ах надад санал тавьсан. Тэгээд пробонд ороод тэнцсэн дээ. Намайг дүрийн судалгаа хийгээрэй, хэд хэдэн зохиол уншаарай гэсэн. Богд хаан судлаач О.Батсайхан ахын туурвисан номнуудаас нэлээн уншиж, судалгаа хийсэн юм. Миний тоглосон Богд хаан социализмын үеийн Богдоос ондоо л доо. Өмнөх Богд бол нэг намын тогтолцоо, шашингүй үзэл, оросуудын шахалтаас болж түүхийг нэлээн гуйвуулсан дүр. Харин энэ бол үнэн түүхээр нь хийсэн Богд. Анх Монголоо тусгаар улс болгоё гэсэн санаачилгыг гаргаж, хойшоо өөрийн элч төлөөлөгчийг явуулж байсан тийм л Богд.
-Ийм том дүрийг бүтээхдээ айж байв уу?
-Ер нь ямар ч кинонд ороход айна шүү дээ. Яаж хийнэ дээ гэж бодоод л яваад байна. Зохиол уншиж байхад хэцүү зурагнууд гараад ирнэ. Тэгээд л бодолд дарагдана шүү дээ. Ер нь айж эмээх юм гарна аа. Тэгээд энэ бүхний ард гарсны дараа алга ташилт сонсох гоё байдаг даа.
-Эргээд киногоо үзэхэд ямар санагдаж байна. Ийм үед тэгдэг байж гэсэн бодол төрсөн үү?
-Ямар ч дүр 100 хувь гэж байхгүй шүү дээ. Харахаар алдсан, оносон юм зөндөө л байна. Дараагийн уран бүтээл дээрээ тэгэхгүй юмсан гэж бодно.
-Дандаа эерэг дүр бүтээдэг байх аа?
-Харин тэгж л таараад байна. Ерөнхийдөө найруулагчид тэгж хардаг юм шиг байгаа юм. Гэхдээ эсрэг дүрд тоглож үзье гэсэн бодол бий.
-Болд гэдэг хүн өөрийгөө тодорхойлбол?
-Өөрийгөө сайн шинжиж мэдэхгүй байна. Уурлахаар юман дээр уурлахгүй хэрнээ уурлахааргүй юман дээр дүрсхийчихдэг байж магадгүй.
-“Надтай гэрлээч” киног чинь үзэхэд уйдамгүй санагддаг. Энэ кинонд тоглосон талаараа сонирхуулбал?
-2006 онд хийгдсэн кино. Соёлтой, боловсролтой, зөөлөн, зөв талын дүр л дээ. Найруулагч С.Баттулга тэр киног хийсэн юм. Зохиолыг нь уншаад үзэхэд их таалагдсан.
-Жүжигчин хүнд кино найруулах юмсан гэсэн хүсэл байдаг байх. Чиний хувьд?
-Байлгүй яахав. Ойрноос хэдэн хүнтэй ярьж байгаад кино хийх гээд үзээд байна. Ерөнхийдөө зохиол нь бараг гарчихсан гэж хэлж болно.
-Зохиолыг нь хэн бичиж байгаа вэ?
-Зохиолын ерөнхий санаа бол минийх. “Мөрдөгч” кинонд хамт тоглосон Амарсанаа ах бид хоёр текстэн дээр сууж байгаа. Зохиолч биш болохоор бас хэцүү юм байна.
-Киноныхоо өгүүлэх санааг цухас дурдаж болох уу?
-Зургаа дахь мэдрэхүйн талаар.
-Жүжигчин Б.Амарсайханаас эхлээд манайхан Холливудад гараад эхэлчихлээ. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Нэг нь ч гэсэн гадагшаа гарц гаргаж байгаа нь сайн хэрэг. Энэ бол том дэвшил. Миний бодлоор эхний ээлжинд хоёр хөрш рүүгээ гарц гаргачихвал сайхан л байна. Өвөр Монгол руу “Аравт” гээд кино хийгдээд эхэлж байна. Манай Р.Анхням Хятадын кинонуудад тоглоод байна. Би үүнийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл энэ чинь гарц байхгүй юу. Холливуд руу гарах хэмжээний сайн жүжигчин Монголд зөндөө бий.
-Чиний хувьд гадагшаа гарах арга замыг эрэлхийлж үзсэн үү? Энд тэндээс санал тавьж байв уу?
-Одоохондоо тиймэрхүү юм алга л байна. Гэхдээ ирээдүйд болох байх аа.
-Хүмүүсийн сэтгэлд нэлээн хүрсэн кино бол Б.Амарсайхан та хоёрын тоглосон “Боолын гэрээ” байна. Нэлээн адал явдалтай кино болсон. Зураг авалтууд хүнд байв уу?
-Жүжиг ч бай, кино ч бай тухайн цаг үеэ олж гарч ирэх хэрэгтэй юм шиг байгаа юм. “Боолын гэрээ” бол яг цаг үеэ мэдэрч гарч ирсэн кино гэж боддог. Анх зохиолыг нь уншиж байхдаа тийм сайн кино болно гэсэн итгэлгүй байсан. Киног найруулсан манай найз З.Батболд биднийг оюутан байхад л “Амраа та хоёрыг ихэр ч юм уу, ах дүү хоёр болгоод кино хийнэ” гээд яриад явдаг байсан юм. Манай хүн хэлсэндээ хүрч, гоё кино хийсэн. Зураг авалт ч сайхан болсон. Ерөнхийдөө цус ихтэй, зодооны хэсэгтэй болохоор зураг авалтууд хүнд байсан л даа.
-Амараатай хамт хэд хэдэн кинонд тоглочихлоо. Та хоёр нийлэхээр часхийсэн юм гарч ирээд байх шиг санагддаг юм...
-Бид хоёр СУИС-ийн найзууд. “Боолын гэрээ”-нээс хойш нэлээн дотно нөхөрлөж байгаа. “Боолын гэрээ”-г хийсний дараа надад “Найз нь нэг кино хийх гэж байгаа. Хоёулаа ер нь дандаа л найзууд болдог юм чинь миний хөгшин нэг удаа эсрэг талын дүрд тоглоод өгөөч” гэсэн. Тэгээд “Бодлын хулгайч” киноны Ерөөлийн дүрд тоглосон. Бодит дүр л дээ. Зарим хүн киног үзчихээд “Чи ёстой муухай залуу” гэдэг юм. “Би ажлаа л хийсэн шүү дээ” гэж хариулна. Харин мөрдөгч нар болохоор “Ёстой гоё. Бид нар яг тэгж ажилладаг” гэнэ.
-Сүүлийн үед манайд шинэ кино их хийгдэж байна. Олон кино гарч байгаа нь сайхан ч цаана нь чанарын асуудал яригдана. Ер нь Монголын кино урлагийн түвшин ямархуу байна гэж боддог вэ?
-Кино хийгдэж байгаа нь зүгээр ш дээ. Мөнгө байгаад хийгээд байвал сайн л биз. Тэртэй тэргүй үзэгчдийн цензурээр сайн, муу нь ялгараад ирнэ. Зарим нэг нь би кино хийж чадахгүй юм байна гээд хойшоо ухарна. Чадаж байгаа нэг нь цааш хийгээд явна. Олон кино хийгдэж байгаад би шүүмжлэлтэй хандахгүй байна. Хамгийн гол нь үзэгчдийн л үнэлэмж шүү дээ.
-Шинэ кинонуудыг очиж үзэж байна уу?
-Тийм зав байдаггүй дээ. Хааяа л үздэг юм.
-Бүтээсэн дүрүүдээс чинь аль нь хүмүүст илүү хүрсэн юм шиг байна?
-Хүмүүс “Боолын гэрээ-ний Болдоо” л гэж ярьдаг юм билээ. Хөдөөгүүр болохоор “Босго тотго-ын Бат” гэдгээр нь илүү мэддэг байх.
-Өөрийн чинь хувьд аль дүр нь сэтгэлд дотно санагддаг вэ?
-“Босго тотго”-ын Бат.
-Яагаад?
-Бага залуугаасаа эхлээд тавин хэд хүртэл явчихаж байгаа дүр. Тэгэхээр тэр хүний амьдралыг бүгдийг гаргана гэсэн үг. Тийм болохоор энэ дүр дээр нэлээн бодож ажилласан. Хилийн цэргийн амьдралыг харуулсан, байлдаан ихтэй кино л доо. Кино зураг авалт жил, зургаан сарын турш үргэлжилсэн. Энэ үеэр бараг цэргийн хүн болсон доо. Мэдээж тоглосон дүр болгон сайхан л даа. Дүр болгоныг бодож, шаналж байж гаргана.
-Иймэрхүү дүр бүтээгээд үзчих юмсан гэсэн хүсэл байдаг уу?
-Эсрэг талын дүрд тоглоод үзчихдэг юм уу гэсэн бодол байдаг. Ер нь тэгээд найруулагч итгээд дүр өгвөл чадах чинээгээрээ л тоглохыг хичээдэг дээ.
-Гэр бүлийнхээ талаар танилцуулбал?
-Би Үжин, Ялгуун гээд хоёр охинтой хүн. Миний гэргий Ариунаа гээд бүсгүй бий. Кинонд яваад өгөхөөр ар гэрийн бүх л ажлыг зохицуулдаг даа.
-Тамирчид шиг гэртээ байхаасаа байхгүй нь их болчихоод байна уу?
-Тэгнэ шүү дээ. Зундаа бол гэртээ бараг тогтохгүй. Хөдөөгүүр зураг авалт гээд яваад өгнө. Одоо хагас сайнд Өмнөговь явах гэж байна. Зундаа энэ хэдийгээ амраачихаж чадахгүй л юм. Харин ирэх жил эртнээс төлөвлөж байгаад амраана аа.
-Г.Жигжигдсүрэн багшийнхаа талаар ярьж өгөөч?
-Миний багш сайхан хүн шүү дээ. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Багш надад “Болдоо, би чамайг яагаад ангидаа авсныг мэдэх үү? Чи манай хоёр ихэр хүүхэдтэй их адилхан” гэдэг юм. Би ч Жийгээ багшийн л хүүхэд байсан даа. Хайртай шавь нь. Багш намайг жүжигт гол дүр дээр тавьчихаад кинонд болохоор тоглуулахгүй, туслах найруулагчаар аваад явдаг байсан. Би болохоор кинонд тогломоор санагдаад байдаг. Одоо л анх удаа багшийнхаа найруулсан кинонд тоглох гэж байна.
-Өөрийнхөө мэргэжлийн өвлүүлэх давхар санаа байж магадгүй юм?
-Тийм тал байж магадгүй. Миний амьдралд их тус дэм болсон хүнлэг сайхан хүн шүү дээ. Би оюутан байхдаа сахилгагүйтэж, сургуулиас хасагдчих дээрээ тулж л явлаа. Багш маань тэр үед “Болдоогоо хасуулбал би ангиа тараана” гэж байгаад авч үлдэж байлаа.
-Сайхан ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд чинь амжилт хүсье.
-За баярлалаа.