m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.26 05:09
140
Эрчүүдийг ичээм амжилтын эзэд

Спортын ертөнцөд эсрэг хүйстнээсээ дутахааргүй амжилт үзүүлсэн, үзүүлсээр ч буй “шингэн дуутнууд” цөөнгүй бий. Тэдний томоохон төлөөлөгчдийг танилцуулъя.

Биргит Принц

Тоглогчдын гачаалд орсон Италийн “Перужа” баг сайн довтлогч хайж байв. Энэ үед АНУ-д болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-д германчууд илэрхий давамгай тоглон түрүүлсэн юм. “Бундестим”-ийн довтлогч Биргит Принц тус тэмцээнд долоон гоол оруулж, шилдэг тоглогчийн болоод мэргэн буучийн шагналыг хамтад нь хүртжээ. Ялангуяа шигшээ тоглолтод Шведийн хаалганд хийсэн гоол нь “Перужа”-гийн ерөнхийлөгч Лучано Гауччиг бишрүүлсэн аж. Ингээд тэр Принц болон Шведийн бомбардир Ханна Юнгберг (Түүнийг Фредди Юнгбергийн дүү юм уу, эхнэр хэмээн андуурах нь бий. Гэвч тэр Фредериктэй ямар ч холбоогүй), хагас хамгаалагч Виктория Свенссон (тэр ч гэсэн Шведийн нэртэй Андрес Свенссонтой огт хамаагүй) нарыг авахаар хөөцөлдөж эхлэв. Хэдийгээр тэд бүгдээрээ Европын холбооны паспорттой, эрэгтэй-эмэгтэй хүмүүс хоорондоо тоглохыг хориглосон хууль байдаггүй ч FIFA Гауччигийн санааг дэмжээгүй билээ.

Марибэль Домингес

Тэрбээр есөн хүүхэдтэй мексик гэр бүлд төржээ. Охин багаасаа хөлбөмбөг сонирхон тоглодог байсан бөгөөд ур чадвараа сайжруулж, нэртэй хөлбөмбөгчин болохын тулд хөвгүүдийн багт орохоор шийджээ. Ингээд Марибэль хүйсээ сайтар нууж, нэрээ Марио болгон өөрчлөв. Харин хамтран зүтгэгчид нь арван жилийн дараа л энэхүү нууцыг мэдэж гүнзгий шоконд орсон гэдэг. Тэд сайндаа мэдсэн бус Марибэль 1999 онд АНУ-д болох гэж байсан ДАШТ-д оролцохын тулд олонд нууцаа дэлгэсэн юм. Гэвч тэр ДАШТ-д гялалзаж чадсангүй. 2002 онд Домингес “Атланта Бит” багтай гэрээ байгуулсан бөгөөд хоёр жилийн дараа Афины олимпод шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглон шөвгийн наймд шалгарчээ. Тухайн үед сонин хэвлэлээр “Марибэль Домингест өндөр хурд, гоолын мэдрэмж, хүчтэй цохилт, хурдан сэтгэх чадвар…гээд юм бүхэн заяажээ. Хэрэв багийнх нь тоглогчид бүгд ийм байсан бол мексикчүүдийг дийлэх баг гарахгүй биз ээ” гэхчилэн бичиж байв. Тэр сарын 1800 гаруй ам.долларын цалин авдаг байсан нь эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт рекорд амжилт юм. 2005 онд 26 настайдаа Мексикийн хоёрдугаар лигийн “Селая” хэмээх эрэгтэйчүүдийн багтай гэрээ байгуулсан ч FIFA Б.Принц, Х.Юнгберг, В.Свенссон нарын адилаар эрчүүдтэй тоглохыг нь хориглосон билээ.

Манон Реом

                                     

Канадын Квебек мужийн Лак-Беопор хотноо төрсөн Манон Реом бол NHL-д мөрөө гаргасан анхны эмэгтэй тамирчин юм. Хөлбөмбөгөөс ялгаатай нь Канадад эрэгтэй, эмэгтэйчүүд нэг багт мөр зэрэгцэн тоглохыг хориглодоггүй аж. Тэрбээр одоогоос 17 жилийн өмнө “Тампа-Бэй Лайтнинг”-ийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо “Сент-Луис”-ийн эсрэг хийж, өрсөлдөгчийнхөө долоон цохилтын тавыг нь амжилттай хаажээ. Тухайн үед зарим хэвлэлээр “Тампа-Бэй” бүсгүй хаалгачдаа төдийлөн найдахгүй байгаа ч маркетингийн чанартай алхам хийлээ” хэмээн хардангүй бичиж байв. Гэвч улирлын өмнөх бэлтгэл дээр залуухан охин гайхалтай сайн хааж байсан тул клубийн удирдлагууд түүнтэй мэргэжлийн гэрээ байгуулахаар шийджээ. Мэдээж эрчүүдийн спорт гэгддэг хоккейд амжилт олох магадлал бага байсан болохоор Реом NHL-д нэг их удаагүй. Гэвч Реом “Ноксвилл Черокис”, “Нэшвилл Найтс”, “Лас-Вегас Тандер” зэрэг доод лигийн багуудад амжилттай тоглож байв. 1998 оны Наганогийн олимпоор Манон эмэгтэйчүүдийн шигшээ багтаа тоглон мөнгөн медаль хүрттэж байв.

Юдит Полгар

Унгарын шатарчин бүсгүй дээр дурдсан хэдээс хавьгүй өндөр амжилт үзүүлснээрээ ялгарна. Тэрбээр 15 нас, дөрвөн сартайдаа тухайн үедээ хамгийн залуу эмэгтэй гроссмейстер (их мастер) болсон юм. Тэрчлэн рейтингээрээ дэлхийн шилдэг эрэгтэй шатарчдын эхний 15-д бичигдэж, Г.Каспаров, А.Карпов нарын аваргуудыг нэг бус удаа хожиж байв. “Одоогоор надтай өрсөлдөх эмэгтэй шатарчин одоохондоо алга. Магадгүй ойрын 3-4 жилд хэн нэгэн авъяаслаг охин гарч ирж болох юм” хэмээн ярих Юдит дөрвөн жилийн өмнө охин Ханнагаа төрүүлсний улмаас одоохондоо тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа билээ.