m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.26 05:52
78
Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан мэндчилгээ

УИХ-ын дарга З.Энхболд Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 90 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ

-Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 90 жилийн ойд-

Монголын газар нутагт зуун зуунаар хадгалагдаж үлдсэн соёлын их өвийг уламжлан өвлүүлэх, өргөжүүлэн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйл хэргийг үргэлжлүүлж буй үе үеийн музейн удирдлага, албан хаагчид та бүхэнд Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Эх түүхийн нугачаанд олон зууны соёл түүхийг өөртөө шингээсэн үзмэр,эд өлгий нь иргэдийнхээ эх оронч ухамсарыг төлөвшүүлэхэд, үзэгчдийнхээ оюун санаа соёлын түвшинг дээшлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Монгол Улсын Их Хурлаас “Соёлын талаар төрөөс баримтлах бодлого” болон “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын үзэл санаа, үндсэн зарчимыг үндэсний хууль тогтоомжид бүрэн тусгаж, олон нийтийн оролцоонд суурилсан соёлын өвийг хамгаалах цогц бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болголоо.

Музей нь шинэ нийгэмд зохицон үйлчлэх, үзэгчдийн оюуны эрэлт хэрэгцээг хангах, тэдэнд эх түүх, өв соёлоо улам хайрлан хамгаалж хөгжүүлэх мэдлэг оюуныг төлөвшүүлэх, иргэн бүр иргэний үүргээ нэр төртэй биелүүлэхэд музейн ажиллагсад Та бүхэн чухал үүрэг гүйцэтгэж байна.

Музейн сан хөмрөгийг баяжуулах бүртгэл мэдээллийн санг цахимжуулах, хадгалалт, харуул хамгаалалтыг сайжруулах, музейн ажиллагсадын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ асуудалд Монгол Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллах болно.

Түүхт 90 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа Та бүхэндээ Монгол Улсад Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн бүхэн өсөн дэвжиж, дэлгэрэх болтугай.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД