Чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр Монголын дөрвөн бөх дэвжээнд гарлаа. 61 кг-д хүч сорьсон Т.Түвшинтулга эхний даваанд Энэтхэгийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Б.Бажрангтай тэнцүүхэн үзэлцэж, 5:5-аар тэнцээд сүүлийн оноогоор ялагдав. Харин дагах барилдаанд Тажикистаны бөхийг 8:0-ээр ялж, хүрлийн төлөө хүч үзэх эрхтэй боллоо. Түүний учраа нь Японы Н.Такацүка.
Түүнчлэн 74 кг-ын Д.Гомбодорж эзэн орны бөх И Сан Кьюд 7:3-аар дийлдэн үзэгчдийн суудалд шилжлээ. 86 кг-д ногт ганзагалаж очсон П.Өсөхбаатарын хувьд Тайландын М.Теракамыг 1:57 минутад оноогоор цэвэр ялж гараагаа сайхан эхэлсэн ч Солонгосын Ким Гьан Укт 10:6-гаар бүдрэв.
Хамгийн хүнд 125 кг-д барилдсан ОУХМ Ж.Чулуунбат Саудын Арабын учраагаа 4:0-ээр хожоод Ираны Б.Хадид мөн дээрх тоогоор ялагдлаа. Харин дагах барилдаанд Хятадын Ден Зивейг 16:10-аар сөхрүүлж, хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Одоо манай бөх медальтай үлдэх эсэхийг шийдэх чухал барилдааныг БНСУ-ын бөхийн эсрэг хийнэ. Наадмын медалийн төлөөх барилдаанууд 18.00 цагаас эхэлнэ.
фотог Ч.Ганбат (MSPU)