
Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон тоглолтын 52 дахь улирлынхаа нээлтийг хийх гэж байна. Нээлтийг үндэсний ууган дуурь болох “Учиртай гурван толгой” дууриар 2014 оны аравдугаар сарын 04,05-нд, балетын нээлтийг 11,12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар тус тус нээх юм.

Тоглолтын 52 дахь улиралдаа 80 гаруй тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн дотор дөрвөн бүтээлийг шинээр болон шинэчлэн тавьж, гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтарсан гурван тоглолтыг зохион байгуулах юм байна. Ерөнхийдөө үндэсний сонгодог урлагт ихээхэн анхаарч ажиллах ба алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн, УГЗ Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинээр, мөн өвөрмөц шинэлэг “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүжин” түүхэн сэдэвт балетуудыг шинээр тавихаар төлөвлөжээ.
Энэ жил “Учиртай гурван толгой” бүтээлийн 80 дахь жил тохиож байгаагаараа онцлог болж байгаа бөгөөд 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болж бичигдсэн байдаг аж. Их зохиолч Д.Нацагдоржийн энэхүү бүтээлд манай шинэ үеийн урлагийн үүсгэн байгуулагчид, үе үеийн ахмадууд үүнд оролцон тоглосон нь түүхэн гайхамшиг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
УДБЭТ-ын хувьд л гэхэд энэ улирлын нээлтийн тоглолттойгоо нийлээд 2410,2411 дэх удаагаа “Учиртай гурван толгой” тоглогдох гэж байгаа юм.



Нээлтийн тоглолтонд зарим тайз, бүжгийн хувцсыг шинэчлэн хийж, бүжгийг шинэчлэн тавьж бүх гоцлол дуучид тоглож, өөр өөр өнгө аяс, донж, маяг бүхий өвөрмөц дүр төрхтэй Юүндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрийг амилуулан тоглож байгаагаараа онцлог хэмээн театрын хамт ярилаа.
Нээлтийн “Учиртай гурван толгой” дуурийн Юүндэнд МУГЖ М.Болд, Нансалмаад СТА М.Даариймаа, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд СТА Э.Бумхүү нарын жүжигчид тоглох ба МУГЗ Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар удирдана. Нэгэн сонирхолтой зүйл нь Балганд дөрөв, Нансалмаад дөрөв, Хоролмаад гурав, Балганд дөрвөн өөр өөр жүжигчид тоглох ажээ.
Мөн “Хунт нуур” балет нь энэ жил 136,137 дахь удаагаа тоглогдох гэж байгаа ба гол дүрүүдэд МУГЖ Ч.Ганчимэг, СТА Б.Саруул, СТА О.Ганцоож, СТА М.Од зэрэг шилмэл жүжигчид тоглох юм байна.






