m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.02 04:39
451
Жүжигчин Х.Баярмаа: Гэр бүлийнхэн маань л жинхэнэ чин үнэн шүүмжлэл, зөвлөгөөг өгдөг

Жүжигчин, мисс, загвар өмсөгч Х.Баярмаа “Шилдэг өнгө” продакшны захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Өлзийхүү нарын охин гэдгийг бид мэднэ. Тэрбээр “Miss Mongolia 2012” тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, ӨМӨЗО-ны Ордос хотод болсон дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан билээ.

Х.Баярмаа орон орны хүүхэлдэй цуглуулах хоббитой бөгөөд "Дэлхийн мисс" тэмцээнд оролцох үеэрээ олон найз нөхөдтэй болж, тэд нь улс орныхоо онцлогийг тусгасан хүүхэлдэйнүүд бэлэглэж, цуглуулгыг нь нэлээд баяжуулж өгсөн гэдэг. Гоо сайхан дүр төрхөөс гадна чөлөөт цагаараа жүжгийн зо­хиол орчуулдаг оюунлаг бүсгүйтэй уулзаж, ярилцлаа.

-“Мөрөөдлийн театр”-ын хамт олонтой шинэ тоглолтонд нь оролцож байгаа юм байна. “Шилдэг өнгө” продакшн үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

-MASS.mn сайтыг уншиж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд “Мөрөөдлийн театр”-ын ах эгч нартайгаа хамтарч тоглоод маш амжилттай, сайхан байна. Үзэгчид ч үнэхээр сэтгэл дүүрэн хүлээж авч байна. “Мөрөөдлийн театр”-ыг үздэг үзэгчид нэлээд их байдаг юм байна. Миний хувьд энэ хамт олонтой анх удаа л хамтарч тайзнаа гарч үзлээ. Анх Батаа ах надад хамтарч ажиллах санал тавьсан. Залуу хүний хувьд энэ хамтлагаас маш их зүйлийг сурч, мэдэж авлаа. Манай “Шилдэг өнгө” продакшн маань ч бас уран бүтээлээ хийсээр байгаа. Шинэ кино бүтээх ажил эхлүүлсэн. Тун удахгүй зураг авалтууд эхлэнэ. Ирэх нэгдүгээр сараас эхлэн киноныхоо промоушныг хүргэх зорилготой. Мөн тун удахгүй өөрсдийн гэсэн нэгэн нэвтрүүлгийг хийнэ. Ер нь нэлээд их ажилтай байгаа шүү.

-Жүжигчин болохыг багаасаа л мөрөөдөж байв уу?

-Тэгэлгүй яахав. Ёстой дурлаж байж энэ мэргэжлийг сонгосон. Жүжигчин гэдэг их хэцүү мэргэжил л дээ. Хүмүүс магадгүй царайгаа харуулаад, хэдэн текст уншаад л болчихдог гэж төсөөлдөг байж магадгүй. Гэтэл жүжиглэхийн тулд бид маш их зүйлийг сурах, судлах шаардлагатай болдог. Ямар л дүр бүтээнэ. Тэр дүрийнхээ судалгааг хийж, мэргэжлийг нь судалж, тэр хүний өмнөөс сэтгэх шаардлагатай болдог. Ер нь дүрдээ орно гэдэг хэн хүний хийж чадаад байдаг зүйл биш л дээ. Сайн дүр бүтээх нь жүжигчин хүний насан туршийн мөрөөдөл байдаг. н.Цэнд-Аюуш эгчийн бүтээсэн Ягаан Гажид гэдэг дүр байна. Тэр хүнийг энэ дүрээр нь хүмүүс мэддэг, бүр төсөөлдөг болчихсон. Ийм дүр бүтээх нь л жүжигчин хүний хүсэл, шунал юм шүү дээ.

Аав, ээж минь мэргэжлийн жүжигчид гэдгийг хүн бүр мэднэ. Тэр утгаараа тэр хоёр минь намайг жүжигчин болно гэхэд маш ихээр дургүйцэж байсан. Би ёстой өөрийнхөөрөө зүтгэж байгаад л жүжигчин болсон. Цаанаасаа л хүсэл оргилоод, шунал төрөөд байдаг юм билээ. Хүн ер нь дуртай мэргэжлээ сонгосон тохиолдолд л аз жаргалтай байдаг юм шиг санагддаг. Энэ ч утгаараа би маш аз жаргалтай хүн.

-Мундаг хоёр жүжигчний охин гэдгийг чинь хүн бүр мэднэ. Энэ нь чамд дарамт болдог уу, эсвэл аливаа асуудлыг хөнгөвчилж өгдөг үү?

-Аль аль нь л байдаг. Юун түрүүнд энэ удмын нэрийг өндөрт өргөж, сэвтүүлэхгүй явна гэдэг миний хувьд маш их хариуцлага. Би чинь гэр бүлийнхээ гурав дахь үеийн жүжигчин. Тэгэхээр үзэгчдийн зүгээс ч надаас илүү их авьяас чадвар, сайн дүрийг хүлээдэг болов уу гэж дотроо бодож явдаг юм. Миний хувьд өвөө шигээ нэр хүндтэй, мундаг жүжигчин болохыг хүсдэг. Мөн ээжийнхээ хэмжээнд хүрсэн сайн жүжиглэлт үзүүлэхийг ч хичээдэг. Өдөр болгон тэднээсээ суралцсаар л явна.

Жүжигчин хүн чинь цаг наргүй л ажилладаг. Гэртээ оройтож харихаас эхлээд мэргэжилтэй холбоотой асуудлууд гарч ирэхэд гэрийнхэн минь маш сайн ойлгож, дэмждэг. Хэрвээ өөр мэргэжилтэй гэр бүлд төрсөн бол жүжигчин хүний зовлонг ойлгоход хэцүү.

-Өвөө тань маш мундаг жүжигчин шүү дээ. Өвөөгийнхөө талаар яривал?

-Тэгэлгүй яахав. Миний өвөө бараг 60 гаруй жил Монголын урлагт зүтгэж явна. Өвөө маань мэргэжлийн сургууль төгсөөгүй, төрөлхийн авьяастай жүжигчин. Ард түмний гавьяат, Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог гэдэг хүнийг танихгүй хүн Монголд байхгүй . Өвөөдөө маш их хайртай. Өвөөгөөсөө хааяа зөвлөгөө авч, шүүмжлэлийг нь сонсох дуртай. Яагаад гэвэл гэр бүлийн хүмүүс л жинхэнэ чин үнэн шүүмжлэл, зөвлөгөөг өгдөг. Өвөө минь миний хамгийн дотны зөвлөгч. Энэ дашрамд өвөөдөө маш их хайртай шүү. Та минь урт удаан насалж, үр ач биднийхээ дунд олон олон жилийг хамтдаа үдээрэй гэж ерөөе.

-Жүжигчин хүн бүрт ямар нэгэн мөрөөдлийн дүр гэж байдаг. Харин таны хувьд?

-Түүхэн жүжиг юмуу кинонд тоглохыг хүсдэг. Нэг их сайхан хатан эсвэл гүнжийн дүр бүтээх нь эмэгтэй жүжигчин бүрийн л мөрөөдлийн дүр байх. Ялангуяа суу билэг ухаантай, цэцэн цэлмэг, үзэсгэлэн гоо монгол хатдын дүрийг бүтээнэ гэдэг их хэцүү байх. Ийм л дүрд өөрийгөө бэлтгэж, зоригжуулж, тэр сайхан мэдрэмжийг авахыг битүүхэндээ хүсч явдаг даа. Миний мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелэх байх аа.

-“Miss World”-д оролцох үндэсний ялагч саяхан тодорсон. Энэ тэмцээнд улсаа төлөөлж оролцож байсан хүний  хувьд ямар сэтгэгдэлтэй байна?

-Миний хувьд Т.Батцэцэгийг энэ тэмцээнд шалгарсанд үнэхээр их баярласан. Түрүүлчихээсэй гээд битүүхэндээ дэмжиж байлаа. Энэ жилийн тэмцээн их зохион байгуулалттай, сайн болсон гэж бодож байна. Энэ тэмцээний ялагчид ард түмнийхээ өмнө  өндөр хариуцлага үүрч, итгэл найдвар тээн дэлхийн олон сайхан бүсгүйчүүдтэй өрсөлддөг. Миний хувьд өмнө нь “Miss World”-д оролцож байсан. Амаргүй даваа гэдгийг мэднэ. Бэрхшээлтэй, хэцүү зүйлс их тохиолдоно. Тэр бүрт шантралгүй, шат бүрийг амжилттай давахыг Т.Батцэцэгтээ хүсэн ерөөе. Ер нь жилээс жилд л Монголын миссүүдийн чанар чансаа дээшилж байгааг дэлхийн бусад улс орны хүмүүс ч хэлж байгаа. Тэгэхээр энэ жил сайн оролцох байх аа. Сүүлд авсан мэдээллээр бол манайх шилдэг 50 орны тоонд багтсан байсан.

-Дахиж миссийн тэмцээнд оролцох бодол байгаа юу?

-Миний хувьд “Miss World”-д оролцсон нь үнэхээр том аз завшаантай хэрэг болсон. Өөрийгөө миссийн тэмцээнд орно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Надад энэ тэмцээн үнэхээр гайхалтай дурсамж үлдээсэн, түүхэн үйл явдал болсон. Яахав цаашдаа боломж нь олдох юм бол, хэн нэгэн итгэл хүлээлгээд, санал тавьсан тохиолдолд орж магадгүй.

Хамгийн гол нь өөрийгөө чадна гэдэгт тухайн үед итгэлтэй байвал үзээд алдахад буруудах юмгүй байх. 

-Гэр бүлийн зүгээс чамд жүжиглэх тал дээр хэр их шүүмжлэл ирдэг вэ. Гайгүй байна уу?

- Мэргэжлийн хүмүүс болохоор шүүмжлэх зүйл их гарна. Хааяа ч болов магтахад нь маш их баярладаг юм. Ер нь урмын үг гэхээсээ шүүмжлэл нь л их дээ. Мэдээж миний л төлөө гэж, намайг илүү их сайжраасай гэсэндээ л хатуу үг хэлдэг гэдгийг нь би мэднэ. Ер нь тэд минь шаардлага их өндөртэй хүмүүс шүү. Одоо би өөрөө ч гэсэн өөртөө тавьдаг тодорхой, тогтсон шаардлагатай болчихсон.

-Баярмаа найз залуутай болсон уу?

-Энэ асуултыг нууцалж болно биз дээ. /инээв/

-Тэгвэл эрчүүдийн талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Ер нь эмэгтэй хүнийг хүндэлдэг эрчүүд таалагддаг. Эмэгтэй хүүхэд төрөөд хамгийн түрүүнд харсан хүн нь аав нь байдаг. Анхны хайр энэрлийг ааваасаа авсан болохоор аавтайгаа адилхан хүнийг л битүүхэндээ хайж явдаг гэж сонсч байсан юм байна. Үүн шиг миний хувьд аав минь их сайхан сэтгэлтэй, уужуу дотортой, их ухаантай хүн. Эмэгтэй хүнийг ч маш ихээр хүндэлдэг болохоор аав шигээ эр хүнтэй учрахыг л битүүхэндээ мөрөөддөг. Ийм зан чанартай эрчүүд таалагддаг. Ер нь эмэгтэй хүн бүр л адилхан мөрөөдөлтэй байдаг байх.