Оньсыг тайлж эрдмийн үүдийг нээж, оюун бодлын нээлттэй замыг зааж өгсөн багшийн алдрыг магтаад барашгүй. Энэ жил Монгол Улс багш нарын баярын өдрийг аравдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэхээр болсон. Манай сайтын хамт олон багш шавь нарын уулзалтыг зохион байгуулж, сэтгэлийнх нь үгийг хуваалцлаа.
С.Нарангэрэл: Хүн болж төлөвшихийг юу юунаас урьтал болгоорой
С.Нарангэрэл хуульчийг Монголд мэдэхгүй, танихгүй хүн гэж бараг үгүй. Академич багшийн шавь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш доктор, дэд профессор Ж.Эрдэнэбулган нар манай сурвалжлагын хойморт уригдлаа.
-Юуны өмнө танд багш нарын баярын мэндийг “MASS agency”группийнхний өмнөөс хүргэе. Та гуч гаруй жил багшилж байгаа байх аа. Багш нарын баяр гэхээр таньд сайхан сэтгэгдэл төрүүлдэг байх.
-Баярлалаа. Би 1975 оноос багшилж байна. Багш нарын баярыг өвөл буюу хоёрдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт тэмдэглэдэг байлаа. Энэ жил бас л түүн шигээ санаж байсан боловч энэ арван сард тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Багшаа гэж дуудахаар л чих улайчихдаг байлаа
-Мэргэжил бүхэн үнэ цэнэтэй ч багшийнх илүү мэт санагддаг юм. Яагаад гэвэл хүн бүхэнд хамаатай. Багшгүй хүн гэж энэ ертөнцөд үгүй шүү дээ?
-Аливаа улс орны хөгжил дэвшил ялангуяа ард иргэд өндөр ёс суртахуунтай, ажилч хичээнгүй, хөдөлмөрч, нэр цэвэр мөн ичих эмээх булчирхай сайн хөгжсөн эсэх нь багш нараас л шалтгаалдаг. Тийм учраас багш нарын улс эх орны хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр бол өнөөдрийн бидний олборлож байгаа алт, нүүрсээс илүү үнэ цэнэтэй гэж боддог. Тиймээс ч хамгийн үнэ цэнэтэй байх нь гарцаагүй.
-Багш болсон тэр өдрийг эргэн дурсвал сайхан байх болов уу. Анх ямар оюутанд хичээл зааж байв?
-Их сургуулиа төгсчихөөд шууд сургуульдаа багшаар үлдэж байсан. Тэгээд дараагийнхаа ангид хичээл орсон. Эхний хэдэн долоо хоногийн лекцэн дээр юу ярьсан, яаснаа санадаггүй юм. Багшаа гэж дуудахаар л чих улайчихдаг байлаа.
-40 жил шахам багш гэдэг алдрыг зүүж олон шавь нартаа эрдэм мэдлэгээ харамгүй хайрласан таныг Монголын ард түмэн андахгүй. Шавь нартаа юу гэж захидаг вэ?
Багш, шавь хоёр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нартай
-Би чинь ганцхан Монгол Улсын их сургуульд багшлаагүй өөр олон сургуулиудад багшилсан учраас олон зуун шавь нартай болжээ. Багш хүн бол шавь нараараа дандаа бахархаж явдаг. Хууль зүйн салбарт миний шавь нар голлох үүргийг гүйцэтгэж явна. Би шавь нартаа хатуу шаардлага тавьдаг. Багш хүн бол маш өндөр ёс суртахуунтай байх ёстой.
-Шавь нараас тань таныг хамгийн их баярлуулж, бас гомдоож байсан тохиолдлыг дурдвал?
-Багш хүн хичээл зааж эрдэм номын захад хүргэсэн шавь нь ихэрхэж, биеэ тоож, сагсуурч байхад бараг юм хэлэхгүй, ялимгүй жуумалзаад өнгөрдөг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл дараа нь тэр шавь нь багшийнхаа буян заяа, эрдэм ухаан, алдсан оносон сургамжийг авч явах аз завшааныг алдаж, хийморь лундаа нь доройтож байгаа юм.
Хууль эрх зүйн салбарт ажиллана гэдэг бол их эрсдэлтэй, хүнд ажил мэргэжил. Гар харахгүйгээр шударга ёсыг тогтоогоод түүнийхээ төлөө цээж дүүрэн амьсгалж, түүндээ баярлаж буй шавь нараа хараад их баярладаг. Багш болсныхоо аз жаргалыг тэндээс л мэдэрдэг дээ.
-Энэ удаагийн зочноор маань таны шавь Ж.Эрдэнэбулган оролцож байгаа. Шавийнхаа тухай ярихгүй юу?
-Эрдэнэбулган маань Дундговь аймгийн Мандалговь суманд арван жилээ төгссөн. Тэр жилдээ сургуульд орж чадаагүй ч сонирхлынхоо дагуу шүүхийн зарлага хийгээд дараа нь МУИС-д суралцаж төгссөн. Төгссөнийхөө дараа миний адилаар сургуульдаа багшаар үлдсэн. Мөн шавийнхаа докторын ажлын удирдагч нь байсан.
Би МУИС-ийн Хуулийн сургуулийг удирдаж байх үедээ шавийгаа Сургалтын албаны даргаар томилж ажиллуулж байсан. Шавь маань ч гэсэн миний итгэлийг алдаагүй үүргээ сайн гүйцэтгэж чадсан. Би шавийгаа Хууль зүйн сургуулийг хэнээс дутахааргүйгээр авч явж чадах мундаг шавь минь гэж бахархдаг.
-Монголын ирээдүй болсон залуу хойч үедээ сурган хүмүүжүүлэгч хүний хувьд хандаж сургаалын үгээ хайрлахгүй юу?
-Хамгийн чухал нь залуучууд маань эхлээд хүн болж төлөвших хэрэгтэй. Хүн адгуус малнаас ёс суртахуунаараа л ялгарч чаддаг. Тэр сайхан ёс суртахууныг өөртөө шингээж хүн шиг хүн болж чадах юм бол аяндаа авьяас билэг чинь нээгдэж цаашдын зам чинь нээлттэй болно гэдгийг л хэлмээр байна даа.
-Монголын мянга мянган багш нартаа хандаж баярын мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Хүнд эрдэм ухаан заана гэдэг бол их өндөр хариуцлагатай ажил. Багш нар үндэсний уламжлалаа хадгалж, орчин үеийн техник технологитой мөр зэрэгцэж, хуримтлуулсан мэдлэгээ шавь нартаа харамгүй өгч байгаасай гэж боддог. Багш шавийн барилдлагаар улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж яваарай гэж Монголын бүх багш нартаа баярын мэнд хүргэж байна.
Ж.Эрдэнэбулган: Нарангэрэл багш бол үнэт капитал, бид ашиглах ч ёстой юм
Шавь Ж.Эрдэнэбулган хөдөө орон нутагт ажиллах гэнэтийн ажил гарсан ч явахаасаа өмнө багшийнхаа тухай сэтгэлийн үгээ бидэнтэй хуваалцсан юм.
-Багш шавь хоёр олон жил хамт ажилласан шүү дээ. Онц ноцтой хэргийн шүүх хурал дээр олонтоо таарч байв уу?
-МУИС-ийн Хууль зүйн сургуульд бид олон жил ажилласан. Багш маань УИХ-ын гишүүний үүргээ биелүүлээд дараа нь 1996 онд сургуульдаа ирсэн. Багшийгаа магтах сайн үг олдохгүй байна гэвэл хүмүүс гайхах байх. Ямар ч магтаал хэрэггүй, Монголын хууль эрх зүйн салбар, тэр дундаа эрүүгийн талд манай багш шиг боловсорсон хүн байхгүй. Намайг багшийгаа магтлаа гэж битгий бодоорой. Надаар хэлүүлэлтгүй бүх хүн мэдэж байгаа даа.
Тийм ээ, бид онц ноцтой хэрэгт өмгөөлөл үзүүлдэг. Гэхдээ багштайгаа таарч, мэтгэлзэж байгаагүй юм байна.
Оюун ухаан тэтгэвэрт гардаггүй гэдгийг манай багш харуулдаг, харуулсаар байна.
-Таны докторын эрдмийн ажлыг удирдсан байх аа?
-Багш маань эрдмийн ажлыг удирдсан. Би хоёр жилийн өмнө цол хамгаалсан. Овоо хэдэн жил их сургуульд багшилсан хүн шүү дээ, би. Гэтэл багшаас сурах зүйл их байгааг мэдэж, өөрийгөө голсон.
-Багшдаа хэлж амждаггүй үг байдаг байх?
-Мэдээж багшдаа багш нарын мэндийг хамгийн түрүүнд хүргэмээр байна. Залуусыг маш сайн ойлгож, дэмжиж тусалдаг хүн учраас зарим үед аав минь, ах минь юм шиг ханддагт би их баярладаг. Нарангэрэл гэх энэ эрхэм Монголын үнэт капитал юм. Бид энэ хүнийг ашиглах ёстой гэдгийг хэлмээр санагддаг юм. Оюун ухаан тэтгэвэрт гардаггүй гэдгийг манай багш харуулдаг, харуулсаар байна.
Дуучин Г.Эрдэнэтунгалаг: Миний урлагийн авьяасыг анх багш минь нээсэн
Дараагийн зочин маань СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг. Түүний анги даасан багш Г.Нацагдоржтой уулзаж, оюутан насны сайхан дурсамжуудаас нь хуваалцлаа. Магадгүй та дуучин бүсгүйг Их засаг их сургуулийн Хууль зүйн салбар сургуулийг төгссөн гэдгийг нь мэдэхгүй л болов уу. Бид дуучин бүсгүйн хамт Их Засаг их сургууль дээр очин, багштай нь уулзсан юм.
-Бүхэл бүтэн 12 жилийн дараа сургууль дээрээ ирж байгаа юм байна. Танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Үнэхээр танигдахын аргагүй болжээ. Миний төгсч байсан үеийг бодвол хамаагүй гоё болоод бүр нэг бүхэл бүтэн хотхон шиг болчихсон байна. Энэ хашаагаар орж ирсэн цагаасаа л музейд ороод ирчихсэн юм шиг эргэн тойрноо гайхаж харлаа, өөрийнхөө сурч байсан сургуулийг арай гэж л оллоо. Эрдмийн сургууль нэртэй болсон байна. Би албаар машинаа бүр тээр доор тавиад сайхан алхаад ирлээ. Би чинь өөрийгөө саяхан л сургуулиа төгссөн шиг санаад байсан чинь аль хэдийнээ 12 жил өнгөрчихөж.
-Оюутан цагийн сайхан дурсамж олон байгаа биз дээ?
-Өө тэгэлгүй яахав. Наашаа ирж явахдаа микро хараад л эцэг эхээсээ арай гэж 500 төгрөг авдаг байснаа саналаа. Манай Их засгийн оюутнууд чинь тухайн үед тавин хувийн хямдралтай гээд 100 төгрөгөөр явдаг байлаа. Тэгээд 200 төгрөгөөрөө ирж, очих унааны зардлаа хийгээд сургууль дээрээ өдөр 240 төгрөгөөр гурван бууз 60 төгрөгөөр нэг аяга цай авч уугаад л өдрийн норм маань яг таардаг байлаа шүү дээ. Эцэг эхээсээ аль болох мөнгө шаналгахгүй байхыг хичээнэ. Заримдаа юм канондуулах хэрэг гарахаар чинь мөнгөө хэмнээд 2-3 өдөр өлсгөлөн явна. Хуулийн сургууль болохоор маш их юм унших хэрэг гарна. Тэр хэрээрээ их ч ном канонддаг байлаа. “Монголын нууц товчоо”-г Монгол бичгээр бүтэн хуулуулж бичүүлдэг байсан. Би бүр аймаар хичээж бичнэ. Бүр хуруугаа мэдрэхгүй болчих үе олон гарсан.
240 төгрөгөөр гурван бууз 60 төгрөгөөр нэг аяга цай авч уугаад л өдрийн норм маань
яг таардаг байлаа шүү дээ
Айлын том болсон хойно эцэг эхээ аль болох зовоохгүй байхыг хичээнэ. Манайх тухайн үед нэгдүгээр хороололд байдаг байсан. Тэгээд заримдаа ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд алхчихдаг байсан. Замдаа хүүхдүүд сугараад үлдээд л байна. Хамгийн сүүлд л би гэртээ ордог. Манайхтай хамгийн ойрхон нь аравдугаар хороололд байдаг байсан. Тухайн үед их удаан, хол алхаж байна гэж ерөөсөө боддоггүй байж. Ер нь зунаас бусад улиралд алхаж л явлаа. Одоо бодохоор их сайхан байна. Үндсэндээ сургуульд сурсан дөрвөн жилтэй нийлээд 16 жилийн өмнөх дурсамж минь сэргэж байна. Гоё байна.
-Анх оюутан болоод энэ сургууль дээрээ ирэхэд ямар мэдрэмж төрж байв?
-Дөнгөж арван жилийн сургуулиа төгсөөд л 17-хон настай охин энэ сургуульд орж ирж байлаа. Бүх юм л шинэ соргог, эрч хүчтэй гоё байсан. Энэ сургуульд сурсанаараа би маш их бахархдаг. Манай сургуулийн гол онцлог нь хүнийг маш сайн төлөвшүүлдэг, нийгэмд биеэ хэрхэн авч явахыг нь сургадаг. Хүнтэй харьцах харьцаа, өөрийгөө хүндлэх хүндлэлийг хамгийн түрүүнд хүүхэд бүрт суулгаж өгдөг юм. Хэрвээ би өөр сургуульд орсон бол тэгж их ном уншихгүй байсан байх гэж боддог юм. Хуульч хүн гэдэг чинь бүх зүйлийг нарийн нягталж, шалгаж эцсийн дүгнэлт гаргадаг хүн. Цэг таслалыг ч орхигдуулалгүй няхуур ханддаг. Надад ийм нандин, чамбай чадвар олгосон учраас энэ сургуульдаа, мэргэжилдээ, багшдаа би хайртай, үнэхээр их баярлаж явдаг.
-Бидний зогсч байгаа энэ хэсэгхэн газар навчис үнэртээд л их сайхан юм?
-Энэ Рояал ТВ байгаа газарт манай дуучин н.Дэлгэрмаагийн ах амьдардаг байсан. Манай сургуулийн захирлын жолооч хийдэг байсан юм. Ахынх нь нялх хүүхэдтэй. Тэгээд яг энэ моддын дунд бид хоёр хүүг нь салхилуулдаг, би бас тэднийхээр их орж хоол иддэг байлаа. /инээв.сур/ Яг тухайн үед үнэртдэг байсан навчсын үнэр үнэртэж байна. Хүний дурсамж гэдэг чинь аливаа нэг зүйлээр өдөөгдөж сэргэдэг юм байна. Навчис, моддын үнэр миний дурсамжыг сэргээж байна. Хэрвээ өнөөдөр та бүхний урилгаар энд ингэж ирээгүй байсан бол оюутан насны сайхан дурсамж минь хэзээ сэргэх байсныг би мэдэхгүй шүү дээ. Энэ дашрамд та бүхэндээ баярлалаа гэдгээ хэлэе.
-Таныг хуулийн мэргэжилтэй гэж огт төсөөлөөгүй юм байна?
-1998 оны намар. Яг энэ гурван давхар эрдмийн өргөө ашиглалтанд орж байсан юм. Өдрийн ес, оройн хоёр анги нийтдээ 11 бүлэг 400 гаруй оюутнууд шинээр элсэн орж байлаа. Миний хувьд Г.Нацагдорж багштай 1В ангид орсон. Манайх 49 хүүхэдтэй. Би ангийн дарга байсан болохоор ангийнхаа хүүхдүүдийг А-Я хүртэл нь бүгдийг нь овог нэртэй нь мэднэ. Анхнаасаа дарга байгаагүй л дээ. Хоёрдугаар курсээсээ даргаар сонгогдож байсан юм. Би чинь гуравдугаар курсынхээ намраас СУИС-д өдрөөр сурах болоод анги шилжсэн. Манай ангийнхан ер нь л мэргэжлээрээ бүгд нийгэмд байр сууриа олчихсон. Прокурор, цагдаагийн газар ажиллаж байна бас дийлэнх нь багшилж байгаа юм билээ. Манай ангийн Бахархал гэдэг залуу эндээ багшилж байгаа. Яахав зарим хүмүүс Их засаг их сургуулийг гаднаас багш авахгүй дандаа төгсөгчдөөрөө багшлуулдаг, цус ойртсон гэж яридаг юм билээ. Миний бодлоор ингэж төгсөгчид нь эргээд сургуульдаа багшлах нь харин ч давуу талтай. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэр зарчим буруу байгаагүй нь өнөөдрийн Их засаг их сургуулийн үйл ажиллагаагаар харагдаж байна шүү дээ.
-Багш гэдэг хүний талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Хүүхдийнхээ биеийг төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш дээ гэж эцэг эхчүүд яридаг даа. Тэгвэл багш хүн ухаан төрүүлдэг гэж би боддог юм. Тэр хүнийг хэрхэн төлөвших, хэн болох вэ гэдгийг багш хүн л суурийг нь тавиж өгдөг. Амьдралын туршид нандигнах эрхэм зүйлийг багш хүн л өгч чаддаг. Ухааны үрийг тархинд өгөөд, сэтгэлд шингээж чаддаг тийм хүн.
-Өнөөдрийн гол баатар багш маань хэн гэдэг, ямар мэргэжлийн хүн вэ?
-Анги хариуцсан багш Г.Нацагдорж маань одоо ч захиргааны эрх зүйн багшаа хийж байгаа. Намайг 16 жилийн өмнө шинэ ангидаа ороход багш минь анхныхаа ангийг хүлээж авч байсан юм. Багш маань ч бас энэ л сургуулийнхаа бүтээгдэхүүн. Их засаг их сургуулийн анхны төгсөгч л дөө. Багш маань та нарт их зүйлийг ярьж өгөх байх. Залуу хүн болохоор бидэнтэй их нийтэч, илэн далангуй харьцдаг байлаа. Их нээлттэй хүн болохоор чинь би ч их хамаагүй харьцдаг юм. Бид хоёрт сайндаж муудах үе бишгүйдээ л гардаг байлаа. Манай багш чинь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Оюутнуудаа ч их биеэ барихгүй, өөрийнхөөрөө байхыг нь дэмжиж өгдөг байсан. Багшийнхаа энэ зан чанарт маш их хайртай. Энэ нь оюутнуудыг өөртөө илтгэлтэй болгох дадлага болдог байсан юм болов уу.
-Яагаад мэргэжлээ солиод СУИС-т орчихсон юм бэ?
-Манай сургуулийн урлагийн үзлэг маш өргөн хүрээнд болдог гэдгийг хүн бүр мэдэх байх. Тэр нь намайг энэ урлагт ороход түлхэц болсон. Багш минь намайг гоцлол дуу дуулаарай гэж анх хэлж байсан. Тиймдээ ч миний урлагийн авьяасыг анх нээсэн хүн гэхэд болно. Урлагийн үзлэгт хүн бүхэн орох ёстой байдаг. Тэгэхээр хүүхдүүдийн нууц авьяас илрэх боломж их гарч ирнэ. Бас ингэж урлагаар хүүхдүүд нэгдсэнээр хоорондоо маш дотно харилцаатай болдог юм. Миний хувьд анх удаа урлагийн үзлэгт ороод хэдэн зуун хүний өмнө гарч дуулаад, хүмүүсийн алга ташилт, урмын үгсийг сонсоод өөрийгөө дуучин болох боломжтой юм байна гэдгийг анх мэдэрсэн.
Г.Нацагдорж: Г.Эрдэнэтунгалаг маань прокурорыг бол гайгүй сайн хийнэ шүү
Дуучин Г.Эрдэнэтунгалагийн багш, Их засаг их сургуулийн Ахлах багш Г.Нацагдоржтой ярилцлаа.
-Юуны өмнө танд багш нарын баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Шавьтайгаа уулзах сайхан байна.
-Таны шавь Эрдэнэтунгалаг ер нь ямархуу оюутан байв аа?
-За 1998 оны есдүгээр сарын нэгэнд би анхныхаа ангийг хүлээн авч байлаа. Урлагийн үзлэг болсон чинь л нэг их чанга дуутай охин их сүрхий хүүхдүүдийг зохион байгуулаад л яваад байх юм. Тухайн үед манайх өөр ангийн даргатай байсан юм. Ангийн дарга нь зохион байгуулж чаддаггүй. Нөгөө охин чинь харин их олон юм ярина аа. Багш аа та ингэ тэг гээд л. Ажиглаад байсан чинь нөгөө ангийн даргадаа ч ажлыг нь заагаад загнаад л байх юм. Би ч “Яасан олон юм ярьдаг нөхөр вэ. Энүүгээр чинь гоцлол дуугаа дуулуулчихая” гээд дуулууллаа. Сүрхий мундаг дуулаад гараад ирчихлээ шүү. Тэр цагаас хойш л би Г.Эрдэнэтунгалаг санй дуулдгийг мэдэж, мундаг охин юм байна гэж үнэлж эхэлсэн. Тэгээд ангийн даргаар сонгож байлаа.
-Ангийн дарга гэдэг чинь багшийн баруун гар биз дээ?
-Өө тэр ч мэдээж. Манай шавь чинь анги хамт олноо ёстой мундаг зохион байгуулдаг байсан. Дуулна, хөгжилтэй яриа хөөр их дэлгэнэ. Хичээлдээ ч их идэвхитэй, номын санд бол байнга сууна. Гэтэл гуравдугаар курст орсон чинь асуудал үүсч эхэлсэн шүү. Сургуулийн захиргаанаас “Танай энэ Эрдэнэтунгалаг чинь яагаад хичээл номондоо суухгүй байгаа юм. Яагаад арга хэмжээ авахгүй байна вэ” гээд л миний цалингаас хүртэл хасаад эхэлдэг юм байна. Тэгээд л Эрдэнэтунгалагаас юу болоод байна гэж асуулаа. Тэгсэн харин өөдөөс багшаа би СУИС-т орчихлоо гэдэг юм байгаа биз дээ. Би ч юу болов, яав, ийв гээд бөөн юм боллоо. Тэгсэн өнөөх чинь “Би хуульч ч болно, дуучин ч болно” гэж хэлж байсан юм. Ингээд жилийн чөлөөний тухай асуудал сөхөгдөж эхэлсэн.
Ээж нь хүртэл ирж уулзаад “Манай охин жилийн чөлөө авах дээрээ тулчихсан байхад та яагаад бид нарт хэлээгүй юм бэ” гээд бөөн юм болж байлаа шүү дээ. Манай хүн хамаг хүнээс нууцаар л СУИС-т шалгалт өгөөд орчихсон байсан. Ингээд л оройн анги руу шилжсэн дээ. Тэгээд дөрөвдүгээр курсээсээ буцаад манай ангид шилжиж орж ирсэн түүхтэй.
-Зан чанарынх нь тухайд?
-Ер нь бол зохион байгуулах авьяастай. Нийтэч, сэргэлэн, хошин шогийн мэдрэмж их сайтай. Дуулахын тухайд бол би юу хэлэхэв дээ. Монголын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Анхны урлагийн үзлэгээс хойш манай хүн сургуультай холбоотой урлагийн бүх арга хэмжээнд дуу дуулж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явсан. Олон ч шагнал, урамшуулал авч байсан.
Тэгсэн өнөөх чинь “Би хуульч ч болно, дуучин ч болно” гэж хэлж байсан юм.
-Ер нь дуучин Г.Эрдэнэтунгалаг дуучин болоогүй байсан бол ямархуу мэргэжилтэн болох байсан бол?
-Манай хүн чинь прокурорыг бол гайгүй сайн хийнэ шүү. Яагаад гэвэл ангийн дарга байхдаа нөхдүүдийг их онож, загнадаг байсан. Прокурор хүн чинь гэмт хэрэгт шинжилгээ хийж, буруутан хүнд хариуцлага тооцдог. Гэмт хэрэг үйлдээгүй байвал нь буруугүй гэж хэргээс нь салгадаг. Тэгэхээр сайн Прокурор болж чадах байсан. Эрдэм шинжилгээний хурлуудад ч их сайн оролцдог байсан. Эхний жилүүдэд их ирээдүйтэй прокурор болох юм байна гэж би дотроо их үнэлдэг байсан. Тэгээд давхар мэргэжил сонгоод мэргэжилдээ тэгтлээ анхаарахаа больчихсон юм. Ер нь өмгөөлөгч болсон ч давгүй. Манай хүн чинь их өрөвч нэнжин сэтгэлтэй. Ангийнхаа хүүхдүүдийн өмнөөс дүн гуйгаад л явдаг байлаа. Бүр “Энэ хүүхдийн дүн хүрэхгүй байгаа юм бол багшаа минийхээс авчих л даа” гэдэг байсан шүү дээ. Ер нь хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байж чаддаг хүн.
-Бидэнтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа?
-Та бүхэндээ өнөөдөр шавьтай минь уулзуулж. Ийм сайхан халуун дотно яриа өрнүүлсэнд баярлалаа.
-Та бүхэнд ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Н.Лхагва: Бадарч багш хичээлийн эрхлэгч байхад манай сургууль
сурлага, спортоороо тэргүүлдэг байлаа
МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Ш.Бадарч XX зууны Монгол хүүхдүүдийн дуулдаг олон сайхан дууны шүлгийг зохиосон юм. Дурдвал “Ботго”, “Тоогүй ч юм болов уу даа”, “Дээс дээс эргээрэй”, “Шагшраа хөөрхөн болжмор”, “Гэрэлт нарны хүүхдүүд” гээд олон сайхан нь дуу нь хоёр зууны турш дуулагдсаар байгаа ажээ. Тэрбээр Төв аймгийн Жаргалант сумын арван жилд найман жил ажиллахдаа олон арван авьяаслаг шавь нарыг утга зохиолын ертөнцөнд гараас атган оруулсан юм. Түүний шавь нараас дурьдвал “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсан, “Өдрийн сонин”-ны ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар гээд олон арван зохиолч, сэтгүүлч, багш, эрдэмтэн нарт утга зохиолын хичээл заасан байна. Ш.Бадарч Төв аймгийн намын хорооны даргаар ажиллаж, 20 гаруй жил “Үнэн”, “Ардын эрх”, “Өдрийн сонин”-д сэтгүүлчээр ажиллан тэтгэвэртээ гарсан юм. Тэрбээр сэтгүүлчийнхээ ажлын хажуугаар хүүхдийн уран зохиолоо туурвиж байгаа аж.
Багшлах ажлын маань эцсийн зорилго, хүрэх газрыг шавь нар минь нөхөөд явж байна. Миний хувьд цөөхөн жил багшилсан ч авьяастай, алдар цуутай хүмүүсийг бэлджээ хэмээн Ш.Бадарч хэлсэн юм.
“Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва түүний шавь бөгөөд 43 жилийн жил хугацаанд үе үе уулзан хийж бүтээж байгаа ажлаа ярилцдаг гэнэ.
“Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва Төв аймгийн Жаргалантийн сангийн аж ахуйн арван жилийг 1971 онд төгссөн бөгөөд Ш.Бадарч сургуулийн эрхлэгч, уран зохиолын багш нь байжээ.
Багшийн хувьд уран зохиолын хичээл орохоос гадна хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг байсныг одоо л ойлгож байна. БШУЯ-ны шинэ бодлогоор хүүхдийн давуу талыг яаж хөгжүүлэх, хүүхэд нэг бүртээ ажиллах хөтөлбөрийг тухайн үед багш маань хэрэгжүүлж байсан гэдгийг ойлгосон. Багш маань утга, уран зохиолын хичээллийн дугуйлан нээж, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх чиглэлээр тэдэнд багшилдаг байсан. Үүний үр дүнд “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсан, “Өдрийн сонин”-ны ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн гээд авьяаслаг шавь нарыг бэлтгэн гаргасан. Ш.Бадарч багш хичээллийг эрхлэгчээр ажиллах үед манай сургууль сурлага, спортоор тэргүүлдэг байсан юм.
багш түмний хүүхдийг өөрийн хүүхэд шигээ хайрлаж хүн болгох хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ ажилласан хүнийг шавь нар нь ч хайрладаг.
Би хүүхэд байхдаа зураг зурах дуртай байлаа. Багш маань хүүхдүүдийн зохиосон шүлгийг уншуулан агуулагт тохируулан номын чимэглэл зуруулдаг. Энэ нь цаагуураа зураг зурах авьяасыг хөгжүүлэхээс гадна цаашид номын чимэглэлийн зураачаар мэргэшүүлэхийг хүссэн байх.
-Таны хувьд зураач мэргэжлээс багш мэргэжлийг сонгосон. Багш байхын давуу тал юу вэ?
-Зураач хүнд багшлахад ямар нэгэн садаа гарахгүй л дээ. Харин ч шавь нартаа үлгэрлэдэг гэж боддог. Багш шигээ ийм гоё зураач болно гэдэг ч юм уу. Чингис хаан “Бусдын хүүхдийг өөрийн хүүхэд шиг ээ хайрла” хэмээн хэлсэн үг байдаг. Тэгэхээр багш түмний хүүхдийг өөрийн хүүхэд шигээ хайрлаж хүн болгох хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ ажилласан хүнийг шавь нар нь ч хайрладаг. Багш хүн хүүхдийг хохироохгүй байх хэрэгтэй. Багш хүн их хариуцлагтай, ажилдаа чин сэтгэлээсээ хандах юм бол үр дүнд хүрнэ.
Багшийн хувьд уран зохиолын хичээл орохоос гадна хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг байсныг одоо л ойлгож байна.
-Хүүхдийн хүмүүжилд сургуулийн орчин нөлөөлдөг үү?
-Ерөнхий боловсролын сургууль хүүхдэд мэдлэг олгодог газар хэмээн нэг хэсэг хүмүүжлийн асуудлыг орхигдуулсан. Одоо тэр том алдаагаа ойлгож, хүнийг хүн болгох асуудал, хүн болох суурь чадварыг эргэж хардаг болоод байна.
-“Монгени” цогцолбор сургуулийн хувьд боловсролын шинэчлэлийн асуудлыг хэр тусган ажиллаж байна вэ?
-Монголын боловсролыг шинэчлэх, нэг загвараас гаргаж олон хувилбарт загварт шилжүүлэх ажлыг манай сургууль анхлан хэрэгжүүлсэн. Энэ ч үүднээс БШУЯ-ны шинэчлэлийн загвар сургууль болсон.
-Багш нарын баярыг танай сургууль хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна вэ?
-Олон улсын багш нарын баяртай хамтруулж, энэ жил анх удаа багш нарын баярыг тэмдэглэх гэж байна. Багш нар маань өвөл ажлаа дүгнүүлдэг байсан бол энэ жил хичээл эхлэхээр хэрхэн дүгнэхээ сайн мэдэхгүй тулгамдаж байна. Манай сургуулийн хувьд шинэ сургалтын агуулга, хэлбэр бий болгох. Хийсэн зүйл болгоноо загвар болгохыг эрмэлздэг.
Ш.Бадарч: Шавь нараа одоо харахад алдар цуутай, авьяастай хүмүүс болно гэж бодоогүй
Ш.Бадарч багшаас багш байхын сайхан тал юу вэ гэхэд "Залуу байхдаа багшилсан болохоор хор шартай ч байлаа. Хүнээс юу л гарах ёстой түүнийг нь шавь нараасаа гаргасан гэж боддог. Энэ нь ч амьдралд нь нөлөөлсөн байх гэж бодож байна. Багшийн ажил бол буянтай мэргэжил. Хүнийг эрдэмд сургаж, тухайн хүн сурсан юмаараа хоолоо олж иддэг болохоор багш мэргэжил бахармаар сайхан.
-Н.Лхагва тухайн үед ямархуу шавь байсан бэ?
-Н.Лхагваагийн хувьд сургуулийн хамаг бүтээлийг зурдаг байлаа. Шавь нараа одоо харахад алдар цуутай, авьяастай хүмүүс болно гэж тухайн үед боддоггүй байв. Би энэ хүнийг эрдмийн цолтой болгох гэж хөөцөлдөөд бараагүй юм. Хамгаалах сэдэв нь хамгаалуулах багш нь бэлэн байхад өөрөө бултаад алга болчихдог хүн шүү дээ.
Хүнийг эрдэмд сургаж, тухайн хүн сурсан юмаараа хоолоо олж иддэг болохоор багш мэргэжил бахармаар сайхан.
-Сүүлийн үед хүүхдэд зориулсан үлгэрийн ном, сурах бичиг найруулга болон үг үсгийн хувьд алдаатай гарах болсон. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Түрүүчийн нийгэмд аливаа нэгэн зүйлийг гаргахдаа олон шат дамжлага дамжин хянаж шалган тухайн номыг олон нийтэд түгээдэг байлаа. Харин одоогийн нийгэмд бүх зүйл чөлөөтэй болсон учраас ямар ч хяналт байхгүй болчихсон. Боловсролын яамны хувьд жил болгон хүүхдийн утга зохиолын номыг шалгаруулж байна. Ингэснээр эцэг, эхчүүдэд сонголтыг бий болгон өгч байгаа юм. Энэ жилийн хувьд 400 гаруй бүтээл өрсөлдсөнөөс цөөн хэдэн бүтээл хэвлэгдэх эрх авсан байсан. Энэ дундаас миний “Зуны цас, өвлийн бороо” нэртэй хүүхдийн зохиол маань шалгарсан.
Ш.Бадарчийн зохиосон хүүхдийн дуунууд