Хагийн хар нуур нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Улаанбаатар хотоос зүүн хойш 180 км зайд оршдог. Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн сарьдаг, Хүнхэр уул, Асгатын сарьдаг уулсын дунд орших үзэсгэлэнт нуур юм. Уулын тагт газар, далайн түвшингээс дээш 1817 метрт оршдог. Нуурын талбай 2.7 км.кв, урт нь 2.5 км, өргөн нь 1 км. Дундаж гүн нь 11 м ба хамгийн гүнзгий газартаа 25м хүрнэ. Эргийн зарим хэсгээр захаасаа дөнгөж замагтай ус харлан харагдах нь эл нуур нилээд гүн болохыг илтгэж байдаг. Зарим судлаачид дөрөвдөгч их мөстөлтийн үед 20-80 м өндөр, хааш хаашаа 5*6 км уулын хурдас мөнх цасны цэвдэгт түрэгдэн уулсын ам хөндийг хааснаас үүдэн эргэн тойрны оройд байх мөнх цэвдэг хайлж урсан эл нуур үүссэн гэж үздэг. Мөн газар доогуур зүүн талаас нь Хийдийн гол, өмнөөс нь Давааны гол цутгадаг учраас Хойд мөсөн далайн ай савын загас жараахай элбэг байдаг ажээ.