m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.06 07:05
455
Оюутнууд иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна

МУИС-ын Хууль зүйн сургууль дээр "Ногоон өдөрлөг" үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уг өдөрлөг уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн юм. Уг арга хэмжээний гол зорилго нь Хууль зүйн клиник сургалт буюу оюутнууд өөрсдөө иргэдэд эрүү, иргэн, захиргааны хэргүүдийн хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байгаа юм. 

Уг сургалтын төвийн гол зорилго нь төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах, эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа явуулах зэрэг үйл ажиллагааг явуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

Мөн тэд онлайн хэлбэрээр  www.Mongolianlaws.com цахим хуудсаар дамжуулан иргэдэд хууль зүйн зөвлөгөөг өгч байгаа юм. 

Сургалтын төвийн эрхлэгч Н.Туяа

-Хууль зүйн клиник сургалт гэж нэрлэсэн нь ямар шалтгаантай вэ. Сургалт зохион байгуулахад шаардлагатай орчныг хэрхэн бүрдүүлж ажиллаж байна вэ?

-Хуульч гэдэг бол нийгмийн эрүүлжүүлэх эмч гэж үздэг учраас ингэж нэрлэсэн. Ахлах курсийн оюутнууд удирдагч багшийн удирдлаган доор төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгдөг. Сургалт явуулахын тулд сургалтын орчин бүрдүүлэх, иргэдээ хүлээж авах байр, шүүх хуралдааны танхим зэргийг байгуулсан. 

-Иргэд ихэвчлэн ямар төрлийн зөвлөгөөг түлхүү авч байна вэ?

Иргэний эрх зүйн асуудлаар зөвлөгөөг илүү авч байна. Мөн сүүлийн жилүүдэд газрын маргааны асуудлаар их хандах болсон. Мөн эрүүгийн хэргийн талаар туслалцаа авах гэсэн хүмүүс нилээдгүй ихэссэн. Ихэнхдээ хохирогчийн байр сууринаас илүү их хандаж байна. 

Уг үйл ажиллагаа манай сургууль дээр хэвшээд 15 жил болж байна.

-Клиник сургалтанд хэрхэн хамрагдах боломжтой вэ. Хичнээн оюутан хамрагдаж байна?

-Уг хичээлийг оюутнууд маань сонгодог. Кредит системд шилжсэнээр оюутнууд хичээл болон багшаа өөрөө сонгох боломжтой болсон. Энэ жилийн хувьд 120-иод оюутан клиник сургалтыг сонгосон. Мөн оюутнуудаа дотор нь өөрсдийн сонирхсон чиглэлээр нь буюу иргэний, эрүүгийн, захиргааны гээд мэргэшүүлэх тал дээр анхаарч байгаа. 

Үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж  байгаа.

Оюутнуудаа хэрхэн бэлддэг вэ?

Үйлчлүүлэгчтэй уулзуулахын тулд мэдээж бэлдэх шаардлагатай. Анхан шатны ярилцлагыг хэрхэн хийх, мэргэжлийн ёс зүй, харилцааны соёл, нууц хадгалалт гээд бүх нийтлэг шаардлагуудыг танилцуулсны дараа иргэдтэй уулзуулдаг. 

Уг сургалтыг явуулснаар оюутнуудын мэдлэгийн болоод дадлагын түвшин хэр ахиж байна гэж үзэж байгаа вэ?

Уг сургалт бол үнэлж боломгүй ач холбогдолтой гэж хэлмээр байна. Иргэдэд зөвлөгөө өгөхийн тулд өөрөө бүх зүйлээ уншиж судалсан байх шаардлагатай. Бодит хүмүүсийн асуудал дээр зөвлөгөө өгч байгаа учраас оюутнуудын мэдлэгийн түвшин гарцаагүй дээшлэх болно.