m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.07 02:58
386
Г.Оюунбат: Марк бол тусгаар тогтнолын нэг илрэл

-Монгол маркийн 90 жилийн ой өнөөдөр тохиож байна-

Монголын 21 аймгийн аль нэг рүү нь захидал илгээхэд 440 төгрөгийн үнэтэй марк наах ёстой. Харин дэлхийн нөгөө бөөрөнд байгаа АНУ руу ил захидал илгээхдээ 1100 төгрөгийн марк наах ёстойг та мэдэх үү.  Цахим ертөнц тэргүүтэй технологийн хөгжил дунд бүдгэрч буй (миний бодсноор) шуудан харилцааны талаар сонирхохоор “Монгол шуудан” ТӨХК-ийн дэд захирал Г.Оюунбаттай уулзаж ярилцлаа.

-Ширээн дээр чинь байгаа “Рostal technology international” сэтгүүлийн сүүлийн дугаарыг хараад ярилцлагаа олон улсын шуудангийн технологийн чиг хандлага ямар байна вэ гэдэг асуултаар эхэлмээр санагдлаа?

-Саяхан болсон Дэлхийн шуудан холбооноос зохион байгуулсан Ази Номхон далайн бүсийн форумд манайхаас таван хүн оролцсон. Тэндээс ирсэн мэдээллээр дэлхийн шуудан харилцаа ухаалаг систем рүү шилжиж байгаа, форумд орсон улс орон бүр шуудангийн салбартаа нэвтрүүлж буй ухаалаг технологийг танилцуулсан байсан.

Технологийн дэвшил өдрөөр хэмжигдэж байгаа, энэ нь манай салбарт тэр хурдаараа нэвтэрч байгаа ч хүргэлтийн үйлчилгээ гараас гарт гэдэг зарчмаараа үлдэнэ. Ямартай  ч ойрын хугацаанд ямар нэг технологи, төхөөрөмжөөр энэ үйлчилгээг шийдэх аргагүй. Нөгөөтэйгүүр, хүмүүс шуудангаар ирсэн захидал, илгээмжээ гэртээ хүргүүлэх сонирхолтой хэвээрээ байна.

-Шуудан харилцааны салбарын хөгжлөөрөө аль улс тэргүүлж байна вэ?

-Япон.

-Монгол аль түвшинд байна вэ, шуудангийн салбарын ухаалаг технологи манайд нэвтэрсэн үү?

-Эхэлж байна. 2012 онд шуудангийн ухаалаг хайрцгийг нэвтрүүлэхээр Засгийн газрын төсвөөс 780 орчим сая төгрөг гаргасан. Бид технологийн дэвшлийг салбартаа нэвтрүүлэх гэж өнгөрсөн гуравдугаар сараас хойш ажиллаж байгаа. 

Тухайн хүнд ирсэн илгээмж, захидлыг ухаалаг хайрцаг руу хийгээд, тухайн хүний гар утас руу мессэж явуулдаг. Хүн боломжтой үедээ илгээмж, захидлаа авах юм. Гэтэл наад зах нь хэрэглэгчид гар утсаа бүрэн эзэмшсэн байх шаардлагатай, мөн бүх функцийг нь гүйцэд ашиглаж сурах шаардлага байна. Мөн зарим байршилд байгаа ухаалаг хайрцгуудыг ашиглахгүй, дээр нь зураад, элдэв юм наах гээд тодорхой бэрхшээлүүд гарч байна. 

-Яг хаана, хэчнээн тооны ухаалаг хайрцаг байгаа юм бэ?

-Нийтдээ 20 хайрцагны 18-ыг нь МУИС-ийн хоёрдугаар байр, Моннис, Вива сити гэх мэт төвлөрсөн томоохон газрууд, хороолол дунд байрлуулсан байгаа. Ийн байршуулж байгаа нь тодорхой шалтгаантай. Эдгээр ухаалаг хайрцгийг хэрэглэхэд тодорхой шатлал бий. Гар утсанд код ирнэ, утасны хэрэглэгч тухайн дугаараа тогтвортой эзэмшиж байх хэрэгтэй. Нөгөө талаас ухаалаг хайрцагны хэрэглээг нэвтрүүлэх арга зам нь сүлжээгээр явж байгаа, тэр нь төхөөрөмж л юм чинь хааяа гацах тохиолдол гарч байна. 

Энэ мэт хэрэглэгч, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага хооронд гарч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс бид шуудангийн ухаалаг хайрцгийг утасны дугаараар эзэмшдэг болох шинэ туршилт эхлүүлж байна. Жишээлбэл, миний утасны дугаар 8811хххх. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд 001, 002 гээд 0018 хүртэл дугаарлагдсан,  50 нүд бүхий шуудангийн ухаалаг хайрцаг бий. Төв шуудан дээр гэхэд л 005 хүртэл дугаарлагдсан байгаа. Тэгэхээр Оюунбат гэж хүн 00058811хххх гэдэг шуудангийн ухаалаг хайрцаг эзэмших боломжтой гэсэн үг.

Гар утасны дугаараараа шуудангийн ухаалаг хайрцаг эзэмших шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа

-Гэхдээ манай хэрэглэгчид 2-3 операторын дугаар хэрэглэдэг шүү дээ. Энэ нэг төрлийн бэрхшээл болохгүй юу?

-Яг энэ асуудал бэрхшээл болж байна. Гэхдээ ирэх оноос иргэд утасны дугаараа эзэмшээд, сонгосон оператороосоо үйлчилгээ авах эрх нээгдэхээр нэг хүн 2-3 операторын утас хэрэглэх шаардлагагүй болчихно. Тодруулбал, би 8811хххх дугаараараа хүсвэл скайтел, бүр болохгүй бол мобиком гээд өөрийн сонгосон операторын үйлчилгээг авах эрхтэй болж байгаа болохоор шуудангийн ухаалаг хайрагны үйлчилгээг гар утасны дугаараар эзэмшүүлэх боломжтой болох юм.

-Нэг хайрцгийг 2-3 хүн эзэмших боломжтой гэсэн үг үү?

-Нэг байрлалд 50 нүдтэй хайрцаг бий. Үүнийг дунджаар 150-200 хүн ашиглах боломжтой. Нэг хэрэглэгч  шуудангийн ухаалаг хайрцаг эзэмших хүсэлтэй бол сард 2000  төгрөг төлнө гэхээр жилд 24000 төгрөг болно. Бидний харж байгаагаар энэ манай нөхцөлд хамгийн тохирох хувилбар.

-Тэгвэл бидний хэрэглэж заншсан шуудангийн хайрцагны хуучин систем халагдах уу? 

-Шууд өөрчилж болохгүй учраас хуучин систем байдгаараа байна.  Нөгөө талаас цаг үеэ дагаад технологийн дэвшлийг салбартаа нэвтрүүлэх ёстой.

-Яг одоо хэрэгжүүлж байгаа шуудангийн ухаалаг хайрцагны систем хаанаас судалсан туршлага дээр үндэслэж, нэвтрүүлж байгаа дэвшил вэ?

-Бид судалгаа хийсний үндсэн дээр манайд тохирох хамгийн боломжит хувилбар гэж сонгосон. Шуудангийн үйлчилгээний шинэчлэлд бид зөвхөн ухаалаг шуудангийн хайрцгийг туршаад зогсохгүй шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Тухайлбал, гадаад паспорт, үл хөдлөх хөрөнгийн төвөөс гарч буй бичиг баримтыг хаягаар хүргэх үйлчилгээ бий. Хүний цаг завыг хэмнэн, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгох нэг арга юм. Тухайн хүн хүлээж авах хаягаа тодорхой хэлээд, утсаа асаалттай байлгавал ямар ч асуудалгүй.

Монгол шуудан ТӨХК гэхээр хүмүүс ердөө хэвлэл захиалга гэж хараад байдаг. Гэхдээ хүн бүр шуудангаар өөрт нь ямар нэг илгээмж ирлээ гэхэд баярладаг юм. Торгуулийн хуудсыг ч гайхсан, сонирхсон байдлаар хүлээж авдаг юм. 

хүн бүр шуудангаар өөрт нь ямар нэг илгээмж ирлээ гэхэд баярладаг юм

-Гар утас, интернэт, олон нийтийн сүлжээ хэрэглээнд нэвтрээд ирэхээр үнэндээ шуудангийн үйлчилгээг мартах шахсан шүү, хүмүүс?

-Ерөнхийдөө залуучууд харилцаа холбоог интернэт, гар утсаар шийдчихэж байхад шуудан ямар хэрэгтэй юм гэх хандлага илэрхийлдэг. Шуудан, харилцаа гэдэг асар том соёл. Монгол Улсад амьдарч байгаа хэрнээ дэлхийн хэмжээнд нийгмийн амьдралд оролцох гэж байгаа бол шуудангийн үйлчилгээг авахаас өөр аргагүй. Тухайлбал, оюутан гадны их сургуульд шалгалт өгөх үед шуудангийн хайрцаг зайлшгүй шаардна. Албан хаагч, албан газар гаднын байгуулагатай харилцаж байгаа бол мөн ялгаагүй, шуудангийн хайрцаг шаардана. Энэ бол дэлхийн хэмжээний соёл учраас би Берлинд байгаа найзтайгаа интернэтээр холбогдож, хязгаар нутагт байгаа Баттай гар утсаараа ярьж байхад шуудан ямар хэрэгтэй юм бэ гэж ярих өрөөсгөл юм.

-Бусад орны уран зохиол, кинонд “шууданч” гэдэг дүр байдаг. Харин монголчуудын амьдралд шуудан харилцаа ийм ойр, салшгүй хэсэг болтлоо нутагшаагүй шүү дээ?

-Миний бодлоор шуудан харилцаа мартагдсан юм шиг ийм байдал удаан үргэлжлэхгүй. Салбарын онцлог байна, тухайн улс, үндэстний хөгжлийг дагаж явдаг. Улсынхаа хөгжлөөс түрүүлж шуудан, харилцаагаа хөгжүүлэх ямар ч боломжгүй. Улс хөгжлийн тодорхой үед ирэхээрээ шуудан харилцаа дагаад хөгждөг жамтай.

-Монголчууд хэвлэл захиалга, албан бичиг дамжуулахаас бусдаар шуудангаар үйлчлүүлэхгүй байгаа нь бодит үнэн шүү дээ?

-Одоо тийм сайн биш л байна. Гэхдээ нэг жишээ хэлье, банкууд виза картны үйлчилгээг нэвтрүүлэх гэж хоёр жил зарцуулсан юм. Шуудангийн салбарын дэвшил яг үүн шиг л нөхцөлд орчихоод байна.

Өнөөдөр манайд захидал харилцаа технологийн дэвшилд шахагдсан. Нэг үе хүмүүсийн хооронд холбоо болохоос гадна харилцааны үнэ цэнэтэй хувилбар байсан. Захидал бичнэ гэдэг үнэ цэнэтэй, утга учиртай. Хүлээж авч байгаа хүнд ч ялгаагүй. Одоо бол шуурхай, товчхон цахим шуудан, мессэж бичээд л болчихно.

-Та бол олон жилийн түүхтэй, 900 гаруй хүнтэй энэ “айлын” тэргүүнүүдийн нэг. Шуудангийн хайрцагтай биз дээ?

-Байгаа.

-Тэгвэл та хамгийн сүүлд хэзээ шуудангийн хайрцгаараа захидал хүлээж авсан бэ?

-Хоёр долоо хоногийн өмнө Японоос илгээмж ирсэн. Дугтуйтай, марк наасан захидал гэвэл ойрын үед хүлээж аваагүй юм байна.

-Тэгвэл та өөрөө хэн нэгэн хүнд захидал илгээв үү?

-Цаг үе ийм байгаа ч захидал харилцаа нэг төрлийн соёл. Тиймээс шуудангийн салбарын судсаар гүйх ёстой захидал харилцааг "амьд" байлгах үүднээс бид бүх салбартаа хэн нэгэнд захидал бичих уралдаан тогтмол зарладаг. Компанийн хэмжээнд зарлагдсан уралдаанд оролцох журмаар ээждээ захидал илгээсэн. 

Марк бол улс орны амьдралд болж буй үйл явдлын циклийн түүхэн баримт болж үлддэг үнэт цаас

-Технологи хөгжсөн цаг учраас ганц удаа шуудангаар захидал авч байгаагүй залуус бий. Үнэндээ 1980-аад онд марк цуглуулах нь хамгийн түгээмэл хобби байсан шүү дээ?

-Одоо ч гэсэн марк сонирхогчид бий. Хамгийн сүүлд “Монгол шуудан” ТӨХК-иас ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын айлчлалтай холбогдуулан марк гаргасан. Энэ бол төрийн айлчлалтай холбогдуулан марк хэвлэсэн анхны тохиолдол. Түүнчлэн ССАЖЯ-тай хамтран Т.Батаарын марк, Богд хааны марк, Халх голын 75 жилийн ойн марк гаргасан. Марк бол улс орны амьдралд болж буй үйл явдлын циклийн түүхэн баримт болж үлддэг үнэт цаас. Шинэ марк худалдаанд гарсан даруйдаа дуусчихаж байгаа гэхээр сонирхогчид байна гэсэн үг.

-Би одоо шуудангаар ороод түүхэн айлчлалын марк авья гэвэл байх болов уу?

-За даа, юу л бол.

-Айлчлалтай холбоотой маркууд хэчнээн хувь хэвлэгдсэн бэ?

-10 мянган хувь хэвлэсэн. Яг айлчлалын үеэр худалдаанд гаргахад тухайн долоо хоногтоо 7-8 мянга нь дууссан. Дахиж тэр маркийг хэвлэж, худалдаанд гаргахгүй шүү дээ.

-Яагаад?

-Марк чинь цаг үеийнхээ түүхийн тодотгол болдог, дахиж хэвлэгддэггүй болохоороо үнэ цэнэтэй байдаг юм. Тухайн маркийг хэчнээн хувиар хэвлэхийг холбогдох газраас баталчихна, тэр тоогоор хэвлэгдээд худалдаанд гарна. Ер нь марк тусгаар тогтнолын нэг илрэл. Өнөөдөр марк хэвлэх эрхгүй улс орон олон байхад Монгол Улс соёлын энэ хэлбэрээр түүхээ бичиж байна.

Өнөөдөр марк хэвлэх эрхгүй улс орон олон байхад Монгол Улс соёлын энэ хэлбэрээр түүхээ бичиж байна

Шинээр хэвлэгдсэн марк бүрээс тодорхой тоогоор авч, “Монгол шуудан” ТӨХК-ийн дэргэдэх музейд хадгалдаг. Бид маркны музейг шинээр тохижуулж, Монгол маркийн 90 жилийн ойн өдрөөр буюу өнөөдөр Төв шуудан дээр нээлт хийх гэж байна. Мөн түүхэн ойд зориулан Монголын анхны марк болох “Очир”-той адилхан загвар хийцтэй марк гаргаж байгаа. Мөн энэ хугацаанд өрнөсөн түүх үйл явдалтай холбоотой алт, мөнгөн гэх тодотголтой ховор маркуудыг Төв шууданд нээгдэх музейд дэлгэнэ.

-Тэгвэл хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр гарсан нийт 20.000 ширхэг маркийн 15.000 хувь нь зарагдсан байх нь. Гэхдээ энэ хугацаанд дээрх тооны захидал бичээгүй гэхээр цуглуулагчид авчихсан хэрэг үү?

-Шууд ингэж хэлвэл өрөөсгөл болно. Олон улсын жишгээр марк цуглуулдаг, бизнес хийдэг хэсэг байгаа л байх. Нэг хүн ирээд 50 ширхэг марк авья гэвэл өгнө. “Та энэ олон маркаар яах гэж байгаа юм бэ” гэж асуух эрх байхгүй.

-Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалтай холбогдуулан гарсан маркууд нэлээд шүүмжлэл дагуулсан?

-Шинээр хэвлэх маркийн сэдэв, загвар, тоо хэмжээг жилийн өмнө Ерөнхий сайд баталдаг Хоёр айлчлалын марк төлөвлөгөөнд байгаагүй, Ерөнхийлөгч түүхэн үйл явдалтай холбогдуулан марк гарга гэсэн гэнэтийн үүрэг өгсөн. Үүний дагуу бид Ерөнхийлөгчийн тамгын газар, ОХУ болон БНХАУ-ын Засгийн газартай маркны загвар, хэмжээ, тооны тал дээр зөвшилцөж, тохирсон.

-Ярилцлагын төгсгөлд “Монгол шуудан” гэдэг айлын нэг өдрийн амьдралыг үгээр зураглавал?

-Ер нь харилцааны хамгийн амьд хувилбарыг хадгалж байгаа ганц салбар бол шуудан. Ааштай, аягтай, уур уцаартай гээд олон хүнтэй нүүр тулж, хэвлэл, илгээмж, захидлыг нь гарт нь хүргэдэг ганц мэргэжил шууданч. 2012 онд компанийн удирдлага солигдоод “Эртийн хүргэлт” гэдэг шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр өглөө 05:00 цагаас бүх шууданг хүргэж эхэлдэг болсон. Үүрийн 04:00 цагт зам сэлүүхэн үеэр шуудангийн машинууд ажлаа амжуулахаар яардаг. Шууданчид ургах нартай уралдаж ажилладаг юм. 

Сонин сэтгүүл бол бидний үндсэн үйлчилгээ. Үүн дээр шуудангийн үнэ цэнийн нэг хэсэг тогтож байдаг. Бид энэ салбарыг олон улсын жишгээс хоцроохгүй үүднээс утасны дугаараар шуудангийн ухаалаг хайрцаг эзэмших боломжийг бүрдүүлсэн. Аливаа шинэ зүйлд залуучууд тун соргог ханддаг. Тэгэхээр шинэ загварын утас, машин, хувцсаар гоёдог шиг хандлагаар шуудангийн ухаалаг хайрцгийг нийгмийн харилцааны нэг имиж болгоосой. Дэлхийг хэрсэн харилцаа холбооны соёлын нэг хэсэг болох шуудангийн салбарын Монгол дахь дэвшил, шинэчлэлийг иргэд соргогоор хүлээж аваасай гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.