Монгол Улсын ууган сургуулийн нэг Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө түүхэн ойгоо тэмдэглэж буй танай хамт олонд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Түүхэндээ 1933 онд дотоодыг хамгаалах дунд сургууль байгуулж байсан юм билээ. Харин нэг жилийн дараа төв сургууль байгуулсан цаг үеэс түүхийн хуудас эхэлж байгаа юу?
-Тиймээ, анх их сургууль байгаагүйг хүмүүс мэднэ. Түүхэн цаг хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар их сургууль болтлоо 80 жилийг үджээ.
-Монголын хүчний байгууллагыг боловсон хүчнээр хангаж буй танай сургуулийн бүтэц ямар болсон бэ. Багш нарынхаа чадвараас сонирхуулна уу?
-ХСИС дотроо бүрэлдэхүүн хэд хэдэн салбар сургуультай. Цагдаагийн, Удирдлагын, Хилийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн, Онцгой байдлын, Ерөнхий эрдмийн, Ахлагчийн гэх мэт сургуультай. Мөн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнтэй. Манай сургуулийн нийт эрдэмтэн багш нарын 30 хувь нь доктор, профессорууд байна. Бусад нь магистр зэрэгтэй. Олон эрдэмтэн мэргэд байдгаас Арвай генералыг хүмүүс сайн мэдэж байгаа.Насаараа энэ салбарт ажилласан хүн одоо ч мэддэг, чаддаг бүхнээ залуу үедээ сургах ажилд зүтгэсээр байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиглэлээр Даваа, биологийн ухааны доктор Лхагваа гэх мэт олон хүн бий.
-Наян жилийн хугацаанд танай сургуулийн нэрийг хэдэнтээ өөрчилсөн. Цагдаагийн академи, Дотоод хэргийн эсвэл Хууль сахиулахын их сургууль гэх мэтчилэн. Нэр өөрчлөхөөсөө илүү сургалтын агуулга, чанарыг өөрчлөх цаг болсон мэт санагддаг?
-Зөвхөн нэр өөрчлөхтэй холбоотой асуудал биш л дээ. Таны хэлж буйтай санал нэг байна. Сургалтын агуулга чанар, цаг үетэйгээ уялдан өөрчлөгдөн, хөл нийлэн алхах шаардлага бүх их дээд сургуулийн өмнө гарч ирсэн. Манай сургууль энэ чиглэлд анхаарч сургалтын чанар, агуулгад анхаардаг. Өмнө нь академик сургалтаа өмнөө тавьчихаад судалгаагаа хойш тавьдаг байж. Харин одоо шинжлэх ухааны үндэстэй судалгаагаа эхэнд тавьж, сургалтаа явуулж байна. Өөрөө хэлбэл судалгаанд суурилсан их сургуулийн сургалтаа эхэлсэн.
-Судалгаанд суурилсан их сургуулийн сургалт явуулах нөхцөл боломж хэр байдаг юм бэ?
-Эхнээсээ ажил болгоод явж байна. Энэ ажлын хүрээнд гадаад харилцаагаа сайжруулж, хамтын ажиллагааг бэхжүүлж байна. Шинэ байртай болох ажил эхэлсэн ч санхүүгийн асуудлаас болоод түр зогссон.
-Манай хууль, цагдаагийн байгууллагыг оросын школоос салж чадаагүй гэх шүүмжлэл харлуулдаг. Миний бодлоор ХСИС гадаад харилцаагаа тэлэх ёстой юм шиг санагддаг юм?
-Манай сургууль зөвхөн ОХУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажилладаггүй. БНСУ,Турк, АНУ гэх мэт олон орны хуулийн сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй. Хойд хөршийг зарим хуульчид муулдаг ч хууль эрх зүйн салбарт явуулж буй бодлого, арга хэрэгсэл тийм ч тааруу биш. Хоёр хөршийн их дээд сургуультай хамтран ажилласаар байгаа.
-Цагдаагийн ажилтанд англи хэл гарцаагүй хэрэгтэй болж байна. Адаглаад наадмын талбайд жуулчин хулгайд эд зүйлээ алдлаа гэхэд ойр зуурын зүйл ярьчих чадвартай байх хэрэгтэй байна. Ингэхэд танай сургуульд англи хэлний хичээл ордог уу. Ямар хугацаанд орж байна?
Хүний эрх талаасаа бодсон ч хүнд хэрэг тулгах, өөрөөр нь хүлээлгэнэ гэдэг байж боломгүй хэрэг.
-Тиймээ, ийм шаардлага амьдралаас урган гарч байна. Манай сургууль гадаадад их дээд сургууль төгссөн багш нар ажиллаж, нэгдүгээр курсээс эхэлж англи хэл заадаг. Гэсэн ч бидний хүссэн хэмжээнд амжилт олохгүй байгаа нь үнэн. Хичээл зүтгэлтэй хүүхдүүд аяндаа багш нараасаа илүү шахуу болоод ирдэг. Тэр сонсогчдод үндэстэн дамнасан хар тамхи, хүний наймаа гэх мэт ноцтой хэрэгт ажиллуулах боломжтой болдог. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Түүнээс гадна энэ жилээс магистрын зэрэг хамгаалах оюутнуудад англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байх шаардлага тавьсан. Сая шалгаруулалт боллоо. Бидний шалгуурыг давах хүүхэд олон биш байна.
-Хууль сахиулагчдад практик дадлага маш чухал. Танай сургуулийн III дамжаанд сурч буй ч нас нь бага хүүхдүүд цөөнгүй бий. Дунд сургуульдаа анги үсэрсэн хүүхдүүд одоо 18 нас ч хүрээгүй байна. Тэд ажил дээр гараад гэмт хэргийн халуун цэгт шууд ажиллана. Моорогт орох нь энүүхэнд. Тэдний айдсыг арилгах ажилд практик дадлага чухал болов уу?
-Тэгэлгүй яахав. Өмнө нь лекц, танхимын сургалт 60-70, дадлага үлдсэн хувийг нь эзэлдэг байсан бол одоо эсрэгээрээ. Манай сургуулийн оюутнууд танилцах, дадлагажих, уртын гэх мэт дадлагыг нэгдүгээр курсээсээ хийдэг. Тухайлбал Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс манай сургуулийн түшиц бааз. Манай оюутнууд хүссэн үедээ тус хэлтэст очиж ажилд нь туслах, дадлага хийх боломжтой. Түүний гапдна гэмт хэргийг өөрөөр нь хүлээлгэнэ гэдэг ойлголт байхгүй болсон. Хүн ямар ч шалтгааны улмаас хэрэг хүлээж болох юм. Өмнө нь ийм арга хэрэглэдэг байснаас болж олон хүн хэлмэгдсэн түүх бий. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр техник технологийн дэвшлийг ашиглан тэр хүн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хөдлөшгүйгээр нотлох хэрэгтэй байна. Англид ажлаар явж байхдаа хавтаст хэрэгтэй танилцсан юм. Нийт хэргийн 20-30 хувь нь л мэдүүлэг бусад нь шинжээчийн дүгнэлт, техникийн дэвшил ашиглан гаргасан баримт, нотолгоо байх жишээтэй. Манайд бол эсрэгээрээ шүү дээ. Хүний эрх талаасаа бодсон ч хүнд хэрэг тулгах, өөрөөр нь хүлээлгэнэ гэдэг байж боломгүй хэрэг. Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд техникийн асуудлыг давхаар шийдэж байгаа.
-Бусад сургуулиас ялгарах нэг бодлого танай сургуульд бий. Хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчнээ тасалдуулахгүй байх үүднээс хөдөөнөөс сонсогч олноор нь авдаг. Байж болох ч босго өндөртэй баймаар байна. Цагдаагийн байгууллагыг харлуулдаг нэг зүйл нь төлөвшилгүй, мэдлэг чадваргүй зарим нэг алба хаагч шүү дээ?
-Хот хөдөө гэж ялгалгүй элсэлтээ авдаг. Манай сургууль жилээс жилд босго оноогоо нэмсээр байна. Өнгөрсөн жил 560 байсныг энэ жил 580 болгосон. Энэ жил 580 оноо авсан хүүхэд бүр ороогүй. Доод тал нь 620 түүнээс дээш оноотой хүүхдүүд элсэн орсон. Ер нь бол босго оноог өндөрсгөх шаардлага бий гэдэгтэй санал нийлж байна. Өнгөрсөн жилийн төгсөлтөөс хотын олон хүүхэд хөдөө орон нутагт ажиллахаар болсон.
Цаашлаад төгсөх курсын оюутнуудад цагдаагийн ажилтны ёс зүйн хичээл заадаг.
-Хөдөө явахгүй гээд бөөн асуудал болдог. Тэд өөрсдийн хүсэлтээр үү?
-Тийм ээ. Цагдаагийн хуулиараа орон нутагт таван жил ажилласан алба хаагчдад хугацаанд нь дүйх урамшуулал олгодог болсон. Өөрөөр хэлбэл таван жилийн цалинг нь нэг дор өгнө гэсэн үг. Энэ нь хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний тоог нэмэгдэхэд хүргэж байна.
-Цагдаагийн ажилтанд төлөвшил болон харилцааны соёл маш чухал. Уул үзээгүй хормой шуугч хэсэг хүмүүсийн буруутай үйлдлээс болж нэг салбар тэр чигтээ хараар будагдах нь бий. Тэгэхээр танай сургуулийнхан ёс зүй, харилцааны соёлын талаар ямар хичээл ордог юм бэ?
-Манай сургуулийг төгссөн хүмүүс бие бялдар, мэдлэг чадвараараа хэний ч дор орохгүй болдгийг би олон жилийн туршлагаар хэлэх байна. Манай сургуулийн босгыг давах хүүхэд мөн, биш нь карантинаас л харагддаг. Чадахгүй хүүхэд нэгдүгээр дамжаанаасаа л гардаг юм. Бусад сургуультай харьцуулахад ачаалал маш их. Хүүхдүүдэд нь манай сургуульд сурдаг аав, ээж нар мэднэ дээ. Тиймээс ч төгссөн хойноо жирийн хуулийн сургууль төгссөн хүнээс хувь илүү болдог.
Харилцааны соёл зөвхөн цагдаагийн ажилтанд төдийгүй нийгэм даяараа бидэнд хэрэгтэй байна. Бид ёс зүй, харилцааны соёлын талаар хичээл ордог. Цаашлаад төгсөх курсын оюутнуудад цагдаагийн ажилтны ёс зүйн хичээл заадаг.
-Танай сургууль энэ салбарын боловсон хүчний нэлээдгүй хэсгийг бэлтгэдэг. Гэсэн хэдий ч одоо хэр нь төлбөргүй. Төлбөртэй болбол чанарт бас танай сургуулийн хөгжилд хэрэгтэй мэт санагддаг юм?
-Олон хүн таньтай адил байр суурьтай байдаг. Гэхдээ төр өөрийн боловсон хүчнээ мөнгөөр бэлтгэх боломжгүй юм.
-Маш өндөр босготой байж, бие сэтгэлээрээ энэ салбарт ажиллах хүсэл зорилготой хүмүүс элсдэг байвал ямар байх бол. Таны бодлоор?
-Ер нь жирийн эргүүлийн цагдаа өнөөдөр дээд боловсролтой болсон. Цагдаагийн гурван сарын дамжаанд сурч буй хүмүүс бүгд л дээд боловсролтой байна.
-Та цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж байна уу?
-Дунд сургуулиа төгсөөд 18 настайгаасаа эхлээд одоог хүртэл ажиллаж байна.
Сэтгэл санаа, бие бялдраараа сайхан эр хүн болж төлөвшөөд төгсдөг юм.
-Танай сургуулийн үүдээр ороод ирэхэд хөл тавин алхангаа жагсаалын дуугаа дуулж яваа залуус , бие биенийхээ өмнө ёслох сонсогчид сайхан мэдрэмж төрүүлдэг?
-Тийм шүү. Олон аавын хөвгүүдээс шалгалт, шалгуураа даваад үлдсэн залуус арай өөр байдаг. Би өөрөө төдийгүй үр хүүхэд маань энэ салбарт ажиллаж байна. Сонсогч нараа хараад бахархдаг юм. Манай сургуулийн шалгуурыг давах болов уу гэсэн хүүхдүүд эхний дамжаандаа харагддаг л юм. Жилээс жилд яаж өөрчлөгдөж буйг хараад баярладаг. Сэтгэл санаа, бие бялдраараа сайхан эр хүн болж төлөвшөөд төгсдөг юм.
-Танай сургуулийн хамт олонд түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Шинэ сургуулийн байртай болоод, сурган хүмүүжүүлэх ажилдаа улам их амжилт гаргаарай.
-Баярлалаа, ирэх жил дуусгахаар зүтгэж байна. Санхүүг нь шийдээд өгвөл болохгүй зүйл алга. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.