Малала Юусафзай 1997 оны долдугаар сарын 12-нд Пакистанд төрсөн. Тэрбээр шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцэгч юм. Одоо 16 настай жирийн л нэг сургуулийн сурагч боловч өөрийн үйл хэргээр Нобелийн шагналд нэр дэвшээд авсан нэгэн. 2012 онд Малала террорист үйл ажиллагаагаараа танигдсан Талибанчуудын халдлагад өртсөн боловч амьд үлдсэн. Түүний тухай сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Энэхүү ярилцлагад түүний аав Зиаудуддин Юсуфзайг бас урьжээ. Пакистанд тэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн жинхэнэ баатрууд билээ. Одоогоор Их Британид ажиллаж амьдарч байгаа бөгөөд ярилцлагын туршид, үг хэлээд дуусах тоолонд нь хүмүүс алгаа ташиж байсныг дуулгахад таатай байна.
-Нью-Йорк хотод тавтай морил.
-Баярлалаа.
-Таны яриаг чих тавин сонсохоор олон хүмүүс энд цуглараад байна. Юуны өмнө Нью-Йорк хотод ирэхэд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач. Та өөрөө уудам, тосгоноос ирсэн болохоор энэ тухай сонирхоё?
-Би энд 2-3 хоног л саатна. Их таалагдаж байна. Гэхдээ нөгөө талаас хүн амьдрахад жаахан төвөгтэй санагдлаа. Яагаад гэвэл замын хөдөлгөөний ачаалал, дуу чимээ ихтэй юм.
-Тиймээ. Нью-Йоркийг дуу чимээ ихтэй гэдгийг хүн болгон мэдэх байх. Хэсэг хугацааны өмнөх тэр бараан өдөрт таныг аваачихыг зөвшөөрнө үү. “Малала гэж хэн бэ?” гэж асуудаг тэр өдөр яг юу болсон юм бэ?
- Бид тэр өдрийг их гунигтай өдөр гэж үздэг. Яагаад гэвэл бид гэрлүүгээ явж байгаад эмнэлэгт сэргэсэн болохоор. Зам дээр олон хүн бужигнаж, жирийн л амьдрал үргэлжилж байсан. Би сайн санахгүй байна, гэхдээ хоёр эрэгтэй хүн байсан. Тэд сургуулийн автобусыг зогсоон орж ирсэн. Би тэднийг хүнээс ямар нэгэн зүйл асуух гэж байгаа юм байх л гэж бодсон. Тэдний нэг нь жолоочтой хөөрөлдөж, харин нэг нь надтай их ойрхон ирсэн. /Та бид хоёрын хоорондох зай шиг л/. Тэгээд тэр “Малала гэж хэн бэ?” гэж асуусан. Гэвч тэдний асуултыг анзаарах сөхөөгүй бид маргааш нь болох шалгалтын талаар бодож, элдвийг ярилцаж байсан.
Тэд “Малала гэж хэн бэ?” гэж асуунгуутаа л бидэнд хариулах хугацаа өгөлгүй хоёр удаа буудсан. Нэг нь миний зүүн хөмсөгний орчимд оноод хүзүү, мөрийг минь гэмтээсэн. Намайг ганцхан сум л оносон байх. Үүний улмаас миний нүд гэмтэж бас ярихад хүндрэлтэй болсон. Гэхдээ АНУ-ын эмнэлэгт эмчлүүлсний ачаар би эдгэрсэн. Би зүв зүгээр харж, ярьж байна. Миний тархи эрүүл үлдсэн. Бас инээмсэглэж чадаж байна. Энэ бүхэн гайхалтай.
Харин хоёр дахь сум нь миний хоёр ч найзын мөрөнд оносон байсан. Энэ нь надад үнэхээр гунигтай мэдээ байсан. Тэднийг суманд өртсөнд би буруутай юм шиг санагдаж байсан.
- Аавд нь хандан:
-Танд энэ мэдээг сонсоход их хүнд байсан гэж бодож байна?
-Тиймээ. Тэгэлгүй яахав. Энэ мэдээ надад их хүндээр туссан. Ийм харгис зүйл миний охинд тохиолдсонд. Миний охин энэ ертөнц дээрх хамгийн үнэт цэнэтэй хүн шүү дээ. Бид дан ганц аав охин биш, найзууд, боловсролын төлөө хамтран зүтгэгчид юм. Гэхдээ тэр одоо амьд байна. Түүний оюун санаа, бие махбод зүгээр байна. Тиймээс бурхандаа талархдаг даа.
- Аавд нь хандан:
-Пакистанд охин төрөхөд баяр тэмдэглэдэггүй, харин хүү төрөхөд баяр тэмдэглэдэг. Та хоёр ч хүүтэй. Малалаг төрөхөд яаж хүлээж авсан бэ?
-Таны зөв. Олон эцэг, эхчүүд охин төрөхөд тэмдэглэдэггүй. Харин хүү төрөхөд гэр бүлээрээ өргөн дэлгэр тэмдэглэж, аз жаргалтай байцгаадаг. Харин миний хувьд бол өөр. Надад хүү байсан ч, охин байсан ч ялгаагүй. Малала бол миний ухаантай охин, миний бахархал. Би бол ёс заншлаа зөрчиж, охиноо төрөхөд баярлаж бахархаж байсан хүн.
-Малала, аав чинь чамд ямар их хайртайгаа олон нийтийн өмнө хэллээ. Ийм сайхан эрх чөлөөг эрхэмлэсэн үзэл бодолтой аавын дэргэд өсөхдөө юу мэдэрч байсан бэ?
-Миний аав намайг зоригжуулдаг. Миний арван зургаан жилийн амьдралд аав минь надад жишээ болсон. Түүний хүмүүстэй хэрхэн сайхан харилцаж, өөрийн дуу хоолойг хэрхэн хүмүүст хүргэж, хэрхэн сайх сайхныг дэлгэрүүлж байгааг нь би нүдээрээ харж байна. Намайг халдлагад өртөх үед хэн ч энэ талаар зүрхэлж ярихгүй байсан. Тэр үед зоригтойгоор энэ талаар ярьсан хүн бол ганцхан аав минь л байсан. Би хичээлээ сайн хийдэг. Аав минь ч бас боловсролын салбарын хүн. 1994 онд сургуулиа нээж одоо 11 гаруй мянган оюутантай болсон.
-Таныг Пакистанаас өөр газар аваачиж эмчлүүлэхгүй бол найдваргүй гэсэн. Тэгээд АНУ явуулсан. Та сэргэхдээ яг юу мэдэрч байсан бэ. Тэр эмнэлэгийг төсөөлөөч. Хажууд чинь хэн байсан бэ?
-Би сэргээд хажуугаар минь байгаа хүмүүс бүгд англиар яриад байхаар нь Пакистанд биш өөр газар байгаагаа мэдсэн. Гэхдээ хамгийн түрүүнд гэр, сургууль гээд их энгийн зүйл бодсон. Би босох гэтэл чадахгүй байсан. Тэгээд би гэр бас сургуулиасаа ингээд хөндийрчихгүй юмсан гэж айж байсан. Гэсэн ч амьд байгаадаа маш ихээр баярласан. Үнэхээр тайлбарлахын аргагүй. Бурхандаа баярлаж байсан. Улмаар аав, ээжийгээ бодсон. Тэд минь зүгээр байгаадаа гэж. Эмчээс асуух гэтэл хүзүүнд гуурс суулгасан байсан болхоор юм ярьж чадахгүй байсан. Тэгээд бичгээр асуусан. Харин тэд “Аав, ээж чинь сайн байгаа. Тэд аль болох хурдан ирнэ” гэж билээ. Би тэгэхэд долоо хоногийн турш комд байсан. Бас нэг чухал зүйл байлаа. Миний эмчилгээний зардлыг хэн төлсөн юм бол гэсэн. Надад мөнгө байхгүй, аав минь хүнээс зээлсэн юм болов уу гэж бодсон шүү. Гэтэл харин дэлхий даяараа миний төлөө залбирч, тэд миний өмнөөс төлбөрийг төлсөн байсан. Би үнэхээр их баярлахын зэрэгцээ, тэдгээр хүмүүсийн залбирлын хүч намайг эдгээхэд нөлөөлсөн байх гэж бодсон.
-Тиймээ. Дэлхий даяараа чиний төлөө залбирч байсан. Үүнийг хэр их үнэ цэнэтэй гэж бодож байна?
-Энэ бол хүн төрөлхтний сэтгэлийн гүнд байдаг тэр сайхан чанар, хайр, найз нөхөрлөлийн үр дүн юм. Зөвхөн Пакистанчууд биш дэлхий даяараа залбирсан байсан. Шашин шүтлэг ялгаагүй.
-Пакистанд ер нь юу болоод байна вэ?
-Бид нийтээрээ терроризмтай нүүр тулсан. Ялангуяа 2008 онд. Охид сургуульд явдаггүй байсан. Бас Талибанууд 200 гаруй суруулийг дэлбэлсэн. Тийм болохоор тэнд боловсролын асуудал ямар их асуудалтай байгааг харж болно. Тэр үед би чимээгүй байхыг хүсээгүй. Учир нь би тэнд насаараа байх учраас. Тэд хүмүүсийг хөнөөж байна. Магадгүй биднийг ч. Бид үхсэнээс үгээ хэлсэн нь дээр гэж боддог. Манай аав болоод зарим хүмүүс үгээ хэлж байсан. Би ч бас үгээ хэлсэн ч жаахан байгаа учраас миний үг тийм хүчтэй байж чадаагүй. Гэхдээ орчин үед үгээ хэлэх олон боломж байна. Тухайлбал, сонин сэтгүүлд нийтлэл бичих, блог хөтлөх гээд.
- Аавд нь хандан:
-Та охинд тань ийм зүйл тохиолдсонд өөрийгөө буруутгасан уу, харамссан уу?
Үгүй. Хэзээ ч үгүй. Бид нэгэн хэцүү цаг үеийг хамтдаа туулж байна. Засгийн газар 200 сургууль дэлбэрэхэд юу ч хийгээгүй. Тэд гудамжинд болж байгаа аллагыг зогсоохгүй байна. Тэд уг нь зогсоох ёстой шүү дээ. Би энэ бүхэнд санаа зовж байгаа учраас эрх чөлөөний төлөө хэзээ ч бууж өгөхгүй. Эрх чөлөөгүй 100 жил амьдарснаас эрх чөлөөнийхөө төлөө тэмцээд ганцхан өдөр амьдарсан нь дээр. Би энгийн иргэдийг боолчлол дунд амьдраасай гэж хүсэхгүй байна.
-Малала, чамд ямар нэгэн аюул тулгарна гэдгийг зөн совингоороо мэдэрч байсан уу?
-Тэднийг над дээр ирнэ гэж төсөөлөөгүй байсан. Гэхдээ намайг интернэтэд блог хөтлөж байхад надаас зарим хүмүүс “Талибанчууд чам дээр ирвэл яах вэ” гэж асуудаг байсан. Харин би гутлаа тайлаад цохино гэж хэлсэн. Гэхдээ дараа нь хэрвээ би ингээд цохих юм бол тэднээс ялгаагүй болох юм байна гэж бодсон. Тийм болохоор, хэрвээ тэд ирэх юм бол ярилцах хэрэгтэй гэж шийдсэн байсан. Би тэдэнд “Эрх чөлөөг эрхэмлэх хэрэгтэй. Та нарын тарьсан хэргээс болж хичнээн хүн зовж, шаналж байгааг ойлгох хэрэгтэй” гэж хэлнэ гэж боддог байсан.
-Чи бууж өгөх тухай бодсон уу?
-Үгүй ээ, би хэзээ ч бууж өгөхгүй. Хүмүүс Талибанчууд чамайг ахиад алахаар ирвэл яах вэ гэдэг. Тэд надад сануулсан. Тэд намайг, зөвхөн Малалаг алж чадна. Гэхдээ тэд миний үйл хэргийг алж чадахгүй. Тэд миний боловсрол, эрх чөлөө, тэгш эрхийн төлөөх тэмцлийг алж чадахгүй.
-Ээжийнхээ талаар яриач. Тэр чиний үйл хэргийг дэмждэг үү?
-Миний ээж боловсролтой. Аав минь намайг дэмждэг шиг тэр ч бас биднийг дэмждэг. Бас биднийг нэг л өдөр бүх зүйл сайхан болно гэж зоригжуулдаг. Ээж минь гадуур явахдаа нүүрээ нуугаарай, (Пакистанчууд нүүрээ хаах уламжлалтай) тэр залуу чамайг харчихлаа, тэр ч чамайг харчихлаа гээд л явдаг. Харин би өөдөөс нь би ч бас тэднийг харж байна гэдэг. (Инээв)
-Чиний эргэн тойронд байгаа боловсролгүй хүмүүсийн амьдрал ямаршуу байдаг вэ. Тэдэнд ихэвчлэн юу тохиолддог вэ?
-Надад Саша гээд таван настайдаа хамт сурч байсан нэг найз байдаг. Тэр таван настай байхдаа хүнтэй суугаад сургуулиасаа гарсан. Дараа нь тааралдахад тэр “Нөхөр минь надад таалагдахгүй байна. Тэр надаас олон ах. Би ямар ч эрх чөлөөгүй амьдарч байна” гэж байсан. Найз минь одоо над шиг 16 настай боловч хоёр хүүхэдтэй. Энэ бол Энэтхэг, Пакистан, Афганистанд байдаг л үзэгдэл болсон. Тэд бага байхдаа хүчээр хүнтэй гэрлэдэг.
-Энэ талаарх чиний бодол?
-Би ийм эрт гэрлэлтийг буруу гэж боддог. Тэд аль аль нь гэрлэхийн хүсч байгаа нөхцөлд гэрлэх ёстой. Бас наймаас доош насны хүүхдийг интернэт, мансууруулах бодис хэрэглэх, гэрлэхийг хориглодог. Гэхдээ энэ хууль дүрмийг дагаж мөрддөг хүн байдаггүй. Хүүхэд, эмэгтэйчүүдийг эрх ноцтой зөрчигдөж байгаа. Би энэ тухай ч бас ярихгүй өнгөрч чаддаггүй.
-Чи 16 настай гэж үү? (Инээв). Ингэхэд чи тэдний төлөө юу хийж чадах вэ?
-Би өөрийн дуу хоолойг улам олон хүнд хүргэхийг хүсч байна. Би хоёр эрэгтэй ах, дүүтэй учраас тэдэнтэй ч бас тэмцэлдэх хэрэг гардаг. Би найзуудтайгаа “Бид яагаад өдөр болгон хүнд цүнх үүрээд хичээлд явдаг юм бэ” гээд ярилцдаг байсан. Харин террористууд сургуулиудыг минь дэлбэлсэн. Бид сургуульгүй болохдоо Талибанчууд боловсролоос айдаг юм байна гэдгийг мэдсэн юм. Тэд эмэгтэйчүүд боловсролтой болж, боловсролын ачаар хүчтэй болохоос айсандаа ийм үйлдэл хийсэн гэж бид дүгнэж байгаа. Тиймээс боловсрол бол маш чухал хүч бөгөөд энэ хүнд байдлаас гарах арга зам болно гэж бодож байна.
-Та энэ тухайгаа миний хүүд очиж ярьж өгмөөр юм байна даа (Хүмүүс алга ташив)
-Зочин Зара асуулт тавив.
-Таны BBC-д хөтлөж байсан блог олон хүнд хүрсэн гэж бодож байна уу?
-Эхэндээ би миний бичсэн зүйлийг хүмүүс уншиж байгаа болов уу гэж боддог байсан. BBC ийн ажилтан энэ тухай “Чи юу хийх ёстой, түүнийгээ хийгээд л бай” гэдэг байсан. Гэхдээ би сүүлд нь их олон уншигчтай болсноо мэдсэн. Энэ бол манай улсад болоод буй үйл явдлыг дэлхий дахинд харуулах зөв арга байсан.
-Их Британийн хатан хаан Элизабет таныг ордондоо урьсан?
-Тиймээ, намайг урьсан учраас би очсон.
-Мадонна, Анжелина Жоли гээд бусад алдартнууд ч бас таны тухай ярьж байсан?
-Тэд миний тэгш эрх, боловсрол, шударга ёсны төлөөх тэмцлийг дэмжсэн. Мэдээж намайг хүндэтгэх нь сайхан санагдсан.
-Та эмч хүн цөөхөн хүнийг эмчилдэг гээд эмч биш улстөрч болохоор шийдсэн гэсэн. Саяхан танай улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсон боловч Талибанууд хөнөөсөн. Та Ерөнхий сайд болохыг хүсдэг үү?
-Тиймээ. Эмч болвол би хэсэг бүлэг хүмүүст л туслаж чадна. Хэрвээ улстөрч болвол улс орныхоо бүх хүмүүст туслаж чадна. Тийм болохоор би Ерөнхий сайд болохыг хүсч байна. Яагаад гэвэл би улстөрч болвол эмч нарт ч туслаж чадна. Мөн боловсролын салбарыг ч хөгжүүлж, шударга байдлыг тогтоож чадна.
-Энэ одоохондоо мөрөөдөл л байгаа. Хэрвээ чамд ийм боломж олдохгүй бол яах вэ?
-Тэд хувь хүнд, чадварт л итгэнэ. Харин мөрөөдөлд итгэхгүй. Гэхдээ би мөрөөдлөө орхихгүй.
Тэд намайг буудаж, ална хэмээн заналхийлсэн нь алдаа юм. Тэд харин ч намайг дэмжиж байна. Би хүмүүсийн дэмжлэгээр улам их зоригжлоо. Цаашид сайн сайхны төлөө илүү ихийг хийх болно.
-Та Нобелийн шагналын тухай сонсож байсан уу?
-Тиймээ энэ шагналыг ямар нэгэн онцгой зүйл хийсэн хүмүүс хүртдэг. Би Нелсон Мандела зэрэг алдартнуудын тухай номыг уншиж байсан. Манай орноос саяхан нэг хүн физикийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн. Мөн саяхан намайг Нобелийн шагналд дэвшүүлсэн нь маш их хүндлэл болсон. Цаашид эрх нь зөрчигдөж байгаа бүхний төлөө ихийг хийх хэрэгтэй, хийх ч ёстой гэж боддог. Би тэмцэх болно.
-Цаг заваа гарган ярилцсан та нарт баярлалаа.
НҮБ танхимд үг хэлэх үеэр
Хатан хаан II Элизабет Букингам ордонд аавтай нь хамт урив.
2013 онд Нобелийн шагналд нэр дэвшигчид
Үлгэр жишээ болсон аавтайгаа
Г.Чимэг