ССАЖЯ, НЗД-ын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Туркийн ЭСЯ, Монголын Урлагийн Зөвлөл болон Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар Олон Улсын Кино Наадам-2014"-ийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Монголын кино урлагийн салбарын хөгжлийг хангах, тус салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой энэхүү наадам нь Дэлхийн шилдэг кино бүтээл, Туркийн кино өдөрлөг, Берлиний ОУ-ын кино наадмын дэргэдэх "Дэлхийн Кино Урлагийн Сан"-ийн шилдэг бүтээлийн өдөрлөг, Монгол кино хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрднэ.
Энэ талаар наадмын зрицуулагч, ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзулаас тодруулсан юм.
-Улаанбаатар кино наадам хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ. Энэ жилийн онцлог нь юу вэ?
-Энэ кино наадам ССАЖЯ байгуулагдснаас хойш яамны дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Өмнө нь энэ наадам НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газраас зөвхөн өөрийн улсын хэмжээнд зохион байгуулж Хангарьд шагнал гардуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс илүү өргөн хүрээтэй, олон улсын хэмжээнд зохион байгуулж, дэлхийн шилдэг кинонуудыг оролцуулдаг болсон.
Өмнөх жил онцлох улсаар Франц улсыг сонгож байсан бол энэ жилийн хувьд Турк улсыг онцолж байгаа юм. Учир нь Турк улсад кино урлаг үүсч хөгжсний 100 жилийн ой, Монгол улстай дипломат харьцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд мөн сүүлийн үед Туркийн кинонууд олон улсын аадмуудаас олон шагналыг хүртсэн зэрэг үзүүлэлтийг харгалзан үзээд энэ улсыг онцолсон.
Мөн энэ жил анх удаа Монгол киноны хөтөлбөрийг оруулсан. Ингээд энэ жилийн наадмаа найруулагч Л.Таванбаярын "Хүдэн" Монголын уран сайхны киногоор нээж байгаа.
Монгол киноны сонголтоо Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран хийсэн. Энд 2013-2014 онд бүтээгдсэн найруулагч И.Нямгаваагийн "Хязгааргүй" залуу найруулагч М.Ивээлийн "Цэн тогоруу" зэрэг бүтээлийг толилуулна. Мөн Берлиний ОУ-ын кино наадмын дэргэдэх "Дэлхийн Кино Урлагийн Сан"-аас дэмжлэг авсан гурван бүтээлийг бас оролцуулж, Венец Канн Берлиний кино наадамд олон шагнал авсан 12 бүтээлийг үзүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын залуу найруулагчдын бүтээлийг толилуулж байгаа нь энэ жилийн бас нэг онцлог юм.
-Оролцож буй кинонууд өмнө нь дэлгэцэнд гарч байсан уу?
-2013-2014 онуудад дэлхийн кино наадмуудаас шагнал авсан ч олон нийтэд төдийлөн танигдаагүй шинэхэн бүтээлүүд байгаа. Энэ бүх киноны эрхийг бид албан ёсоор худалдаж авсан. Тийм ч учраас энэ жилээс тодорхой хэмжээнд төлбөртэй үзүүлэхээр болсон бөгөөд энэ нь хүүхдийн тасалбарын үнэ буюу 3000 төгрөг байх юм. Киног монголын үзэгчиддээ зориулан хадмал орчуулгатай гаргана.
Олон улсын кино хөтөлбөрийн зохицуулагчаар, өнгөрсөн жил ажилласан Канн болон Парис синема олон улсын наадмын зохион байгуулагч Францын иргэн Тибу Брак дахин ажилласан байна.
-Киноны шалгаруулалтад юуг түлхүү анхаарсан бэ. Ямар сэдэвтэй кинонууд байгаа вэ?
Би холливуд боксийн киног сонгохоос илүүтэй сүүлийн үед залуусын сонирхон үздэг болсон, хүний өдөр тутмын амьдрал, нийгмийн асуудлыг тусгасан, тэдэнд сургамжтай, өгөөжтэй тийм кинонуудыг сонгохыг чухалчилсан. Мөн илүү урлагийн бүтээл талаас нь харуулсан, хүнийг хүмүүжүүлсэн, өгүүлэмж сайтай кинонуудыг сонгосон байгаа.