m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.10 02:00
96
Монгол Улсын суурь инфляци жилийн 15.6 хувьд хүрчээ

Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны наймдугаар сарын эцэст өмнөх сараас 0.4 хувь, оны эхнээс 7.7 хувь, өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өсчээ. Харин Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.7 хувь, оны эхнээс 7.4 хувь, өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар тус тус өсчээ. Суурь инфляци сарын 2.4 хувь, оны эхнээс 8.1 хувь, жилийн 15.6 хувь байна.

Монгол Улсын суурь инфляци жилийн 15.6 хувьд хүрчээ.

Тухайн сард хүнсний барааны бүлгийн үнэ буурсан бол боловсрол, орон сууц, цахилгаан, түлш, амралт чөлөөт цаг, соёлын барааны бүлгийн үнэ өссөн байна. Хүнсний бараанаас мах, махан бүтээгдэхүүн 4.9 хувь, хүнсний ногоо 17.9 хувиар, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнэ 1.3 хувиар буурч, хүнсний барааны бүлгийн үнэ 3.6 хувиар багассан үзүүлэлттэй байна. Харин хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ 2.8 хувиар өссөн бөгөөд үүнээс боловсролын үйлчилгээ 17.7 хувь, зарим кабелийн телевизийн сарын төлбөр 100 хувь, орон сууцанд засвар хийх хөлс 60 хувь, цахилгааны төлбөр 5.8 хувь, орон сууцны түрээс 2.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Мөн тайлант сард нийт хэрэглээний сагсыг бүрдүүлж буй 329 бараа үйлчилгээнээс 61 бараа үйлчилгээний үнэ нь өсч, 25 бараа үйлчилгээнийх буурсан байна. Жилийн инфляцийн 26.4 хувийг хүнсний бараа, согтууруулах бус ундааны, 73.6 хувийг хүнснээс бусад барааны бүлгийн үнийн өсөлт бүрдүүлсэн байна. Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 16.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлш 14.3 хувь, боловсрол 17.7 хувь, тээвэр 11.2 хувь, согтууруулах ундаа, тамхи 16.8 хувь, гэр ахуйн тавилга, бараа 4.5 хувь, эм тариа эмнэлгийн үйлчилгээ 20.3 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 11.4 хувь, бусад бараа үйлчилгээний бүлэг 22.9 хувиар тус тус өссөн байна. Хүнсний барааны бүлгийн жилийн өсөлтийн 55.8 хувийг талх, гурилан бүтээгдэхүүн, 8.7 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 21.3 хувийг өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, 4.9 хувийг жимс, 4.1 хувийг ургамлын болон цөцгийн тосны үнийн өсөлт бүрдүүлсэн байна.