m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.10 07:16
512
“Улаанбаатар” кино наадам Туркийн соёлыг мэдрүүлэв

“Улаанбаатар” олон улсын наадам хоёрдахь жилдээ зохиогдож байна. Энэ удаагийн кино наадмын онцлох улсаар Турк улс сонгогдсон юм. Тус улсад кино урлаг үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой энэ жил тохиож буй. Тэгвэл өчигдөр Туркийн кино өдөрлөгийн нээлт болж Миланы олон улсын наадмын шилдэг хөгжмөөс гадна Истанбулын наадмаас олон шагналын эзэн болсон найруулагч Йылмаз Эрдоаны “Эрвээхэйн зүүд”-ээр хөшгөө нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус улсын Элчин сайд өөрийг биеэр хүрэлцэн ирсэн юм.

Түүнчлэн энэ оны Каннын кино наадмын “Алтан навч” шагнал хүртсэн “Өвлийн ичээ”, Берлины олон улсын кино наадмын Панарома хэсэгт шалгарсан “Хургахан” тэргүүтэй гурван бүтээлээ туркчүүд кино сонирхочдод толилуулсан юм.

Хүний мөн чанарыг харуулсан “Өвлийн ичээ”

Айдин, жүжигчин мэргэжилтэй тэрбээр таарамж муутай эхнэр Нихал болон гэр бүлээсээ салсан эгч Несягын хамт Анатолиа хотын төв хэсэгт жижигхэн зочид буудал ажиллуулан амьдардаг. Өвлийн улирал ирж, цас будран, зочид буудалдаа амьдрах тэдний харилцаанд ан цав гарч эхэлнэ. Айдин өөрийн эхнэрийн хувийн амьдралд оролцож, түүнийг өөрийнхөөрөө байлгахыг хүснэ. Ингэснээр тэр эмэгтэйн нөхрөө хайрлах сэтгэлийн галыг бүр мөсөн унтраадгаа тэрбээр хожуу ухаарч, гэмшдэг. Гэхдээ тэр үнэхээр гэмшдэг эсэхийг үзэгчдэд найруулагч нээлттэй орхисон байсан юм. Энэ кинонд нэгэн ядуу гэр бүл тэдний гэр бүлийн амьдралд орж ирснээр амьдралын талаар хичээл заадаг аж.  

“Өвлийн ичээ” киноны найруулагч Нури Билгэ Жэйлан туркийн кино салбар 1980-аад оны үед уналтанд орж ирэх үед биеэ даан уран бүтээлээ хийх болсон байна. Ингэснээр Туркийн кино биеэ дааж хөгжих боломжтойг харуулсан найруулагч юм.  Тэрбээр гэрэл зурагчин байсан учраас зураг авалт болон киноны бүхий л хэсэгт гар бие оролцдог ажээ.

Кутлу Атаман: Залуу уран бүтээлчид юунаас ч айлгүй кино хийж эхлэх хэрэгтэй

Туркийн Анатоли хотын зүүн хэсэгт орших уулархаг тосгонд хөвч таслах уламжлал нь гэр бүлийн нэгэн баярт үйл явдал юм. Бяцхан Мэрт тун удахгүй энэхүү ёслолыг үйлдэх ёстой боловч түүний эцэг Исмайлд энэхүү уламжлалт ёслолын гол идээ болох хургыг өгөх хүсэл үл хүснэ. Эгч Виждан түүнд хэрэв аав нь хурга олохгүй бол хүүг “нядлах” болно хэмээн сүрдүүлнэ. Туркийн ард иргэдийн 99 хувь нь лалын шашин шүтдэг. Иймээс одоо хүртэл хөвч таслах зан үйлийг үйлддэг гэнэ.

Үзвэрийн дараа тус киноны зохиолч, найруулагч Кутлу Атаман өөрийн биеэр хүрэлцэн ирж, кино сонирхогчтой нээлттэй уулзан ярилцсан юм. Найруулагч та нар үнэхээр азтай үзэгчид байна. Уг кино дараа долоо хоногт Туркийн кино театруудаар гарч эхэлнэ гэсэн юм.

Туркийн кино найруулагч Кутлу Атамантай цөөн хэдэн хором ярилцсан юм.

-Таны кино бидэнд таалагдлаа.  Харин манай улсын нийслэл хот таньд таалагдав уу?

-Миний бодлоор ямар нэгэн соёлыг таних хамгийн шилдэг арга бол хоолыг нь идэх. Сая айраг ууж, үхрийн хэл идлээ надад үнэхээр их таалагдлаа. Гудамжаар зугаалж байхад социлизмын үеийг мэдрүүлсэн байшин барилга харагдаж байна. Түүнчлэн залуусын шинэ чиг хандлага, соёлыг мэдэрч чадлаа. Ер нь 20 жилийн дараа Монголчуудын соёл өөрчлөгдөх байхаа.

-Таны хувьд хөдөө тосгонд амьдарч байсан гэсэн. Монголын хөдөө нутгаар авах уу?

-Мэдээж танилцалгүй яахав. Маргааш хөдөө явна даа.

-“Улаанбаатар” олон улын кино наадмын урилга авсны дараа. Монголын кино урлагтай танилцаж амжсан уу?

-Ерөнхийдөө хожуу урилга авсан болохоор танилцаж амжаагүй. Гэхдээ монгол болон туркийн соёлыг харахад дундын ижилхэн зүйл ихтэй санагдлаа.

-Шинэ залуу найруулагч нарт өөрийнхөө хамгийн үнэтэй зөвлөмжийг хүргэвэл?

-Мэргэжлийн сургуульд суралцах хэрэгтэй. Залуу уран бүтээлчид юунаас ч айлгүй киногоо хийж эхэл. Кино хийж байгаа багт жижиг гэлтгүй туслагчаар ажиллах хэрэгтэй. Түүнчлэн олон сайн кино үзэж, кино хийх хэрэгтэй.