Ардын зураач, Төрийн соёрхолт Үржингийн Ядамсүрэн гуайн ач охин Я.Булган Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн алдарт зураач өвөөгийнхөө тухай дурсан бидэнд ийн ярьсан юм.
Багадаа би буурай аав,ээж хоёр дээрээ өссөн. Тэр хоёр бол миний хувьд гайхамшиг. Миний омогшил, эрх чөлөөтэй, байгальд хайртай болсон маань өвөөгөөс минь өвөлж ирсэн гэж би боддог. Зураг зурах суурийг маань өвөө минь тавьж өгсөн. Багаас минь орчин тойрон дахь ертөнц ямар нууцлаг гоёмсог болохыг мэдрүүлж өгсөн хүн л дээ. Эх байгаль, газар нутгаа хайрлахыг хүмүүжлээр олгосон учраас энэ нь том болох тусам сэтгэлзүйд их юм бодогдуулж эхэлсэн. Хүн яагаад ингэж амьдарч байгаа бол гэсэн философи үүсдэг. Өнөөдрийн бидний хийгээд байгаа зүйл, бүтээгээд байгаа нийгэм цаашлаад өнөөдрийн энэ нийгэм зөв үү, буруу юу гэх мэтийн янз янзын зүйл бодогдуулж эхэлдэг. Би өөрөө хувь хүн гэдгийг надад мэдрүүлж чадсан.
Ач охин Я.Туяагийн бүтээл
Ардын зураач, Төрийн соёрхолт Үржингийн Ядамсүрэн
Өвөөтэй өнгөрүүлсэн миний бага нас хамгийн гоё
Харамсалтай би өвөөгийнхөө дэргэд 20-хон жил амьдарсан. Өвөө маань надад нэг л их мундаг илбэчин хүн шиг санагддаг байсан. Яриа нь тэгш, зөв бодолтой, сайхан сэтгэлтэй нэгэн. Бага насандаа уур уцаар гэж юмыг сонсож үзээгүй болохоор ямар нэгэн зүйлийг зандарч хэлэхийг нь би ерөөсөө мэдэхгүй . Оройгоор үлгэр домог шашны ном уншиж өгдөг байсан. Буурай ижий маань болохоор бичиг үсэггүй мөртлөө ном уншаад сурсан. Сонгодогийг бид нарт уншиж өгдөг байсан. Өвөө маань монгол газар нутгаа жинхэнэ монгол хүн шиг хайрладаг байсан.
Миний буурай эмээ монгол хүн биш ч зээгт наамал, зүү ороохыг гаргууд эзэмшсэн хүн байсан. Шар тостой боорцог хайрах гээд монгол эмэгтэй хүний хийдэг бүх зүйлийг чаддаг нэгэн байв. Европ хувцас огт өмсөж байгаагүй. 87 нас хүртлээ монгол дээлтэйгээ байсаар нас барсан хүн. Тэр хүн өвөөг яаж хайрлаж байсан нь бид бүгдэд үлгэр дууриалал болж байсан юм. Буурай ижий маань өвөөгийн түшиж тулах багана нь болж чаддаг байсан.
Хүн бол өөрөө эрх чөлөөгүй амьтан шүү дээ. Гэхдээ надад урлагийн хүний хувьд дотоод эрх чөлөө байдаг.Урлагтаа байхдаа би эрх чөлөөтэй байдаг. Энэ миний орон зай, миний салхи, миний амьсгал энэ дунд л би жаргалтай байдаг.
Би амьдралдаа эрч хүчтэй явахыг боддог. Өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхийг хичээдэг. Ер нь бүх зүйлийг амжуулахыг боддог. Би ээж хүн, сургуулийн захирал, багш хүн бүгдийн хийхэд цаг их ордог ч хүн цагтай уралдаж явах хэрэгтэй. Ялангуяа зураач хүн. Хүн юм юмыг амжуулдаг байх хэрэгтэй.
Урлагтаа байхдаа би эрх чөлөөтэй байдаг. Энэ миний орон зай, миний салхи, миний амьсгал энэ дунд л би жаргалтай байдаг.
Ардын зураач, Төрийн соёрхолт Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн оюутнууд
“Авьяас гэдэг бол бурхнаас өгсөн том бэлэг. Үүнийгээ л алдаж болохгүй”
“Зураач хүн бүх талаараа төлөвшдөг. Юмханаар юм хийж сурах хэрэгтэй”
“Бүх зүйлийг өөрөө сэтгэж хийнэ гэдэг чинь авьяас нь бүх зүйл дээр илэрч гарахыг хэлнэ”
Өнөөдөр бүтээл маань үнэлэгдэхгүй, хүмүүсд шүүмжлүүлсэн ч бай зураач хүнд энэ нь чухал биш. Яагаад гэвэл хэзээ нэгэн цагт юу өгүүлэх гээд байсныг ойлгох хүмүүс заавал гарч ирдэг.
Зураач хүн сэтгэл ханамжгүй байдлаа уран бүтээлдээ илэрхийлж гаргадаг
Урвагч сэтгэл чи зүрхийг минь тасдан иднэ
Дундрашгүй шунал чи ясыг минь мэрэн долооно
Цайвар дэвсгэр чи бал мэт цусыг минь уусгана
Харгис зураасны цаана санаа гэж үгүй! /Я.Булган 2012.08.12/
Авч чадахгүй зүйлдээ бүү хорогд
Бүтээж чадахгүй зүйлдээ бүү харамс
Өнгөрч буй цагтаа бүү шанал
Өөрчлөгдөж буй амьдралаа бүү зогсоо /Я.Булган 2010/
Чаралсаар гал руугаа хийнэ
Орилсоор гүн рүүгээ нууна
Чангалсаар суллаад л тастана
Сулалсаар чангалаад л босгоно /Я.Булган 2009/
Хар харандаа чамайгаа би хараана
Хар нулимсаа чам руугаа би дусаана
Харлуулсан цаасаа би дахин зулгаана
Худал өнгөөр санаагаа би давраана /Я.Булган 2008/
Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн төгсөгч Г.Ууганбаярын бүтээл
Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн төгсөгч Л.Золбоогийн бүтээл "Түгжрэл"