Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ерөнхий прокурор Рашитжан Кадировын урилгаар Шанхайн хамтын ажиллагааны орнуудын Ерөнхий прокуроруудын уулзалтад оролцож, ажлын айлчлал хийлээ.
Ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ерөнхий Прокурорын газартай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Гүйцэтгэх ажилд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга О.Чулуунбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцаа хариуцсан хяналтын прокурор Г.Ганзориг нар орсон байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав БНХАУлсын Ардын дээд Прокурор Цао Цзяньмитай уулзаж хоёр орны прокуроруудын хамтарсан сургалт явуулах, Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох, хил орчмын прокуроруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлуудаар ярилцжээ.