Лекцийн танхимд суугаа үзэгчид яг л давалгаалж байгаа мэт харагдаж байлаа. Хүн бүр гартаа даллаганы уут, идээ, баринтагтай судараа барьсан байсан юм. Өөрийн болон өрөөлийн амьдралд энх амгалан, элбэг баяныг дуудаж, нас буян арвижуулахаар хурайлах дүүрэн үзэгчидтэй энэ танхимд Алтангэрэл судрын тайлбар лекцийн арга хэмжээ болж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 5-нд “UB palace”-ийн концертийн их танхимд болсон “Ханш нээх өдөр” хэмээх арга хэмжээг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл зохион байгуулсан. “Дашчойнпэл” дацангийн тэргүүн гавж С.Гантөмөр сүсэгтэн олонд Алтангэрэл судрыг дэлгэрэнгүй тайлбарлаж, “Намдолдэчэнлин” хийдийн хуваргууд буян хишгийн даллага болон муу зүгийн бүхнээс аврах “Лүйжин” хурж, мандал өргөсөн билээ.
Танхим дүүрэн үзэгчдийн нэг нь би байв. Манай гэрт үе дамжин шүтэж, дээдэлж ирсэн Алтангэрэл тэргүүтэй нэжгээд судар бий. Манай гэрийнхэний эдгээр судраа гуутай бурханы хөрөгтэй адил харж, сүсэглэдэг жирийн буддистууд. Тиймээс “Ханш нээх өдөр” арга хэмжээнд Алтангэрэл судрыг дэлгэрэнгүй тайлбарлана гэж сонсоод очсон хэрэг.
Эх байгалийн алив амьдрал сэрж сэргэдэг өдрийг тохиолдуулан олон сүсэгтнийг нэг дор хурааж эх монгол хүн бүрийн төлөө буян хураах утга учрыг нь тэнд сууж байхдаа л мэдсэн юм. Тиймдээ ч уг арга хэмжээ “Uvertura” хамтлагийн “Халуун элгэн нутаг” дуугаар эхэлсэн юм билээ.
Үргэлжлүүлэн “Алтангэрэл” судрыг эх хэлнээ хөрвүүлсэн буддын гүн ухааны “Дашчойнпэл” дацангийн тэргүүн С.Гантөмөр гавж лекцээ эхэлж “Ханш нээх өдрөөр “Алтангэрэл”-ийн сан тавьж, даллага авах, нийтээрээ бурхан бодисадваа, дээдэс лам нарт мандал өргөх, Лүйжин хурах буяны үйл хийхээр хотол олноороо цуглаад байна.
Олуулаа буян үйл үйлдэхэд цаглашгүй арвижиж, барагдашгүй болдог” хэмээсэн. С.Гантөмөр гавж бол Далай ламыг Монгол Улсад ирэхэд дэргэдийнх нь орчуулагчаар ажилладаг эрдэмтэн хуварга. Тэрбээр хурсан олонд бурхны шашны мөн чанарыг тайлбарлахдаа буддын шашны үзэл баримтлал, номлол нь орчин үеийн шинжлэх ухааны нээлт, тайлбартай эн зэрэгцэн явж буйг олон жишээ татан тайлбарласан. Тэр дунд “Шинжлэх ухаан, техник, технологи цэцэглэн хөгжиж буй XXI зууны хүн танд мухар сүсэгтэн байх эрх үгүй. Аливааг нарийн судлан, мөн чанарыг нь ухаарах учиртай” гэж хэлсэн нь жирийн сүсэгтэн намайг “чимхээд” авсан юм. Ингэж чимхүүлсэн хүн тэнд олон байсан биз. Учир нь энэ үдэш танхимд зөвхөн ахмад, настанууд төдийгүй нялх балчир, идэр залуус, ид насныхан цугласан байсан юм.
“Намдолдэчэнлин” хийдийн ловон лам П.Энхтүвшинтэй лекцийн үеэр цөөн хором ярилцлаа.
-Алтангэрэл судрын тайлбар лекцийн энэ арга хэмжээнд ирсэн сүсэгтнүүд танхим дүүрэн иржээ. Олон хүн нийлж буяны үйлс хийхийн давуу тал гэж байдаг уу?
-Ганцаар буян хийж болно. Нэг хүний савны хэмжээгээр буян тогтож, тэр нь амархан барагддаг гэж үздэг. Нэг дор олноороо хурж буян хураах нь эерэг энерги түгээсэн сайхан арга хэмжээ болж байна. Энэ танхимд 3500 хүн байгаа гэж бодоход шамшаагдахгүй (барагдахгүй) их буян хурсан биз ээ. Түүнчлэн энд ахмад настанууд төдийгүй залуус их ирсэн харагдаж байна. Энэ нь тун олзуурхууштай. Хүний ёс суртахууны суурь нь сүсэг бишрэл байдаг. Сүсэг бишрэлгүй бол ёс суртахуун үгүй, ёс суртахуунгүй бол хүн гэдэг мөн чанараа алддаг гэж багш маань сая лекцийнхээ үеэр хэлсэн. Интернэт, техник технолгийн хөгжил өдий зэрэгт байхад тийшээ сатааралгүй, дотоод мөн чанар луугаа өнгийж, бурхны шашны утга учрыг ухаарах гэж энэ танхимд сүсэглэн суугаа залуусыг хараад баяртай байна.
Биднийг ярилцаж байх зуур С.Гантөмөр гавж үргэлжлүүлэн өөрийн эх хэлнээ хөрвүүлсэн “Алтангэрэл” судар нь холоос олдох олзыг наашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрхөд эд хөрөнгө, хишиг буян даллан авчрах увидастайг тайлбарласан. Хүн төрөлхтний туйлын зорилго бол аз жаргал буюу төгс гэгээрэл. Эл судрыг уншиж, ухаарах юм бол урт настай, эрүүл энх, эд баялгаар арвин байх болно. Аз жаргалыг бүтээх арга замыг Бурхан багш Алтангэрэл сударт номлон үлдээсэн гэнэ. Тиймээс уг судрыг сүслэн бишрэгчид энэ болоод хойд насандаа ч аз жаргалыг олж чаддаг хэмээн үздэг аж. Мөн дөрвөн махааранз тэргүүтэй урт настай, хүч, эрдэм, чадал төгс лус савдагууд бурхан багшид өргөсөн ам тангарагийнхаа дагуу энэ судрыг бишрэн шүтдэг сүсэгтэн бүрийг гэнэтийн гай барцадаас сахин хамгаалж байдаг гэнэ. Монгол айл бүр эрт үеэс энэ судрыг гэртээ залж ирсний учир энэ ажээ. Гавж “Энэ судрыг эх хэлнээ хөрвүүлсэн болохоор сүсэгтэн та уншиж, танилцаад, ухааран ойлгох боломжтой болсон. Нүгэл хилэнцийг наманчилж, буян хишгийг арвижуулах талаар дэлгэрэнгүй номлосон байгаа учраас сайтар уншиж танилцаарай. Ингэснээр баринтагтай сударныхаа охь шимийг хүртэнэ шүү” хэмээн захина билээ.
Ийнхүү уншсан төдийд маш их тус эрдэмтэй, үг бүрт асар их хүч чадал шингэсэн байдаг “Алтангэрэл” судрын тэргүүн бүлгийг танхимд суугаа хүн бүр монгол хэлээр хамтдаа уншицгаасан.
Бурханы шашны мөн чанар, буддын гүн ухааны номлол, сургаалийн талаарх дэлгэрэнгүй лекц цаг хэртэй үргэлжлэв. Дараа нь “Мөргөлийн түрлэг” дуугаар эгшиг түрж, “Намдолдэчэнлин” хийдийн хуваргууд мандал өргөсөн.
Буяны үйл нь барагддаг, барагддаггүй гэж байдаг аж. Бурхан, бодьсадва нарын буян нь барагддаггүй учраас хүн үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвин болдог гэж үздэг. Энэ учраас мандал өргөдөг байна. Танхимд цугласан олны хураасан буяныг барагдашгүй болгохоор мандал өргөсний дараа айл бүрт амар амгаланг авчрагч, хагацал зовлонг холдуулагч Цагаан өвгөн сахиус танхимд заларч, даллаганы идээ тараалаа. Ямархуу бужигнаан болсныг хэлэлтгүй гадарлах биз.
Үүний дараа “Намдолдэчэнлин” хийдийн хуваргууд 404 өвчнөөс гэтэлгэх увидастай, цаглашгүй их ном эрдмийн тустай Лүйжин хурсан.
Танхимд сууж байгаа хүмүүс дунд Лүйжин тавина гэсэн болохоор зорьж ирлээ гэж ярьсан хүн цөөнгүй байсныг энд дурьдах хэрэгтэй биз. Лүйжин хурсны дараа буддын гүн ухааны Дашчойнпэл дацангийн тэргүүн гавж С.Гантөмөртэй уулзсан юм.
-Ханш нээх өдрөөр зохион байгуулж буй энэ арга хэмжээ ямар онцлогтой болж байна вэ?
-Олон зүйлээр онцлог байлаа. Ханш нээх өдөр тохиосон учраас даллага авч, мандал өргөөд, “Намдолдэчэнлин” хийдийн хуваргууд бүрэн бүрэлдэхүүнээрээ Лүйжин хурлаа. Энэ олон хуварга нэг зэрэг Лүйжин хурна гэдэг ховор тохиол. Энэ олон хуваргын эрдэм, ухаан, уншлагын хүчээр энд ирсэн хүмүүс муу зүгийн хорлолоос сахин хамгаалагдсан. Тэгэхээр сайн сайхан явна хэмээн найдаж байна. Дээр нь засал бүхний дээд болсон Алтангэрэл судрын тэргүүн бүлгийг эх хэлээрээ сүсэгтнүүдтэй хамт уншлаа. Энэ нь Монголын бурхан шашинтнуудын хувьд буддын номлол, сургаалийг эх хэлээрээ ойлгож, унших боломжтой гэдгийг харуулсан онцгой үйл явдал байлаа. Түүнчлэн ханш нээж буй өдрөөр Алтангэрэлийн даллага авахуулж, буян хишгийг хурайлан далласнаар их онцлогтой.
-Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирж, даллага авахуулж Лүйжин тавиулах нь сүм, хийдэд ном хуруулахаас ямар ялгаатай юм бэ?
-Уг нь буян хураах зорилгоороо адилхан. Ялгаа нь гэвэл сүсэгтэн сүм хийдэд очоод төвдөөр уншиж буй хурал номыг даган баясдаг. Харин өнөөдөр судрын чуулганы хаан гэгддэг Алтангэрэл судрын тайлбар, буддын гүн ухааны мөн чанарын талаарх лекц сонссон. Энэ нь шүтэж буй шашныхаа талаар тодорхой ойлголттой болоход нь дөхөм болж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн гэж бодож байна гэснээр бидний ярилцах хугацаа өндөрлөсөн юм.
“Дашчойнпэл” дацангийн тэргүүн гавж С.Гантөмөр лекцийнхээ төгсгөлд сүсэгтэн олны өмнөөс уг арга хэмжээг санаачлан зохион байгуулж буй Ч.Даваабаяр даргатай Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлэн, “Алтангэрэл” судрын дээжээс гардуулсан юм.
Үүний дараа танхим дүүрэн цугларсан сүсэгтэн олон Алтангэрэлийн даллага авахуулж, баринтагтай судар, даллаганы уут, идээгээ барин хурайлсаар “Ханш нээх өдөр” арга хэмжээ өндөрлөсөн. Хурсан олон оролцсон буяны үйлсдээ сэтгэл хангалуун тарж явсны дараа уг арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяртай уулзаж, ярилцсан юм.
-Танай нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан “Ханш нээх өдөр” арга хэмжээ сайхан болж өндөрлөлөө. Энэ арга хэмжээ жил бүр болох уу?
-Байгаль дэлхий сэргэж буй энэ өдөр “Дашчойнпэл” дацангийн тэргүүн гавж С.Гантөмөр болон Баянхошууны “Намдолдэчэнлин” хийдийн хуваргууд нийт монгол түмнийхээ буян хишгийг даллаж, амар амгалан, аз жаргалтай байхын төлөө ном хурлаа. Баруунбаян-Улаан сумыг хөгжүүлэх үйлсэд хандив цуглуулах энэ арга хэмжээнд сүсэгтнүүд олноороо ирж оролцсонд тун их сэтгэл хангалуун байна. Байгаль дэлхий сэргэдэг бэлгэ дэмбэрэлтэй ханш нээх өдөр энэ танхимд цугларсан сүсэгтэн олон гэр бүл, ойр дотнынхондоо төдийгүй нийт монголчуудынхаа амар амгалан, аз жаргалmай амьдралын төлөө буян хураасан. Хүмүүс сайхан арга хэмжээ боллоо гэж баяр хүргэхийн зэрэгцээ жил бүр уламжлал болгон явуулах уу гэж асууж байна лээ. Хэрэв сүсэгтэн олон нийтээрээ хүсвэл энэхүү арга хэмжээгээ буяны болон хандивын зориулалтаар жил бүр уламжлал болгон зохион байгуулж болно.
-Лекцийн үеэр энэ арга хэмжээний орлого Баруунбаян-Улаан сумын хөгжил цэцэглэлтийн ажилд хандивлагдана гэж байсан. Энэ талаар тодруулаач?
-“Ханш нээх өдөр” арга хэмжээний тасалбарын орлого Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын түүхт 90 жилийн ойн бүтээн байгуулалт, ард иргэдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжихэд хандив болж байгаа. Мөн бид сумынхаа 90 жилийн ойг тохиолдуулан баримтат кино хийж байна. Монгол Улсын түүхийн нэг жим болох Баруунбаян-Улаан сумын 90 жилийн түүхэн замналыг баримтат кино болгох нь өндөр ач холбогдолтой том ажил. Энэ түүхийн гэрч болох 90 настай буурлуудаас асууж тодруулах, улсын архивыг шүүх, баримт сэлтийг цуглуулах гээд судалгааны мэргэжлийн баг ажиллаж эхэлсэн. Баримтат кино гэдэг онцгой төрөл жанрыг мэргэжлийн төвшинд хийх уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Энэ ажлынхаа санхүүжилтийн тодорхой хувийг энэ хандивын арга хэмжээний орлогоос бүрдүүлэх юм. Мөн Улаанбаатар хотын дүүргүүдийн ахмадын хороотой хамтран ажиллаж маш олон ахмадуудыг энэхүү арга хэмжээнд урьж үнэ төлбөргүй үзүүллээ.
Б.Хүрэл. Завхан аймгийн Завхан мандал сумын иргэн
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойд зориулан нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа буяны арга хэмжээ сайхан болж өндөрлөлөө. Энэ нь зөвхөн нутгийн иргэдэд төдийгүй нийт Монголын ард түмэнд зориулсан буян номын арга хэмжээ боллоо гэж бодож байна. Алтангэрэл судрын талаарх дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Бурхны шашны гол номлолуудыг багтаасан хөлгөн судар байдаг юм гэдгийг сая сонсож мэдлээ. Энэ арга хэмжээнд оролцох завшаан таарсанд бас их бэлгэшээж байна. Нутгийн зон олонд сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ зун 90 жил нь гэсэн байх. Малчид нь мал сүргээ өсгөн, ард иргэд нь эрүүл энх байх болтугай.
Д.Наранцэцэг (СБД 18 хорооны иргэн)
-Ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх хувь хүнд хишиг буяныг даллан авчрах увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлгэн эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрнө гэж байсан. Тэгээд энэ арга хэмжээнд оролцоно гээд гадаа худалдаж байсан Алтангэрэл судраас аваад, даллаганы идээ, уутаа зэхээд ирсэн. Ханш нээж байгаа өдөр болохоор хамаг амьтан ичээнээсээ гарч байгаа. Тэгээд энэ сайхан өдөр буяны арга хэмжээнд оролцох гэж байна. Би уг нь бурхны шашныг шүтдэг, гэхдээ Алтангэрэл судрыг их сайн гэж сэтгүүл дээрээс л уншиж байсан. Энэ лекцэнд сууснаар олон зүйл шинээр мэдэж авлаа.
Н.Цолмон (БГД 6 хорооны иргэн)
-Ханш нээж байгаа өдөрт зориулсан буяны ажил гэж л бодож байна. Энэ судрыг айлд байхад хамгийн сайн ном гэж сонсож байсан, яагаад гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд үүнийг дэлгэрэнгүй тайлбарлана гэхээр нь сонирхож, хамгийн гол нь Лүйжин тавина гэсэн болохоор зорьж ирлээ.
Mass.mn