Багваахай цэцгийн үндэс (Taraxacum officinale)
Багваахай нь дэлхий дахинд элгэнд сайн хэмээн танигдсан ургамал юм. Энэ нь аминдэм, эрдэс, уураг, холин, инулин, пектин зэрэг олон төрлийн тэжээлийн бодисуудаар баялаг байдаг. Каротиноидын агууламж нь маш өндөр, бүр луувангийнхаас ч өндөр (100 гр-д 14000 ОУН, луувангийнх 11000 ОУН) байдаг. Хүн болон лабораторын амьтдад хийгдсэн судалгаагаар багваахай нь цөсний урсгалыг нэмэгдүүлж, элэг томролт, цөсний сувагны үрэвсэл, гепатит, цөсний чулуу, шарлалтын үед үр дүн сайтай байдаг.
Сүүн зараа өвс (Milk thistle/Silybum Marianum)
Сүүн зараа өвс нь силимаринийг агуулдаг бөгөөд энэ нь элэгний хамгийн нөлөөтэй эм юм. Силимарины элэгний гэмлээс сэргийлдэг нь гэмтэл үүсгэдэг хүчин зүйлүүд болох чөлөөт радикал, лейкотриенүүдийг саатуулдагтай холбоотой. Мөн түүнтэй адил чухал үйлдэл нь уургийн нийлэгжлийг нэмэгдүүлэх бөгөөд үүний үр дүнд гэмтсэн элэгний эсийн оронд шинэ элэгний эсүүд үүсдэг.
Хүнд хийгдсэн судалгаагаар силимарин нь элэгний өвчнүүд, цирроз, архаг гепатит, өөхөн элэг, жирэмслэлтийн үеийн субклиникал холестаз, цөсний хүүдийн үрэвслийн үед үр дүнтэй нь батлагдсан. Силимарины эмчилгээний үр дүн нь микроскоп, эмнэлзүй, лабораторын олон судалгаагаар батлагджээ.
Артичок (Artichoke/Cynara scolymus)
Бөмбөлөг артичок нь элэгний өвчний эмчилгээнд олон жилийн хугацаанд хэрэглэгдэж ирсэн. Сүүлийн үеийн судалгаануудаар ч батлагдаж байгаа. Aртичокын идэвхитэй найрлага нь синарин бөгөөд навчинд нь илүү их хэмжээгээр агуулагдаж байдаг. Силимаринтай адилаар синариний ханд нь элэг хамгаалах, нөхөн төлжүүлэх үйлдэлтэй байдаг.
Мөн элэгнээс ялгарах цөсний ялгарлыг дэмждэг. Элэгнээс цөс ялгарахгүй удах нь элэгний гэмтэл үүсэхэд хүргэдэг тул энэ нь сайн нөлөөтэй. Элэгнээс цөсний үүсэлт, ялгаралтыг сайжруулах нь гепатит болон бусад өвчний үед чухал эмчилгээнүүдийн нэг бөгөөд энэ нь элэгний хавагналтыг багасгадаг.
Чихэр өвс (Glycyrrhiza glabra)
Давхар нууцлалтай (double blind) судалгаагаар чихэр өвс нь вирусын гепатит, ялангуяа элэгний идэвхитэй архаг үрэвслийн эмчилгээнд үр дүнтэй нь батлагдсан. Энэ нь түүний вирусын эсрэг үйлдэлтэй холбоотой байх магадлалтай. Глицирризин агуулсан бэлдмэл (Stronger Neo-minophagen C) нь глициризинийг 0.2%, цистейн 0.1%, глицин 2.0%-ийг физиологийн натрийн хлоридийн уусмалд агуулдаг бөгөөд вирусын гепатитийн эмчилгээнд судсаар хэрэглэдэг.
Интерфероны нийлэгжлийг нэмэгдүүлж, вирусын эсрэг үйлдэл үзүүлдэг. Чихэр өвс нь антиоксидант, үрэвслийг намжаах үйлдэл үзүүлдэг. Хэрэглэгдэх тун нь нунтагласан үндэс 1-10 гр хүртэл хэмжээгээр хэлбэлздэг. Чихэр өвсийг удаан хугацаагаар буюу өндөр тунгаар хэрэглэхэд гаж нөлөө их гардаг тул 22%-ийн глицирризиний агууламжтай нэмэлтийг өдөрт 1 гр-аас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй (Деглицирризинжүүлсэн чихэр өвсийг (DGL) хэрэглэхгүй байх хэрэгтэй). Өндөр тунгаар хэрэглэж байгаа бол 10 өдрөөс хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.