m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.15 10:06
113
"Оргил" рашаан сувилал зардалаа хэтрүүлэн хэрэглэжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Оргил" рашаан сувилалын төрийн өмчийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад түүвэрчилсэн хяналт шалгалт хийжээ.

"Оргил" рашаан сувилалыг 2006 онд төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчилж, дүрмийг баталсан байна. Тус компани нь 2013 онд 9798, 2014 оны эхний хагас жилд нийт 4687 хүнийг эмчлэн сувилжээ. Эрүүл мэндийн даатгалгүй буюу сайн дураараа эмчлүүлж сувилуулсан хүний тоо 2013 онд 503, 2014 оны эхний хагас жилд 232 байна.

"Оргил" рашаан сувилал ТӨХК нь 2013 онд 796.0 сая төгрөгийн эргэлтийн, 4538.3 сая төгрөгийн эргэлтийн бус нийт 5334.3 сая төгрөгийн хөрөнгөтэйгээр, 2014 оны эхний хагас жилд 1257.2 сая төгрөгийн эргэлтийн, 4515.5 сая төгрөгийн эргэлтийн бус нийт 5772.7 сая төгрөгийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулжээ.

"Оргил" рашаан сувилал ТӨХК нь 2013 онд 4099.1 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 3449.2 сая төгрөгийн орлого олж биелэлт 84.1 хувь, 2014 оны эхний хагас жилд 2228.9 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1940.2 сая төгрөгийн орлого оруулж биелэлт 87.0 хувьтай байна. 

2013 онд цалингийн зардлыг 17,228.4 мянган төгрөгөөр, цахилгааны зардлыг 5,729.5 мянган төгрөгөөр, төлбөр хураамжийн зардлыг 4,512.5 мянган төгрөгөөр, эмийн зардлыг 6,524.5 мянган төгрөгөөр, ажилчдын хоолны зардлыг 15,318.0 мянган төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулсан байна. 

2014 онд цалингийн зардлыг 33,052.2 мянган төгрөгөөр, шагнал урамшуулал тэтгэмжийн зардлыг 8,259.2 мянган төгрөгөөр, хөдөлмөр хамгааллын зардлыг 538.6 мянган төгрөгөөр, бичиг хэргийн зардлыг 2,172.5 мянган төгрөгөөр, ном хэвлэлийн зардлыг 708.4 мянган төгрөгөөр, эмийн зардлыг 1,162.9 мянган төгрөгөөр, ажилчдын хоолны зардлыг 1,436.1 мянган төгрөгөөр тус тус хэтрүүлэн зарцуулжээ. 

Цалингийн зардлаас үндсэн цалингийн зардал хэмнэгдэж нэмэгдэл цалингийн зардал хэтэрсэн шалтгаан нь илүү цагийн хөлсийг олгохдоо Хөдөлмөрийн хуулиар тогтоосон хэмжээний дээд хязгаар буюу хоёр дахин нэмж олгодог, ажлын шаардлагаар слесарийн ажлын байрны орон тоог хоёроор нэмэгдүүлэн ажиллуулсантай холбоотой байна. Цалингийн зардал нийт дүнгээр хэтэрсэнтэй уялдан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал хэтэрсэн байна.

Цахилгааны зардал хэтэрсэн нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс цахилгааны үнэ 1 м.кв тутамд 28 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой байна. Эмийн зардал хэтэрсэн нь 2013 оны 6-8 дугаар саруудад эм боох материал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнэ 50-80 хувь огцом өссөнтэй холбоотой байна. Ажилчдын хоолны зардал 15318.0-1436.1 мянган төгрөгөөр хэтэрсэн нь өдөрт дунджаар 120 ажилтныг хооллоход өдөрт 1060 төгрөг зарцуулахад жилд дундажаар 33.0-35.0 сая төгрөг зарцуулах байсаныг төлөвлөхдөө алдаа гаргасантай холбоотой гэнэ. 

“Оргил рашаан сувилал” ТӨХК нь 2013 онд 812.8 сая төгрөгийн, 2014 оны эхний хагас жилд 498.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ.

1/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21.12-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон  төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно” гэж заасныг зөрчин компанийн ТУЗ-ийн гишүүдэд үр дүнгийн урамшуулал болон сургалт, гадаад томилолтын зардлыг олгосон байна.

2/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 7.1-д заасныг хэрэгжүүлж ажиллахгүйгээр зарим худалдан авалтыг шууд гэрээ байгуулж хийсэн байна.

2013 онд Сав хоршооноос 25.3 сая төгрөгийн жимс, хүнсний ногоо, Жикс ХХК-иас 14.1 сая төгрөгийн сүү, иргэн Б.Энэбишээс 180.3 сая төгрөгийн мах, “Маргад марал мичид” ХХК-иас 19.5 сая төгрөгийн хүнсний ногоо, “Үлэмж органик” ХХК-иас 33.1 сая төгрөгийн шингэн сүү, иргэн Ө.Болдбаатараас 57.3 сая төгрөгийн мах, “Мөнгөн гүүр” ХХК-иас 26.6 сая төгрөгийн цагаан хэрэглэл ор дэрний даавуу алчуур, иргэн Г.Энхжаргалаас фитнессийн тоног төхөөрөмжүүд,

2014 оны эхний хагас жилд иргэн Б.Энэбишээс 37.9 сая төгрөгийн мах, “Маргад марал мичид” ХХК-иас 21.9 сая төгрөгийн хүнсний ногоо, “Үлэмж органик” ХХК-иас 24.9 сая төгрөгийн сүү зөөхий, иргэн О.Болдбаатараас 13.9 сая төгрөгийн махыг тус тус худалдан авахдаа тендерийн хууль тогтоомжийг зөрчин харьцуулалтын арга хэрэглэлгүй шууд худалдан авсан байна.

3/ Гэрээ дүгнэсэн актгүйгээр зарим төрлийн зардлуудыг санхүүжүүлсэн зөрчил илэрлээ.

Шалгалтаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хуульд зааснаас гадуур урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардал олгосон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлээгүй, гэрээгүйгээр худалдан авалт хийсэн, ажил гүйцэтгүүлсэн, ажлын тайлан байхгүй байхад зардлыг санхүүжүүлсэн зөрчил илэрлээ.

ТУЗ-ийн гишүүдэд Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгосон урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардлууд болох нийт 20,522.5 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоов.