m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.16 04:59
1017
Х.Оюунбилэг : "Сүүлчийн шөнө" дууг хамаатнуудтайгаа дуулсандаа баяртай байна

Энэ удаагийн "Урлагийн зочин" буландаа МУСТА дуучин Х.Оюунбилэгийг урьж оролцууллаа. Тэрбээр эстрад, жааз хөгжмийн “Цирк” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлж олонд танигдсан бөгөөд хэсэг хугацаанд урлагаас хөндийрч, тайзнаа тэр бүр үзэгдэхээ больсон. Харин саяхан болсон "New star" студийн 10 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт дээр хамгийн гоёмсог, хамгийн сайхан харагдаж байсан бөгөөд түүний чадварлаг дуу хоолой огтхон ч өөрчлөгдөөгүй байгааг үзэгч, сонсогчид үнэлж байсан юм.

-Сайн байна уу. Та бол манай хуучны сайн дуучдын нэг. Саяхан болсон “New star” студийн 10 жилийн ойн тоглолт дээр дуулж байсан. Үзэгчид таны хоолой, дүр төрх яг хэвээрээ сайхан байна гэж  ярих нь их байна лээ.  Цаашид тайзнаа хэр их гарах бол?

-Уг нь би нэлээд эртнээс  уран бүтээлээ хийгээд эхэлсэн.  Ноднин “Харанга” хамтлагийн Одсүрэн ахын уран бүтээлийн тайлан тоглолт дээр бүтэн оркестортой дуулсан минь миний хэсэг завсарласны эцэст хийсэн уран бүтээлийн анхдагч байлаа. Тэрнээс хойш  “Харанга”  хамтлагийн хоёр гурван ч тоглолтонд оролцож, мөн бусад уран  бүтээлчдийн тоглолтонд ая дуугаа өргөсөн. Харин хамгийн сүүлд “New star”-ын 10 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд оролцлоо. Ерөнхийдөө уран бүтээлээ  өөрийнхөө тааваар бага багаар  хийгээд л явж байна даа. Энэ нь бас учиртай юм. Би одоо залуу хүүхдүүд шиг болсон болоогүй юм хийгээд, түүнийгээ их гоё болсон гээд л телевиз радиогоор рекламдаад  явах насны хүн биш.  Уран бүтээлийн чансааг үзэгч, сонсогч түмэн л үнэлдэг.  Ер нь бол уран бүтээлээ орхигдуулахгүй хийгээд явна. Гэхдээ нэг их шургуу түлхүү хийнэ гээд ойр ойрхон шинэ дуу клип хийгээд дуулаад явна гэсэн үг бол бас биш юм. Гол нь би чанартай, дараа нь өөрөө тэр бүтээлээ сонсоод, хараад харамсахгүй, голохгүй байх тийм бүтээл хийнэ. Тэгэхийн тулд бас цаг хугацаа, шаардна. Тийм ч учраас намайг хүмүүс уран бүтээлээ хийхгүй байна гэж харж байгаа байх. Гэхдээ би байнгын дасгал сургуулилт хийдэг учраас миний хоолойн чадал цараа яг хэвээрээ байгаа. Дан ганц хоолой гэлтгүй би урлагийн хүн, уран бүтээлч хүн учраас оюун санаа, мэдлэг боловсролоо хөгжүүлээд явж байгаа.

-Саяхан шинээр гарсан “Сүүлчийн шөнө” уран сайхны киноны дууг дуулсан байна лээ. Үүнээс өмнө киноны дуу дуулж байсан уу?

-Дуулж байсан юм байна. Харангын Манлай ахын зохиосон “Амин хайр” гээд дууг дуулж байсан. Харин ямар киноны дуу гэдгийг нь одоо тулгамдаад санахгүй байна. Мөн 1980-аад онд гарч байсан “Сүүлчийн улирал” телевизийн жүжгийн дууг дуулж байсан.

-“Сүүлчийн шөнө” киноны дууг  өмнө нь таны үеийн мундаг хоёр дуучин дуулж байсан. Та харин энэ дууг яаж дуулсан гэж бодож байна?

-За үнэхээр сайхан асуулт байна гэдгийг энд онцолж хэлье. Миний энэ баярлаад байгаа сэтгэлийг заавал дамжуулж хэлээсэй гэж хүсэж байна. Энэ дууг Харангын Лхагваа, дараа нь Ариунаа маань дуулсан. Гэтэл би энэ дууг дуулсандаа яагаад ингэж их баярлаад олзуурхаад байна гэхээр би өөрөө Харангын Лхагвасүрэнгийн бэр харин дуучин Ариунаа бид хоёр үеэлүүд. Өөрөөр хэлбэл бид гурав маш ойрын хамаатнууд.  Гэтэл бид гурав нэг дууг өөр өөрийнхөөрөө дуулж амьдруулж байгаад би маш их баярлаж байгаа. Лхагваа, Ариука хоёрын минь дуулчихсан дууг дуулах санал надад бас ирж байдаг нь маш сайхан учрал тохиол гэж би билэгшээн бодсон.  Нөгөө талаар тэр хоёр мундаг дуучны өөрсдийнхөөрөө дуулж амьдруулсан дууг би бас өөрийнхөө стиль хэв загвар онцлогоор дуулах ёстой. Мөн энэ удаа дуу маань киноны дуу болж дуулагдаж байгаагаараа бас их онцлогтой юм. Тэгэхээр би энэ дуугаа кинотойгоо уялдуулж, сэтгэлээсээ дуулах ёстой. Кино гурван үеийн хайр сэтгэлийн талаар хөндсөн сэдэвтэй. Харин миний дуулах хэсэг бол 60 гарсан насандаа хорвоогоос явахын өмнөхөн анхны хайртайгаа эргэн уулзаад ямар ч гомдолгүй энэ орчлонгоос буцаж байгаа тэр хайрын талаар дуулдаг хэсэг юм. Тийм учраас би кинондоо орж, хоолойн чадал гэхээсээ сэтгэлийн чадлыг гаргаж дуулахыг зорьсон.

Ярилцсанд баярлалаа.