Ходоодны хүчил
Кальцийн шимэгдэл нь гэдсэнд йонжуулагдахаас эхэлдэг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг кальцийн нэмэлт кальцийн карбонат болон бусад уусдаггүй кальцийн хувьд ходоодны хүчлээр уусгагдаж, ионждог. Тийм ч учраас ихэнх хүмүүст асуудал эндээс эхэлдэг.
Эмэгтэйчүүдэд цэвэршсэний дараах үед хийгдсэн судалгаагаар 40% нь ходоодны хүчлийн хүнд зэргийн дутагдалтай байжээ. Мөн ходоодны хүчил нь хангалтгүй хүмүүс кальцийн карбонатыг нэмэлтээр хэрэглэхэд 4% нь шимэгдэж байхад харин ходоодны хүчил нь хэвийн хүмүүст 22% нь шимэгддэг байна. Ходоодны хүчил багатай хүмүүст амархан уусдаг, иончлогдсон буюу кальцийн цитрат, лактат, глюконат хэлбэрээрээ байгаа кальцийг эсвэл далайн ургамлын кальци (Lithothamnium calcareum) хэрэглэх хэрэгтэй. Ходоодны хүчил багатай хүмүүст кальцийн цитрат хэрэглэхэд шимэгдэл нь 45%-тай байжээ.
Д аминдэм
Д аминдэм нь кальцийн шимэгдлийг идэвхижүүлдэг. Д аминдэм нь хүний биед нийлэгждэг бөгөөд арьсанд 7-дигидрохолестеролоос нарны туяаны нөлөөгөөр үүсдэг. Энэ нь аминдэм гэхээсээ илүү дааврын үйлчлэлтэй байдаг. Нарны туяа нь 7-дегидрохолестеролоос Д3 (холекальциферол) аминдэмийг үүсгэхэд оролцож, энэ нь цааш элэг рүү зөөвөрлөгдөн, 10 дахин хүчтэй үйлчилгээтэй хэлбэрт шилждэг.
Элэг, бөөрний өвчний үед Д витамин идэвхитэй хэлбэрт хувирах үйл явц нь алдагддаг.
Дааврын хүчин зүйлүүд
Цусны кальцийн концентраци маш бага хязгаартайгаар өөрчлөгдөж байдаг. Хэрвээ хэмжээ нь багасаж эхэлбэл бамбайн дэргэдэх булчирхайнаас паратиреод даавар ялгарч, бамбай болон бамбайн дэргэдэх булчирхайнаас кальцитонин ялгарах нь багасдаг. Хэрвээ цусны кальцийн түвшин нэмэгдэж эхэлбэл паратиреод дааврын ялгарал буурч, кальцитонины ялгарал нэмэгддэг. Эдгээр даавар нь яаж үйлчилдгийг мэдэх нь чухал.
Паратиреод даавар нь остеокласт (ясыг задалдаг эсүүд)-ийн идэвхийг нэмэгдүүлэх замаар сийвэнгийн кальцийн түвшинг ихэсгэж, бөөрнөөс ялгарах кальцийн хэмжээг бууруулж, гэдэснээс кальци шимэгдэхийг нэмэгдүүлдэг. Бөөрөнд паратиреод даавар нь 25-ОНД3-ийг 1,25-(ОН)2Д3-д хувиргах үйл явцыг идэвхижүүлдэг.
Эстрогений дутагдлын улмаас ясны сийрэгжил үүсдэг гэсэн онол бас байдаг. Эстрогений дутагдал нь остеокласт эсийн паратиреод дааварт мэдрэг байдлыг нэмэгдүүлж, ясны задралыг нэмэгдүүлж, сийвэнгийн кальцийн түвшинг нэмэгдүүлдэг. Энэ нь цаашид паратиреод дааврын ялгарлыг бууруулж, улмаар Д аминдэмийн идэвхитэй хэлбэрийг багасгаж, кальцийн ялгарлыг нэмэгдүүлдэг.
Кальцитонин нь остеобласт (ясны эдийг бүтээдэг эс)-ийн идэвхийг нэмэгдүүлэх замаар сийвэнгийн кальцийн хэмжээг бууруулдаг. Кальцитонин бага байх нь цэвэршилтийн дараах үедээ буй эмэгтэйчүүдэд их түгээмэл тохиолддог бөгөөд энэ төрлийн сийрэгжилд гол үүрэгтэй байх магадлалтай. Кальцитонин (салмон загаснаас гаргаж авсан) клиникийн судалгаануудаар остеопорозийг эмчлэхэд их найдвар төрүүлж байгаа. Сийвэнгийн кальцийн хэмжээг нэмэгдэхэд кальцитонины ялгарал нэмэгддэг тул кальцийн нэмэлтийн үйлдлийн нэг механизм болно.