m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.07 06:59
154
Реппер Gee: Би хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдлэж яваа ганцхан сэтгүүлч

 

Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй ирлэрхийлдэгМонгол реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Монгол Реппер таны багын мөрөөдөл байсан уу?

-Үгүй ээ. Би сэтгүүлч болно гэж боддог байсан. Тэр ч утгаараа 2001 онд Радио телевизийн дээд сургуулийн сэтгүүл зүйн ангид элсэж ороод 2005 төгссөн. Одоо сэтгүүлч мэргэжилтэй.1_5

-Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?

-Миний өвөө сэтгүүлч хүн байсан. Би өвөөдөө их хайртай байсан болохоор өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж авсан даа.

-Тэгээд яагаад мэргэжлээрээ ажилладаггүй юм бэ?

-Би мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-Хаана?

-Хип хоп- д. Сэтгүүлчийнхээ өнцгөөс харсан үг, үзэл бодлоо хип хоп дуунд шингээж бичдэг. Хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдлээд явж байна даа.

-Таныг хөөрхөн охинтой гэж сонссон. Гэр бүлийнхээ талаар товчхон танилцуулахгүй юу?

-Миний эхнэр “Хараат бус судалгааны хүрээлэн”- д ажилладаг. Эгэл жирийн даруухан бүсгүй бий. Миний охин одоо гурван настай.

-Та хэр олон шивээстэй вэ. Ямар утга санааг илэрхийлдэг вэ?

-Миний биеийн 25- 30 хувьд шивээс байгаа. Миний дуртай сонирхдог зүйлсийн нэг юм даа. Ер нь бол хатгуулах дуртай. Өөрийнхөө дотоод үзэл санаагаа гадна арьсан дээрээ шивж буулгана гэдэг одоо цагт урлаг болоод байна шүү дээ. Дээр үед муу хүмүүс л шивээс хийлгэдэг гэдэг байсан. Одоо ч зарим хүмүүс тэгж боддог байх. Би бол сайн хүн. Гэхдээ би шивээстэй хүн.

-Тэгэхээр та шивээсийг байх ёстой зөв зүйл гэж боддог гэсэн үг үү?

- Байх ёстой газраа илэрхийлэх ёстой зүйлээ илэрхийлж чадвал байх л зүйл.

-Одоо үед залуучууд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ихэнхи нь шивээс хийлгэдэг болсон. Эцэг эхчүүд нь дэмжихгүй уурлах тохиолдол их байдаг. Магадгүй таны охин “Ааваа би шивээс хийлгэмээр байна” гэвэл та яаж хүлээж авах вэ?

-Надад хэлэх үг байхгүй шүү дээ. Тэр хүний амьдрал учраас өөрөө л сонголтоо хийх ёстой. Хэрвээ хийлгэмээр байна гэх юм бол Зөгий дээр очиж хатгуулаарай л гэж хэлнэ дээ. (Инээв)

-Таны бүх шивээсийг Зөгий хийдэг үү?

-Бүгдийг нь биш ээ. Янз бүрийн хүмүүс хийсэн. Або гээд залуугийн хийсэн шивээс байгаа. Бас Шведэд амьдардаг Аргаа гэдэг ахын хийсэн шивээс миний зүүн мөрөн дээр байдаг. Гэхдээ ихэнх нь Зөгийгөөр хийлгэсэн шивээс. Хамгийн гол нь шивээс болгонд минь миний үзэл бодол шингэсэн байдаг. Нэг үгээр хэлбэл өөрийнхөө түүхийг өөрийн арьсан дээрээ хэзээ ч арилашгүйгээр буулгаж байна гэсэн үг.

13_3

-Дахиад шивээс хийлгэх үү?

- Мэдээж хийлгэнэ. Гэхдээ шивээс хийлгэлгүй нилээн удаж байна.

-Та хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн. Хамгийн сүүлд “Микроны босс” кинонд тоглосон байх аа?

-Анх “Долоон сарын 1” гэдэг кинонд тоглосон. Үндэсний телевизийн 50 ангитай "Нарны жим" сериалд тоглосон. Ирэх тавдугаар сараас гарч эхлэнэ. “Микроны босс” киноны хувьд би Төгсөө гэдэг залуугийн дүрд тоглосон. Гэхдээ кинон дээр намайг Төгсөө гэдэг нэрээр огт дууддаггүй. Халзан гэж дуудсаар байгаад дуусдаг. Дүрийн хувьд миний зан чанартай их ойрхон дүр байсан учраас тоглоход илүү амар байсан.

-Нэг үе та Н.Цэцэнбилэгтэй нилээн зөрчилтэй байсан. Одоо ямархуу харилцаатай байдаг вэ?

-Огт харилцдаггүй шүү дээ. Харилцах ч шаардлага байхгүй. Тэр хүн хийдгээ хийгээд явж байна л биз. Би хийдгээ хийгээд л явж байна. Тэр хүн хэлэх зүйлээ хэлсэн би хариуд нь хэлэх гэснээ хэлсэн. Тухайн үедээ л болоод өнгөрсөн зүйл юм даа.

-Та “Опозит”- ыг ямархуу хамтлаг гэж боддог вэ?

-“Опозит” бол маш сайн хамтлаг. Авьяастай чадварлаг залуус. Яагаад хоорондоо маргалдаж хамтлаг нь тарсныг би сайн ойлгодоггүй юм.

- Таны бодлоор аль нь илүү вэ. Гантулга уу. Энэрэл үү?

-Хамтдаа байсан нь илүү. Алунгуа эхийн багцалсан таван сум гэж байдаг шүү дээ. Яг л тэрэнтэй адил нэг нэг сумыг бол хэн ч хугалаж чадна. Тиймээс хамтдаа байсан нь л илүү гэж боддог.

249709_213492448674010_1027033_n

-Таны талаар үнэн, худал янз бүрийн мэдээлэл байнга гарч байдаг. Та яаж хүлээж авдаг вэ?

-Би нийгмийн амьдрал олон нийттэйгээ илүү ойрхон байдаг хүн. Намайг сонсдог ч бай сонсдоггүй ч бай бүх хүн намайг мэддэг. Би захаас хүнсээ цуглуулдаг, банкинд дугаарладаг, бусадтай л адилхан гудамжаар алхаад явж л байдаг. Тиймээс олон нийт миний талаар дэндүү сайн мэдэж байхад мянган удаа худлаа бичээд ч амжилтыг олохгүй шүү дээ. Тиймээс би нэг их ач холбогдол өгдөггүй.

-Таныг Т.Мөнх-Эрдэнэ гэж дууддаг хүн хэр олон байгаа вэ?

-Бараг л байхгүй дээ. Намайг таньдаг хүмүүсийн 100- ны 99 хувь нь Gee гэж дууддаг. Манай найзуудын надад өгсөн хоч. “Гайхалтай” гэсэн утгатай Америк авиа юм шиг байна лээ.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Саяхан “Geeometry” гэдэг шинэ цомгоо гаргасан. Цомогт маань хангалттай олон шинэ дуу багтсан учраас одоохондоо шинэ дуу хийхгүй. Цомогт орсон дуунуудаа дүрсжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ тархи, толгой зүгээр байлгахгүй янз бүрийн шинэ санаа орж ирээд зовоогоод байна. /Инээв/

-Ингэхэд хип хопчдыг хэн дэмждэг юм бэ? Төрөөс ямар нэгэн дэмжлэг авч байсан уу?

-Би лав төрөөс дэмжлэг авч үзээгүй. Авах ч үгүй гэж боддог. Яагаад гэхээр төрийн ямар нэг дэмжлэг ороод ирэхээрээ л хэн нэгний хараат болчихдог. Монголын гоё гоё шагналууд ямар ч үнэ цэнэгүй зүгээр л нэг сонгуулийн цалин болчихсон. Уг нь урлаг өөрөө бие даасан салбар болоод явчихвал хамаагүй илүү дээ. Харин төрөөс оюуны өмчийг нь хамгаалах тал дээр нь ажиллаад өгвөл болоо. Тэрнээс биш төр дэмжих хэрэгтэй гээд төр надад хэдэн төгрөг өгөөд миний хайран цамцыг цоолж тэмдэг зүүж өгөөд намайг худлаа хөөргөөд цаасан малгай өмсгөөд байх ямар ч шаардлага байхгүй. Ер нь төр оролцсон урлагийн салбарыг гаднаас нь харахаар ялзарчихсан харагддаг. Харин хип хопыг харахаар төрийн оролцоо бараг байхгүй маш цэвэрхэн. Хоорондын өрсөлдөөн нь ч цэвэрхэн. Бид төрийн оролцоогүйгээр өөрсдийнхөө хүчээр Ази, дэлхийн фестиваль явдаг цаг тун удахгүй ирнэ. Тийм болохоор төр битгий оролцоосой гэж би залбирч байгаа.

10157371_715780765111840_413817737_n

-Монголын хип хопчдоос хэн нэгнийг өөрийнхөө өрсөлдөгч гэж хардаг уу?

-Хэн нэгнийг миний өрсөлдөгч гэж харж байгаагүй. Миний өрсөлдөгч бол миний сонсогчид. Миний дууг сонсох дуртай залуусыг өөрийнхөө дуугаар цэнэглэх үүрэгтэй. Тэр хүмүүс миний дууг сонсоод нэг ч гэсэн зүйлийг ойлгож ухаарч байвал би баярлана. Хэрэгтэй үгийг нь хэлэх гэдгээс биш хит дуу хийх гэдэг хүн би биш шүү дээ. Харин хүнд хэрэгтэй зүйлийг нь өгөх гэж чадвал толгойнд нь хоол бэлдэж өгөхийг би хүсдэг.

-Таны дуунд хэтэрхий их хараалын үг орсон гээд зарим эцэг эхчүүд дургүй байдаг. Энэ талаар?

-Би хараалын үг хэрэглэж дуулдаг нь үнэн. Хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг. Зарим нь ална, тална гэж дууллаа. Хүүхдэд харгис, хатуу зан чанар заалаа гэдэг. Яг сонсоод үзэхээр миний дуунуудад тийм үг байдаггүй. Хүмүүс аливаа зүйлийг маш өнгөц дүгнэдэг. Миний гарт арван хуруу байгаа. Миний арван хурууны есөн хуруу нь цэв цэвэрхэн. Нэг хурууныхан хумсны толионы талхан хэсэгт нь жижигхэн шороо орчихсон. Тэрийг хараад хүмүүс энэ халтар гартай гэж дүгнэдэг. Энэ бол хэтэрхий өнгөц ойлголт. Яг тэрэнтэй адилхан хүүхдүүд нь миний дууг сонсоод ойлгож байхад эцэг эхчүүд нь яагаад ойлгохгүй юм бэ. Миний дуунд хараалын үг ордог гэдгийг хүүхдүүд бүгд мэднэ. Тэгсэн хэрнээ яагаад сонсоод байдаг юм бэ. Хараалын үгийг сонсох дуртай болохоороо юу. Үгүй л байхгүй юу. Миний дууны утга санааг ойлгосон учраас тэд сонсох дуртай байдаг. Тиймээс Gee хүүхдүүдэд хараал заагаад байна гэж ойлгож болохгүй. Бүх хүмүүс хараалыг үгийг өдөр тутам хэрэглэдэг. Би ганцаараа хэлээд байгаа юм биш шүү дээ.

- "Urban jeans"- тэй хамтран “Geens” брендээ гаргаж байгаа гэсэн. Брендийнхээ талаар?

-Би үндэсний үйлдвэрлэлээ маш их дэмждэг. Мөн үйлдвэрлэсэн хувцсыг нь авч өмсөхийг хичээдэг. Гэвч яг миний стильд тохирох хип хоп хувцас олддоггүй байсан. Тиймээс “Urban jeans”- тэй хамтран хип хоп хувцасны “Geens” брендээ гаргасан. “Geens” брэндийн шинэ загварууд саяхан худалдаанд гарсан. Дараа долоо хоногоос эмэгтэй загварууд худалдаанд гарна. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Зарим нь Gee реппер байхаа болиод хувцас зардаг наймаачин болжээ гэж байна гэсэн. Тэр хүмүүст хандаж хэлэхэд намайг дуртайгаа дууд. Би бүгдийг хийнэ. Шаардлагатай бол би грушиг, цэвэрлэгч бүгдийг нь хийнэ. Би амьдрал гэх энэ том далайд амьд гарах гээд сэлж байгаа загасны нэг. Сэлэхгүй зогсчихвол би живнэ. Тиймээс байж болох бүх сэлэлтээр сэлнэ. Хэн намайг юу гэж хэлэх нь ямар ч хамаагүй. 

-Аливаа шинэ ажил эхлэхэд янз бүрийн хүндрэл бэрхшээл тулгардаг. Таны хувьд?

-Мэдээж хүндрэлтэй зүйл байлгүй л яахав.Гэхдээ би шантрахгүй. Бэрхшээл гэдэг бол миний хувьд бензин. Баахан бэрхшээл гэдэг банк дүүрэн бензин л гэсэн үг. Тиймээс би банк дүүрэн бензинээ шатаагаад хэр хол явахаа л үзнэ дээ. 

1975080_716768585013058_2043070178_n

-Таны хувцасны шүүгээнд албаны хувцас байдаг уу?

-Ёстой байхгүй дээ. Хаяа албаны хувцас өмсөх шаардлага гарахаар ахынхаа хувцсыг гуйгаад өмчихдөг. Ер нь жилд ганц хоёр удаа л албаны хувцас өмсөх шаардлага гардаг. 

 Т.Болормаа