NBA-гийн плей-оффын тулаанууд сенсаци дүүрэн явагдаж байна. Өөрийнхөө талбайд хоёр дараалан хожигдож хөгжөөн дэмжигчдээ шоконд оруулсан "Бухнууд" энэ өдөр сайн тоглож 100:97 харьцаагаар анхны хожлоо байгуулав. Улирлын шилдэг хамгаалан тоглогч шагнал гардсан Жоаким Ноа "сахил хүртээд шал дордов" гэдэг шиг өмнөх тоглолтуудад муу байсан бол энэ өдөр хамгаалан тоглогчийн үүргээ сайн биелүүллээ. Гэхдээ тэрээр оноо авалт муу байсан ба найман оноогоор багтаа тусалжээ. "Бухнууд"-ын таван тоглогч гэмтэлтэй байгаа нь тэдэнд тун муугаар нөлөөлж байгаа бөгөөд дасгалжуулагч нь найман тоглогчоор хүнд тулаан хийж байна. Майк Данлави энэ өдөр шилдэг нь байж 35 оноо авчээ. Цаг дуусахад нэг минут дутуу байхад "Буллз" хоёр оноо дутуу байсан ба торгуулийн шидэлтээр тэнцүүлэн сүүлийн нэг минутанд илүү азтай байж багтаа амьдрал бэлэглэлээ. Нийслэлийн багийн лидер залуус Б.Беал 25 оноо, Ж.Уалл 23 оноо авсан юм. Мөн багийн тоглогч Т.Ариза, М.Гортат нар дабль хийсэн боловч гэртээ ялалт байгуулахад аз дутлаа. Энэ багийн шилдэг тоглогч Нене шийдвэрлэх дөрөвдүгээр үед Ж.Батлертай маргаан үүсгэсэн бөгөөд Ж.Ноа амжиж салгаагүй бол зодоон болохоор байлаа. Тэрээр техникийн алдаагаар торгуулсанаар бага хүнд байдалд оруулсан юм. Вашингтон Визардс энэ өдөр ялалт байгуулсан бол тэдэнд дараагийн шатанд шалгарах сайхан боломж гарах байсан юм. Дорнод бүсийн тэргүүн баг Индиана цувралд хожигдож байгаа энэ үед Вашингтон энэ боломжоо ашигласан бол бүсийн аваргын төлөө тоглох ч бололцоо байсан билээ. Энэ хоёр багийн дараагийн тоглолт Вашингтонд явагдана.